
УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд батлагдаад, хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон шалгаруулдаг болж байгаа юм.
Учир нь үндэсний зөвлөлийн гишүүдийг илүү хариуцлагажуулах, НДС, ЭМДС-гийн хөрөнгө мөнгөний зарцуулалт, зориулалт яг хууль ёсны дагуу зарцуулагддаг байхад энэ зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлага маш их байдаг билээ. Өөрөөр хэлбэл, та, бидний төлсөн НДШ, ЭМДШ-ийг захиран зарцуулалтад хяналт тавьж байх ёстой, манаачийн үүрэг гүйцэтгэгч гэж хэлж болно.
Өнөөдрийг хүртэл эл үндэсний зөвлөлийг хариуцаж ирсэн хүмүүсийн хариуцлагагүй ажиллагаанаас болж ЭМДС, НДС алдагдалтай болчихсон, энэ байдал цаашид үргэлжилвэл хүнд байдалд орох, цаашлаад улсын төсвийг ч хүнд байдалд оруулах нөхцөл бүрдээд буй юм.
Тэгвэл өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн нээлттэй сонсгол зохион байгууллаа. Энэ санг хамгаалахын тулд ажил олгогч, даатгуулагч, үйлдвэрчний эвлэлээс төлөөллийг нь бүрдүүлдэг юм. Эл зөвлөлд хэн хэн нэр дэвшсэн, тэдний хэн нь хэн бэ.
-Х.БУЯНЖАРГАЛ КАПИТРОН БАНКАНД АЛДСАН УЛСЫН МӨНГИЙГ ОЛЖ ИРНЭ-
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Хуяг овогтой Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг нэгэн. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийх бүрт гарч ирж, байр сууриа илэрхийлдэг танил болсон дүр. Тэрбээр хэрвээ энэ зөвлөлийн гишүүн болвол Нийгмийн даатгалын сангийн “Капитрон” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвхи зүтгэл, санал санаачлага гарган ажиллана хэмээсэн юм.
-УБТЗ ХХН-ИЙН "ЭРЛЭГИЙН ЭЛЧ" Б.БАЯРАА ХУВИЙН БОЛОН ОЛОН ТУЛГУУРТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ СУДАЛНА-
Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Бархас овогтой Баяраа нь Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа хүн.
Тэрбээр саяхан УБТЗ ХХН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг вагоны оочер дайруулж авлига авсан байж болзошгүй гэж мэдээлэл хийж байсан. Эл мэдээллийн дагуу Ж.Пунцагийг АТГ-аас саатуулсан шалгасан бөгөөд Ж.Пунцаг аргагүй байдалд орж, албан тушаалаа өгсөн билээ. Тэрбээр энэ мэт УБТЗ-д бугшсан болж бүтэхгүй зүйлсийн талаар гарч ирж, нийгэмд дуу хоолойгоо илэрхийлдэг, тэмцэгч хүн юм.
Тэрбээр хэрвээ эл албанд томилогдвол нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зэргээр ажиллана хэмээсэн юм.
-Р.САНСАРМАА НДШ-ИЙГ БУУРУУЛАХ, ДӨНГӨЖ АЖИЛД ОРСОН ЗАЛУУСЫН НДШ-ИЙГ ЭХНИЙ ТАВАН ЖИЛ ТЭГЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАНА-
Монголын ажил олгогч эздийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Рэнцэндорж овогтой Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа хүн.
Хэрвээ томилогдвол сүүлийн долоон жилээр тэтгэвэр тогтоож буй аргачлалыг таван жилийн дунджаар бодох талаар санал өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 18-23 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны болон сурагчийн ширээнээс ажлын байранд шилжиж буй залуучуудын даатгалын хураамжийг эхний таван жилд тэглэх, цаашид нас насны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын ялгаатай тогтолцоонд санал өгөх зэргээр ажиллана гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.