УЛС ТӨРЯрилцлага

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газар гэнэт сэрсэн юм шиг аашилж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй төсвийн тодотгол, хэмнэлттэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

-ТАЛБАЙН ЖАГСААЛ АСУУДЛЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД АВЧ ҮЗЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙД ХҮРГЭЛЭЭ-

-Эдийн засаг нэлээд хүндэрлээ. Хэдэн өдөр залуучууд талбай дүүрэн жагссаны үр дүнд Засгийн газар шийдвэрүүд гаргаж, ажиллаж эхэлж байна. Та энэ нийгмийн уур амьсгал, жагсаал цуглааныг хэрхэн дүгнэв?

-Үнийн өсөлийн асуудал жагсах шалтгаан болсон байх. 30 жилийн хугацаанд нийгмийн болохгүй байгаа зүйлүүдийг засъя гэсэн нийгмийн хүсэлтийг залуучууд гаргаж ирлээ. Ерөнхий сайд гарч уулзлаа. Өөрөө бас жагсаал цуглаан хийж байсан хүний хувьд шинэлэг байдлаар ажиллах гээд л үзээд байгаа. Тэр утгаараа нэлээдгүй зүйл шинэчилье, өөрчилнө гээд явж байна. МАН-ын 30-р их хурал болсон. Энэ хурлаар зөвхөн намын үйл ажиллагаа биш улс орны хэмжээний асуудал ярьсан. Сонгууль болгоноор чөтгөртэй нийлсэн ч хамаагүй ялахын төлөө л явж байдаг. Ялж л байвал болно гэсэн хандлагатай байсан. Гэтэл нэн тэргүүнд намын бодлого гэдэг бол улсыг яаж жолоодох, хөгжүүлэх, эдийн засгаа яаж явуулах вэ гэдэг асуудал болсон. Дараагийн асуудал бол ялалт. Тиймээс намын шинэлэлийн бодлого тийшээ хандсан.

-Ерөнхий сайд хэлэхдээ эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт хоёр хөршийн нөхцөл байдлаас боллоо гээд байгаа. Үнэхээр хоёр хөршөөс болоод байгаа юм уу эрх баригч намын бодлого буруу байна уу?

-Ярьвал нэлээд холоос шалтаг хайх хэрэгтэй. МАН, АН ээлжлээд энэ улс орныг удирдсан.  МАН давуу байдалтай байсан л байх. Өнөөдрийн нөхцөл байдалд зах зээлтэй холбоотой, либералчилсан нийгмийн хүрээнд зайлшгүй өөрөөр ажиллах шаардлага байна. Өмнө нь болж бүтээд байна гээд явдаг байсан бол одоо нийгмийг шал өөр өнцгөөс хардаг залуучууд орж ирж байна. Нийгэм өөрчлөгдөж байна. Мөн ковидтой холбоотой хил хаалттай байлаа. Арай гайгүй болтол урд хөршид ковидын хатуу бодлого үргэлжилсээр байна. Өөрсдийн улс төрийн нөхцөл байдал, коммунисмт намын хурал хүртлээ дотооддоо хяналттай байя гэж бодоод байх шиг байна. Мөн хойд хөршид дайн болж байна. ОХУ-д Европоос үзүүлж байгаа шахалт, хоригууд нийт дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. Энэ нь манай улсад асар хүндээр тусахаар байна. Тиймээс импорт үндсэндээ хаагдаад байна. Аргагүйдээд мах, гурил, хамгийн гол нь шатахууны үнийг барих арга хэмжээ авна гэж байна. Талбайд болсон жагсаал асуудлыг өргөн хүрээнд авч үзэхээс өөр аргагүйд хүргэлээ.

-Даваа гарагт МАН-ын бүлэг хуралдсан. Ингэхдээ дотооддоо нэгнийгээ шүүмжилж, УИХ-ын даргыг ард иргэд хэмнэмээр байна гэж буруу зөрүү зүйл ярьсанаас болж нийгэмд бухимдал үүслээ гэж зэмлэсэн гэх мэдээлэл байна. Ер нь эрх баригчид, намын бүлэг дотроо эв нэгдэл хэр байгаа вэ. Эрх баригчид эв нэгдэлтэй, нэг зүг харж байж энэ эдийн засгийн хүнд байдлаас гарна биз дээ. Та намын бүлэгтэйгээ ямар харилцаатай ажиллаж байгаа вэ?

-Нөхцөл байдлаа нээлттэй ярилцъя гэсэн юм. Түүнээс биш хагаралдаад байгаа зүйл гайгүй. Гал унтраах байдалтай хэдий хүртэл явах вэ гэсэн. Миний хувьд бухимдалтай хандаж байгаа. 2016 онд УИХ-д анх орж ирсэн. Нэг талаасаа намын мөрийн хөтөлбөрт орж ирсэн. Нөгөө талаас би Булган аймгаас сонгогдож байгаагийн хувьд юу хийх вэ. Ер нь юу хийж байж улс орон хөгжих юм бэ гэдэг асуудал ярьж байсан. Ажлын байр нэмэгдүүлье, ЖДҮ хөгжүүлье гээд иргэдээ дэмжих ёстой гэж маш их ярьсан. “Шинэ хөдөө” төслөө яриад тав, зургаан жил болж байна. Хөдөөг хөгжүүлье гээд байгаа юм биш. ЖДҮ-ийг хөгжүүлье, хүн юу хийж чадах юм, түүнийг нь дэмжье. Дэмжлэг үзүүлье. Хадлан тэжээл авахад нь юу дутагдаад байна. Жимс жимсгэнэ ч юм уу өөр ямар нэг аж ахуй эрхлэхэд нь юу дутаад байна вэ гэх мэтээр дэмжиж, иргэдээ чадавхижуулж байж ажилтай, орлоготой болж, улс орон хөгжих гээд байна. Дандаа сургууль, цэцэрлэгт, зам харгуйдаа төсөв тавиад байгаагаас биш аж ахуй нэгжүүдээ дэмжих боломж бодлогоо хаячихсан. Яг ийм хүнд нөхцөлтэй болоод ирэх үед гэнэт мах, гурилыг нь хангая гээд эргээд харж байна. ОХУ хоригт ороод арваад жил болж байна. Дайнтай холбоотой хоригоос гадна Европ, Америкаас гаргаж байсан хоригууд зөндөө. Оросууд юу хийсэн бэ гэхээр дотоодын үйлдвэрлэлээ босгож ирж чадсан. Миний хүсээд байгаа зүйл бол дотоодын үйлдвэр, аж ахуй нэгжээ дэмжих. Гэтэл Засгийн газар олигтой дэмжихгүй байж байгаад болохоо байнгуут “хүүе яах билээ, юу билээ” гээд гэв гэнэт сэрсэн юм шиг асуудлуудаа яриад байна. МАН-ын бүлгийн хурал дээр би энэ асуудлаа л ярилаа. Олон  гишүүд хэлсэн. Зөвхөн гал унтраах байдлаар асуудлыг ярьмааргүй байна. Энэ боломжоо ашиглаад сууриар нь хөдөлгөх ёстой.

-СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ ЯРЬЖ БАЙНА-

-Аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд олон жил ярьж байна. Тантай адил санаа бодолтой гишүүд хэр олон байгаа вэ. 2022 оны төсөвт аж үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд хэдий хэмжээний төсөв тавьсан бэ. Хийж байгаа ажил байна уу?

-2022 оны улсыт төсөв зөндөө л шүүмжлэл гарсан. Хөшөө, бурхантай холбоотой асуудал гэх мэт. Бодит хөрөнгө оруулалтуудыг оруулж, тэвчих зүйлсээ тэвчье гэж ярьж байгаа. Ерөнхийдөө сүүлийн зургаан жил үйлдвэржилт ярьж байна. Шинэ сэргэлтийн бодлого дотор аж үйлдвэржилтийн бодлого сая л орж ирсэн. Та бүхэн сурвалжилга авах гээд орж байгаа гишүүдийн өрөө бүрт чихэр байгаа. Тэр чихэр дандаа гадаад чихэр байна. Тэгэхээр үйлдвэрлэл бий болгож байж  л хөгжинө. Японы будаа яръя. Дотооддоо маш үнэтэй будаа тарьж хэрэглэдэг. Яагаад Хятадаас хямд будаа авахгүй байгаа юм бэ гэхээр энэ будааг тарих гэж тариаланчид ажиллаж, орлого олдог. Тиймээс энэ будаагаа авч, үйлдвэрлэлээ дэмждэг гэж байгаа юм. Түүнтэй адил импортоо тэвчиж, экспортоо дэмжих ёстой. Манайх сүүнийхээ 50 хүрэхгүй хувийг дотроосоо хангаж байна. Гэтэл далаад сая малтай гэж байгаа. Тэгчихээд гаднаас авч байгаа гэдэг бол утгагүй асуудал. Корона дөнгөж эхлэхэд өндөг, нарийн ногоо тасарсан. Тэгэхээр нарийн ногоог хэн тарьж болох, хэдий хэмжээний хүлэмж байвал болох вэ гээд тендер зарлаж байгаад , аж ахуй нэгжүүдээ дэмжээд явчих ёстой. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэвэл хөрөнгө мөнгийг нь шийдээд явах ёстой шүү дээ. Зам, соёлын төв барина гээд байгаа хөрөнгөө тийшээ өгөх, үйлдвэрлэгчдээ дэмжих л ёстой юм.

-Импортын татвар нь бага учраас гаднаас хямд бараа орж ирээд, үндэсний үйлдвэр хөгжихгүй байна шүү дээ?

-Зохицуулалт хийх хэрэгтэй. Манайхан импортын татвар нэмэх гэхээр олон улсын худалдааны байгууллагад нэгдэж орсон учраас болохгүй гээд байдаг. Өнөөдрийг хүртэл импортын татвар нэмэгдүүлчихээд гадаадаас хясаж ,шахсан дарамт үзүүлээд торгосон зүйл өнөөдрийг хүртэл гараагүй. ГХЯ-нд Худалдааны асуудал байдаг. Гэтэл олон улсын гэрээ конвенцид нэгдсэн гэж л ярьдагаас биш нэг ч алхам хийж үзээгүй. Эцсийн эцэст талбай дээр гарч жагссан залуучуудыг хараад байхад УИХ-ын ажлыг шахах ёстой гээд байх юм. Гүйцэтгэх засаглал бүгдийг нь хийж, зохицуулах ёстой. Шаардлагатай бол УИХ хууль баталж өгнө. Өнөөдөр дотоодын хэрэгцээгээ сүүгээр 100 хувь хангах боломж бололцоо байгаа шүү дээ. УИХ хууль гаргах ёстой юм уу. Засгийн газар  л ажиллах ёстой шүү дээ.

-Үнэ тогтворжуулах хууль ер нь шаардлагатай юу. Шатахуун импортлогч, мах, сүүний том компаниудыг зүгээр л төсвийн мөнгөөр угжих зүйл заалт бүхий хуулийн төсөл байна билээ?

-Яг өнөөдрийн нөхцөл байдалд хийх шаардлагатай байх. Шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс үнийг барихад судалгаа хий хэрэгтэй. Тэгээд шаардлагатай хөрөнгөө гаргах ёстой. Энэ жилдээ яах аргагүй энэ хуулийг хийх нь зүйтэй байх. Гэхдээ мах, гурилтай холбоотой асуудлаа хаврын мах бэлтгэлээсээ эхэлж намар гэхэд асуудал үүсгэхгүйгээр бэлдэх ёстой. Хаврын тариалалтаараа мөн  л бэлдэж эхлэх ёстой. Тэгэхгүй бол дараа намар дахиад мах, гурилны асуудал яриад байж болохгүй. Хүнсний ногооны тариалалтаа бас анхаармаар байна.

-ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ГАДНЫ НЭГ Ч БАНК ОРУУЛЖ ИРСЭНГҮЙ, КАЗИНОГИЙН АСУУДЛААР НЭГ Ч АЛХАМ ХИЙСЭНГҮЙ-

-Чөлөөт бүсийн асуудлыг та дэмжээд байдаг харагддаг. Ажилладаггүй хэд хэдэн чөлөөт бүстэй. Одоо дахиад чөлөөт бүс байгуулахад хөгжих үү. Казино, морин тойруулгын газар байгуулж байж хөгжих юм уу?

-Чөлөөт бүстэй холбоотой алдсан зүйлс их бий. Шинэ нисэх буудал барилаа. Тэр буудлаа түшиглээд, тийшээ тавьсан зам харгуйгаа бодсон ч тэр тэнд дэд бүтэц бий болгох шаардлага үүссэн. Өмнөх алдаагаа давтахгүйгээр ажиллах ёстой. Гэхдээ төрөөс хөрөнгө оруулалтууд хийнэ гэхээсээ илүү аж ахуй нэгжүүдээ идэвхижүүлээд, хөрөнгө оруулалт оруулах боломж бололцоог нь үүсгэж байж хөгжих юм билээ. Цахилгаан, дулааны асуудлыг нь төрөөс хийх шаардлагатай байх. Харин дотор нь өрнөх бүтээн байгуулалтад хүссэн хүсээгүй гадны хөрөнгө оруулалт шаардлагатай. Казиногийн хууль өргөн бариад нэлээд олон жил боллоо. Яагаад одоо хүртэл шийдэхгүй байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл нэг гадны банк орж ирсэнгүй. Казиногийн асуудлаар нэг алхам хийж үзсэнгүй. Хуулиа өргөн барьчихаад хэдэн гишүүн судлах гээд гадаад явсан байх. Наад талд нь шүүмжлээд байгаа юм.

-Чингэлэг тээврийг эсэргүүцээд жолооч нар жагсаал хийгээд байна. Чингэлэг тээврээ болиул гээд байгаа. Л.Халтар сайдын бизнес гэсэн мэдээллүүд ч байна. Чингэлэг тээврийн талаар  та юу хэлэх вэ?

-Манайхаас өөр задгай тээвэр хийдэг улс одоо байхгүй. Цаашдаа чингэлэг тээвэр рүү, жолоочгүй тээвэр рүү хүссэн хүсээгүй орно. Засгийн газар болон сайд нар аль болох урд хөршийнхөө авч хэрэгжүүлж байгаа хэлэлцээр, стандартад нийцүүлж байж төмөр зам, авто замын асуудлаа ярих ёстой. Л.Халтар сайдыг хардаад байх зүйл байхгүй. Гол нь хэрэгцээгээ хангасан төмөр зам, авто замынхаа бодлогыг хангаад явах нь чухал.

-Зам тээврийн сайд байсан хүний хувьд нэг зүйл асууя. Дарханы зам хэдэн жил боллоо. Ашиглалтад ордоггүй ээ. Сайд нь муу ажиллаад байна уу?

-Эхлээд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Хэтэрхий яарсан талын асуудал байгаа. Сайд нь энэ намар ашиглалтад өгчихнө гээд хэдэн ч удаа амлалт өгчихөв бүү мэд. Тэгээд би газрын дарга руу нь утасдаад асууж байсан. Юу амлаад байгаа юм бэ. Технологийн дагуу явбал намар гэхэд яагаад ч амжихгүй шүү дээ гэхэд “Бид хичээнэ” гэж байсан. Технологийг давж хичээдэг ажил байхгүй шүү дээ. тавьдаг горимтой, технологийн хугацаа байна. Үүнийг нааш нь татаад хурдан хийнэ гэж байхгүй. Эхэндээ горимоо эвдээд амлалтууд өгч байсан. Дараа нь цар тахлаас болоод гаднаас орж ирж байгаа ажилчид нь орж чадаагүй. Тендер зарлахдаа зохион байгуулалтын хүрээнд монгол компаниудаа яагаад оруулаагүй юм бэ гэдгийг тухайн үед би асууж байсан. Яагаад нэгдэж нийлээд тендерт орчихож болоогүй юм бэ. Гэтэл дандаа хятад компаниуд орсон. Хятадаас 100 гаруй ажилтан оруулах гэж байтал сошиалаар хил хаалттай байхад хятадууд оруулах гэлээ гэж шүүмжлүүлээд оруулж ирээгүй. Сошиалаар ажлаа хийдэгийн гай. Тэгээд л ажил нь нам зогссон шүү дээ. Сая ярихдаа санхүүжилт нь арагшаа сунаад байгаа ярьж байна билээ. Энэ намар ашиглалтад орчих болов уу гэж бодоод байна. Гэхдээ сунаж магадгүй.

-ТӨРИЙН МАШИНЫ ДУГААРЫГ ӨНГӨӨР ЯЛГАЯ ГЭХЭД ЗАСГИЙН ГАЗРААС ЗӨВШӨӨРӨӨГҮЙ-

-Төсөв хэмнэх гээд дарга нарыг том жийп унахаа боль гэж байна. Суудаг өрөөг нь багасгана гээд байгаа юм. Ингээд төсөв хэмнэх үү. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд, хөрөнгө оруулалтын зардлуудаас дахиад хэмнэж болох ямар зардлууд байна вэ?

-Машиныг бол зөвшөөрөхгүй байгаа. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр санаачлаад ТӨҮГ-уудын баахан машинуудыг хурааж авсан шүү дээ. Буцаагаад зарах гэтэл нэг бүтэн машин үлдээгүй. Аваачаад тушаахдаа тоноод, эвдэрхий болгочихсон байсан. Угаасаа л ийм байсан гээд аваачаад өгөөд байсан. Үр дүн гараагүй. Төрийн албан хаагчид муу, сайн хэлүүлээд хөдөө гадаа явах гээд машины хэрэгцээ байгаа. Ганцхан хувийн ажилдаа хэрэглээд, яам, ордны хооронд унахаа л больчих. Сайд байхдаа би номертой холбоотой асуудлуудыг шийдье гэж байсан. Засгийн газраас виз өгөөгүй л дээ. Улаан, шар, ногоон ч юм уу хамаагүй, төрийн машины номер нэг өнгөтэй болгоё гэсэн. Тэрэлжид явж байвал хүн бүр харна. Голын эрэг дээр зогсож байвал  энд төрийн машин юу хийж явна гээд хяналтад оруулах байсан. Гэтэл тухайн үед тоож үзээгүй. Кабин дээр нь ганц цаас наагаад өнгөрсөн. Цаагуур нь углуургаар нь төрийн машиныг хамаагүй хэрэглэж болохгүй, илүү зардал гаргаж болохгүй гэх ажлыг хийх ёстой.

-Төсвийн тодотголоор төсвийн байгууллагынхны зардлыг дахиад 10 хувиар танах нь?

-Төрийн байгууллагын зардлыг сая таначихсан. Гэтэл дахиад арван хувиар танах гэж байна. Одоо төрийн албан хаагчид ажил хийх цаасгүй болох гэж байна. Гадаад, дотоод явах томилолтын зардлыг аль хэдийн таначихсан шүү дээ. Одоо урсгал зардал дээрээ мөнгө нь хүрэлцээгүй шахам болчих гээд байна. Жишээ нь сумын эмч ерөөсөө айлуудаар явж өвчтөнөө авч, эргэх бензины зардалгүй болчихоод байна.

Дарга нар тансагласан том том байранд суугаад байна. Солонгост маш том компанийн захиралтай уулзах гэтэл жижигхэн өрөөнд хүлээж авсан. Уулзалтын өрөө нь юм болов уу гэтэл энэ миний өрөө гэж байгаа юм. Түүнтэй адил манайд сайд, газрын дарга энэ хэмжээний өрөөнд сууна гээд стандарчилаад өгчихөж болно шүү дээ. Газрын дарга, дэд сайдаас доошоо дарга нар төрийн машин унахгүй гээд стандарт тавьчих л даа. Дэд сайд хэрэгггүй гээд шүүмжилцгээж байна. Яг үнэндээ хэрэгтэй байдаг. Яамны төрийн албан хаагчид их байна гээд байдаг. Зарим газар дутагдалтай байдаг. Жишээ нь Зам тээвэр, барилга хот байгуулалт гээд хоёр яам хамт байж байх үед нийт 98 ажилтантай байдаг байлаа. Гэтэл сүүлд хоёр яам тусдаа салсаны дараа Зам тээврийн яаманд очиход 140 хүнтэй болчихсон байна. Иргэний нисэхтэй холбоотой асуудлыг хоёрхон хүн хариуцдаг байсан бол намайг сайдаар очих үед найман хүн болчихсон байсан. Тэгээд цомхотголын асуудал ярьсан. Сүүлдээ хүнийг ажилгүй болголоо гэж хэлээд зогссон гэх мэт. Томилгооны асуудал ямар байна. Үнэхээр нүдээ олсон томилгоо хийж чадаж байна уу. Очих очих газарт зөв хүмүүс очиж байна уу. 140 хүнтэй яамнаас хэдийг цомхотгох ёстой юм бэ.

-ТАНСАГЛААД БАЙСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ-

-Гишүүний зардлуудаас танах зардал юу байна вэ?

-Гишүүний тойрогт зарцуулах дөрвөн тэрбумаас танах ёстой гээд байна билээ. Гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг өгсөн, ашиглаад байгаа юм байхгүй. Энэ дүн хаанаас гарсан бэ гэхээр хоёр жилийн өмнө хөрөнгө оруулалтуудыг хуваахдаа нэг гишүүнд дөрвөн тэрбум орчимд л хөрөнгө оруулалтаа оруулж, үүндээ багтааж тойрогтоо бүтээн байгуулалт хий гэсэн. Бид өөрсдөө толгойноосоо зохиохгүй. Аймгийнхаа, тойргийнхоо хөрөнгө оруулалтуудыг хардаг. Жишээ нь Булган аймгаас гэхэд жилдээ 40-50 тэрбумын хөрөнгө оруулалтын санал ирдэг. Тэр дотроос харж байгаад нэн тэргүүний хөрөнгө оруулалтаа дөрвөн тэрбум төгрөгтөө багтаадаг. Тэгэхээр тэр мөнгийг хэмнэх боломжгүй юм. За гишүүдийн хууль боловсруулах, хөдөө томилолтоор явах ёстой хэдэн төгрөг байдаг. Үүнээс арваад хувиар бууруулна гэсэн санал орж ирж байх шиг байна билээ. Танавал танана биз. Тансаглаад байсан зүйл байхгүй.

-Булган аймгийн хувьд айрагны өргөө барих гэж байсныг төсвийг нь царцаасан. Яг үүн шиг өөр царцаачихаар, шаардлагагүй төсөл юу байна?

-Булганы хөрөнгө оруулалтын төслүүдээс хоёр зүйл шүүмжлэл дагуулсан. Нэг нь айрагны өргөө. Нөгөөх нь Могод суманд 160 саяар барих халуун усны газар. Айрагны өргөөг барихыг би бас эсэргүүцсэн. Бараг хоёр сургууль барих мөнгө шүү дээ. Гэтэл Булганд хоёр цэцэрлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэр утгаараа айрагны өргөө шүүмжлэлд өртсөн. Нөгөөх нь би өөрөө төсөвт суулгасан. Халуун усны газар. 160 саяыг үнэтэй байна гээд байгаа юм. Суманд байдаг халуун ус муурын байшин шиг жижигхэн газар байдаг. Бид хотод өөрсдөө яадаг билээ. Саунд суугаад байж байдаг. Гэтэл сумандаа яагаад тэр умийсан байшинд, энд ч тэнд ч цуурчихсан, хагарсан газар усанд орох ёстой гэж. Миний барих гээд байгаа тэр халуун ус бол нэг талдаа хөвөнтэй дээлээ угаачихдаг угаалгын газартай. Нөгөө талдаа үсчинтэй болчихъё гэж байгаа юм. Цаашаа ороод эрэгтэй, эмэгтэй душтэй. Ингэж байж соёлжино. Энэ мэт зайлшгүй хөрөнгө оруулалтуудаа үлдээх нь зөв. Соёлын төвөө тэсэж байя. Үнэхээр сургууль, цэцэрлэггүй газруудыг хийхээс өөр гарцгүй. Ганц, хоёр жил тэсэж болох хөрөнгө оруулалтуудаа татчихъя гэсэн л байр суурьтай байна.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Маш зөв. Би Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Төрийн өмчийн хорооны гишүүн гэж явдаг байсан. Дөрөв дэх өдөр бүр хуралд суудаг. Миний ярьдаг байсан зүйл бол төрийн компанийн үе үеийн захирлууд мөнгөнд туйлаад сурчихсан хүмүүс байдаг. Хоёр, гурван жил болоод явдаг. Дараагийн хүн захирал болж ирэхдээ илүү их хангамж өгдөг. Нэгнээсээ давах гэсэн. Энэ нэг нөхрийгөө машинтай болгоё. Тэр хүмүүстээ шинэ жилээр бэлэг өгчихье. Орон сууцжуулах хөтөлбөр гээд зарлачихдаг. Нэг компанийн захирал ажилчиддаа байр өгч байсан бол дараагийн захирал ирээд сайн хүн болох гээд арван хүнд, дараагийнх нь 20 хүнд байр өгдөг. Уг нь тэр ашгийг улсдаа өгч байх ёстой шүү дээ. Компанийнхаа нийгмийн асуудлыг шийдэж байна шүү дээ гэдэг. Сүүлд нь тийшээ ажилд орох гэсэн урсгал бий болно. Тэгээд танихгүй нэгнийг цалинжуулж байхаад хамаатан саднаа цалинжуулъя гэж бодсоноор тэр компани төрөл саднаараа дүүргэж эхэлдэг. Мэргэжилтэй боловсон хүчин сонгон шалгаруулалтаар орох боломжгүй болж эхэлдэг. Тиймээс хувийн хэвшил хийх боломж бололцоотой зүйлд төр компани оруулаад явж байх хэрэггүй. Стратегийн чиглэлтэй салбартаа л төр бодлогоор компани байгуулж байх ёстой. Бусад зүйлээ хувьчил. Би МИАТ-ыг хувьчилъя гээд оруулж ирж байлаа. Зам засварын АЗЗА-нууд байна. Өнөөрийг хүртэл хувьчлаагүй байна. МИАТ-д захирлаасаа өндөр цалин авдаг ажилчид хүртэл байдаг гэсэн. Би өөрөө ТУЗ-ийн дарга байгаад хатуухан ханддаг. Нэлээдгүй эрх мэдлийг нь наашаа цаашаа өгч байсан учраас МИАТ-ыхан надад дургүй байдаг. Үндэсний агаарын тээвэрлэгч ганц компани гэж бөөцийлөх биш бусадтай нь адилхан, эрх тэгш  байлгах ёстой. Өөр төрийн өмчит болон орон нутгийн өмчит маш олон компани байна шүү дээ. Заавал 100 хувь хувьчилна гэхгүй 49, 50, 34 гэх мэтчилэн хувиар хувьчилж болно. Мэдээж хувийн компаниуд ороод ирвэл ашгийн төлөө явж байгаа учраас ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалаад суугаад байхгүй байх.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-13 08:24

Зөв ярьжээ

Зочин
Зочин
2022-04-13 08:24

Заав�##� 100 хувь хувьчилна гэхгүй 49, 50, 34 гэх мэтчилэн хувиар хувьчилж болно. Мэдээж хувийн компаниуд ороод ирвэл ашгийн төлөө явж байгаа учраас ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамга�##�аад суугаад байхгүй байх.

Зочин
Зочин
2022-04-13 08:40

Ugassa untaj bsn shuudee

Зочин
Зочин
2022-04-13 08:41

Unendee l untaa bsn ni unen

Bidon
Bidon
2022-04-13 08:46

Ene l###r mongolchuudiig martamhai gej bodood bgaamuu erguu gishiigee chaagaad duugui gevtej bai

zochin
zochin
2022-04-13 08:47

Ойрын үед 2024 оны сонгуульд дэвшүүлэхгүй гээд хаанаас хэн ч юм бэ хэдэн нэр сошаилаар гарсны нэг аварга л байна даа. Өмнө бас энэ намын Засагт ажиллаж байсан байх шүү. Тэр үед ковид гээгч үгүй үе шүү дээ. УИХ-ын гишүүдэд мөн ч олон эрх бий шүү дээ. Хууль санаачлаад засгаас асуугаад хамтраад явах чинь яасын бол. Нэр дэвшүүлэхгүй гэсэн аваргууд одоо ч энэ Намын дарга Ерөнхий сайд руугаа их дайр�##�т хийнэ дээ. Булганых болоод анхных нь байх шүү. Гэхдээ эд нарт бас муу бүхнийг гүйцэлдүүлэх тактик гэж бий .

Зочин
Зочин
2022-04-13 09:54

АЛСЫН ХАРАА 2024 -Т ӨӨРИЙГӨӨ БАГТААГҮЙ ГЭЖ ОЙЛГООРОЙ.

Зочин
Зочин
2022-04-13 11:05

ИХ Л АЙЖ БАЙХ ШИВ ДЭЭ, ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ЭЭ ГЭЖ

Иргэн
Иргэн
2022-04-13 13:19

Энэ Бат-Эрдэнэ шиг юмнууд сэрээхгүй байх сонирхолтой. Сэрсэн бол сэрсэн юм шиг л байж таарна ш дээ.

Зочин
Зочин
2022-04-13 14:58

Энэ бас л шог гараа

Зочин
Зочин
2022-04-13 20:17

Та нөгөө хүүхэн шуухныхаа асуудлыг шийдээ юу?

MAН гишүүд
MAН гишүүд
2022-04-13 20:58

Taniig demjij bn...yag ZG ogtsorch ta or ajillaval demjine

ZOCHIN
ZOCHIN
2022-04-13 21:09

ENE HUNIIG HARAHAAR L NEG ZALUUGIIN UHEL SANAGDDAGSHUU... HURVUU HUNIIG ......

Зочин
Зочин
2022-04-14 07:52

Манай Булганаас �######�аарай...

Зочин
Зочин
2022-04-14 07:53

Шинэ хөдөө нэрээр Улсын болон орон нутгийн төсвийг их цус�##�сан гардаа

Haramsaltai
Haramsaltai
2022-04-14 11:11

Uuruu ch bas adilhan genet serchihev uu esvel tsochirdov uu Gantsaarchilsan toglolt hiij todrohoor shiidev uu ?! Tiim l ih sanaa zovj bsiim bol umnu n yrij helj bhgui de , surug
huchin shig l garch irj bn da !!!

Холбоотой мэдээ

Back to top button