УЛС ТӨР

Нийслэлд тогтоосон буруу жишиг Үндсэн хуулийн хямрал дагуулах вий

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийн нүүр үзжээ. Хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон “Эцэг хууль”-иа бид энэ хугацаанд хэлбэрэлтгүй мөрдөж, бусад хууль, тогтоомжийг нийцүүлэн баталж ирлээ. Гэсэн ч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн ёс зүй доройтож, хариуцлага, чадамж буурснаас болоод Үндсэн хуулийг өөр, өөрсдийнхөөрөө тайлбарлан хүчгүйдүүлэх явдал газар авч, Засаг захиргааны нэгжүүд эрх мэдлийн төлөө улайран, яваандаа газар нутгийн бүрэн бүтэн, төрийн нэгдмэл байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрөх боллоо.  

НИЙСЛЭЛ УЛС ДОТОРХ УЛС БОЛЖ, АЙМГУУД САЛАН ТУСГААРЛАХ ЭРСДЭЛ БИЙ БОЛОВ УУ

Монгол бол нэг үндэстний, нэгдмэл улс. Төрийн байгуулалтын хувьд нэгдмэл  байхаа Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Гэтэл нийслэл, аймаг, бүр сум, багийн түвшинд энэхүү заалтын утга агуулгыг алдагдуулах явдал гарах болсон нь санаа зовоож байна.

Уншигчид санаж байгаа бол Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль оны өмнөхөн батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Энэ хууль батлагдсанаар нийслэл эрх зүйн чадамжийн хувьд бараг л УЛС ДОТОРХ УЛС болж хувирсан билээ. Дарга нь сайдын эрбэмбэд очиж, тодорхой зарим чиг үүргүүдийг бие даан хэрэгжүүлэх болсноос гадна хүсвэл бонд гаргах ч эрх мэдэлтэй болсон.

Төр өөрсдийн бий болгосон “Хэт төвлөрөл, замын түгжрэл”-тэй тэмцэх үүднээс ийнхүү онцгойлон авч үзэж, “Улс дотор улс” болохыг нь зөвшөөрсөн юм. Ингэж зөвшөөрснөөрөө дор хаяж л иргэдийнхээ Үндсэн хуулийн 16.18 дугаар зүйлд заасан эрхийг зөрчихийг нь хүлээн зөвшөөрчихсөн.

Нийслэлд олгосон онцгой эрх, “Нийтийн эрх ашиг”-ийн төлөө иргэд өөр олон эрхээ зөрчүүлэхэд бэлэн байх хэрэгтэй болсон. Цааш нь жаахан өнгийвөл дүүргүүд ч бие дааж, асуудлаа шийдвэрлэх үлэмж эрх мэдэлтэй болсныг харж болно.

Нийслэл дээр ийм арга хэмжээ авсныг шууд буруутгаж байгаа юм биш. Гол нь жишиг болчих вий, цаашдаа аймгууд ижил статустай болох гэж тэмцэж эхлэх вий гэсэн болгоомжлол байна. Аймагт төрийн бодлого шийдвэрийг Засаг дарга, орон нутгийн үйл ажиллагааг ИТХ удирдаж явдаг хуулийн зохицуулалттай. ИТХ нь “Бид өөрсдөө Засаг даргаа томилно” гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцлийг Засгийн газартай өрнүүлж байсан түүх бий. Одоо ч ийм байр суурьтай аймгууд олон байдаг. Тэд яваандаа нийслэлийн жишгийг дагаж, бие даасан бодлого явуулна гэж зүтгэхийг үгүйсгэх аргагүй. Одоо мөрдөж байгаа сонгуулийн тогтолцоо энэ эрсдлийг улам нэмнэ. Жижиг мажоритар тогтолцооноос болоод сум, аймгийн Засаг дарга нь тойрогтоо нэр нүүр олохын тулд иргэдээ УИХ, Засгийн газрын эсрэг турхираад сууж байгаа жишээ олон байна.

Аймгуудын хөгжлийн харилцан адилгүй байдал нь энэ эрсдлийг нэмнэ үү гэхээс багасгахгүй. Өмнөговь аймгийн удирдлага харъяат иргэдэдээ “Нутгийн хишиг” хэмээн сар бүр 50 000 төгрөг олгож байсан жишээ бий. Одоо хэвээрээ эсэхийг мэдэхгүй ч Засаг даргынх нь мөрийн хөтөлбөр “Нутгийн хишиг” нэртэй байгаагаас үзэхэд энэ нэр иргэдэд онцгой таалагддаг болох нь харагдаж байгаа юм. 

Энэ нь яваандаа нөгөө л Үндсэн хуулийн 2-ын 1.”Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалтыг эрсдэлд оруулж буй.

Байгалийн баялагтай хэсэг нь аминч үзэл гаргаснаас болж Судан хэмээх нэгдмэл улс хоёр хуваагдсан түүх бий шүү дээ. Орон нутагт хэтэрхий их эрх мэдэл олгох нь сайны ёр яавч биш.

ГОЛ НЬ ЭНЭ ЖИШИГ ЦААШАА ХАЛДВАРЛАХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ БАЙНА. ХАРДАХ СУУРЬ, ҮНДЭСЛЭЛ Ч БЭЛЭН БАЙНА.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ Ч ҮЛ ТООДОГ СУМУУД

Хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн захиргааны  төв байгууллагын хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг засаг захиргааны нэгж болох аймаг, сумын удирдлагууд эсэргүүцдэг жишиг бий боллоо. Олны олноос хамгийн ойрын хоёрыг нь энд дурдъя.

Баримт 1: Монгол Улс баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж хүчирдэггүй. Тиймээс жил бүр ОХУ-аас өндөр үнээр авч ашигладаг бөгөөд гэсэн ч хэрэгцээгээ хангаж хүчирдэггүй, цахилгааны хязгаарлалт хийх явдал ердийн хэрэг болсон. Энэ байдлыг халахаар төрөөс Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцалд усан цахилгаан станц барихаар дөрвөн жилийн өмнөөс төлөвлөн, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болтол Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ “УЦС барихыг хориглох” тогтоол гаргасан.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдын нутагт 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч, байгаль орчны үнэлгээг хийлгэн, нөлөөлөлд өртөж буй айл өрх, багийн төвийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох асуудлуудыг цогцоор нь шийдээд явж байсан, тендер зарлагдаж, ялагч нь тодорчихсон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160, 42 тогтоолын хэрэгжилтийг сумын ИТХ зогсоох шийдвэр гаргасан байдаг.    

Баримт 2: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Цагаан дэл уул-Өлзийт боомтыг байгуулахтай холбоотой асуудал дээр дээрхтэй төстэй нөхцөл байдалт үүссэн. 2014 онд “Шинэчлэлийн” Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу хэрэгжиж буй уг ажлыг иргэд эсэргүүцэж буй.

Дээрх хоёр тохиолдолд Үндсэн хуулийн 6.4. “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, ...үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно”, 3-ын 1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 16.18 “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох... эрхтэй” гэсэн заалт эсрэгцэж, 2-ын 1 “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалт эрсдэлд орж байгаа байдал харагдана.

Нөгөө талаар, уул уурхайг нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөр явуулж ирсэн явдал дээрх эрсдэлтэй байдал руу түлхэж байгаа нь Хүрмэн сумын иргэн н.Насанжаргалын “Боомт баригдсанаар таван уурхай ашиглалтад орох бөгөөд манай нутаг бүтнээрээ уул уурхайн мэдэлд орно. Ашиглалтын 41, хайгуулын 22 лиценз уг нөлөөллийн бүсэд байгаа. Ингэснээр Хүрмэн сумын айл өрх, 130 мянга гаруй мал хаана амьдрах нь тодорхойгүй болно. Усны нөөцийг ашигласнаар газар доорх нөөц үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэлтэй" гэсэн мэдэгдлээс харагдаж байна.

ЭШЛЭЛ

"Монгол улс нэгдмэл улс. Газар түүний доорхи баялаг нь ард түмний мэдэлд байна гэдэг нь тухайн нутагт оршин суугчдын мэдэлд гэсэн үг биш. Томоохон төсөл, хөтөлбөр хөдөлгөх гэхээр хэдэн малчин авчраад шантааж хийдэг моод дэлгэрлээ.

Нэг талаас нэг л нутаг орноо хамгаалсан хүмүүс ...Тэгвэл яагаад нөгөө хэсэг нь болох Өмнөговь, Багануур, Эрдэнэт газар нутгаа ухуулж тэдний эмнэлэг, боловсрол, төрийн үйлчилгээний төлбөрийг төлөх ёстой гэж...

Бодох ёстой л асуудал. Өнөөдөр аливаа улсын тогтвортой хөгжлийн үндэс нь эрчим хүч, зам харилцаа гээд байхад УЦС эсэргүүцдэг Увсынхан, Төмөр зам тавиулахгүй гэдэг Хөвсгөлийнхөнийг ойлгох ухаан надад алга".

Л.Бямбажаргал (МСДН-ын ЕНБД асан)

СУМ, БАГИЙН ДАРГА ДУРААРАА АВИРЛАДАГ, ШАГНАЛ БИЙ БОЛГОЖ ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРДЭГ ЖИШИГ

Сум багийн дарга, ИТХ хуулиас давсан шийдвэр, захирамж гаргаж дураараа авирлах, элдэв шагнал бий болгож, төсвөөс хөрөнгө мөнгө гаргах явдал гарч байна.

Тухайлбал, Дархан Уул аймгийн Дархан сумын VI багийн Засаг дарга н.Урангоо 2007 онд өаарийнхөө багт “Дархан бэр”-ийн шагналыг бий болгож, тэрхүү уламжлал нь 2011 оноос Дархан сумын хэмжээнд хэрэгждэг болжээ. Улмаар сумын ИТХ-ын 2019 оны 24 дүгээр тогтоолоор шагналын үнэмлэх тэмдэг холбогдох бусад зардлыг сумын буюу төсвийн хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн байх юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр гэрлэх хосууд “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулах тухай гаргасан захирамж гаргаж, гэрээг байгуулж, нотариатаар батлуулаагүй бол гэрлэлтийг нь батлахгүй” гэсэн захирамж гаргасан, түүнийг цуцалсан түүх засаг захиргааны нэгжийн удирдлагууд төвд захирагдахгүй байгаагийн хамгийн тод жишээ юм. ХЭҮК-оос уг захирамжийг “Сайн дурын үндсэн дээр бий болдог харилцааг төр бүртгэх үүрэгтэй болохоос харилцаанд оролцох, үүрэг үүсгэх эрхгүй” гэсэн үндэслэлээр цуцлахыг шаардсан ч “Хүний эрх зөрчөөгүй” хэмээн цуцлаагүй юм. ХЭҮК зөвхөн П.Мөнхтөрийн удирдах албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хандаж байж л  цуцлуулсан байдаг.

Шагнал урамшуулал буруу зүйл биш ээ. Гэрлэлтийн хариуцлагын гэрээ ч буруу биш. Гагцхүү шинэ шагнал урамшуулал бий болгох, цэвэр сайн дурын үндсэн дээр үүсдэг харилцаа болох гэрлэлтийг хариуцлагажуулах ажлыг аль нэг баг, сумын даргын захирамжаар биш, улсын хэмжээнд хуулиар тогтоож өгөх ёстой гэсэн санаа юм. Сум, багийн Засаг дарга санаачилга гаргаж, дээш нь уламжлахыг бол үгүйсгэсэнгүй. Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг “Дархан бэр” хэмээн өргөмжлөх нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр гэж үзэх болсныг ч энд дурдахад илүүдэхгүй болов уу.

МАН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд эсэн бусын шагналыг цэгцлэх тухай нийтлэл гарсан байна билээ. Дээр үед намын төв хэвэллд гарсан санаачилга бүр удалгүй ажил хэрэг болдог байсан. Цаг үеэсээ үл хамаараад эрх баригч намын төв хэвлэл дээр бичигдсэн шүүмж болгон засагддаг л байх учиртай. АН байна уу, МАН байна уу хамаагүй. Эрх баригч учраас гажуудал, эрсдэл байвал засах л ёстой.

Орон нутагт эрх мэдэл олгох үйл явцыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль үлэмж даамжруулах жишиг тогтооосныг хүлээн зөвшөөрөхөөс энэ ажил эхэлнэ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
2022-08-10 08:29

Наад 21 аймагтаа 11 болго.330 сумаа 150 болго тэрний дараа л Монгол улс хөгжил дэвшлийн тухай ярьж болно доо!!!!

Зочин
Зочин
2022-08-10 11:34

ТИЙМЭЭ НААД ЖИЖИГРҮҮЛДЭГ БИШ ТОМРУУЛЖ БАЙЖ ТЭНД ЗАХ ЗЭЭЛ , ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛНО. .ОДОО ШИНЭ ЗУУН МОД ХОТ ,ӨШИГТИЙН ХӨНДИЙН ЖИШИГ ХОТ ,МАЙДАР ХОТ , ХАР ХОРУМ ХОТ ГЭЖ ЖИЖИГРҮҮЛЭХЭЭ БОЛЬ.МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ ТОМРУУЛНА ,УЛС ОРНОО ЖИЖИГЛЭЖ БУТЛАНА .ЯМАР ХЭРЭГ БАЙНА.330 СУМ, СУМ БОЛГОН 4-5 БАГ БОЛГОЖ МОНГОЛЫН ТӨРИЙГ , МОНГОЛ МӨНГИЙГ ЖАЛГЫН НЭГ ЦАЦАЖ БОЛОХГЗЙ ШҮҮ.1400 БАГ БАЙНА .Харин ч цөөлөх хэрэгтэй .Сүүлийн үеэд нэг шинэ жишиг тогтох нь ээ.ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЬ АЙМГААС ГАРНА ТЭГД МӨНГӨӨР БОРОО ОРДОГ БОЛЖЭЭ Ж:нь ХЭНТИЙ АЙМАГ .ХЭРЭГТЭЙ Ч БАЙ ХЭРЭГГҮЙ Ч БАЙ МӨНГӨӨР ЮУ Ч ХИЙЖ БОЛДОГИЙГ ХЭНТИЙ АЙМАГ ХАРУУЛЖ УЛС ДОТОРХИ УЛС БОЛОВ .Уучилж хөгжүүл.Бүс нутагтаа төсвөө илүү хувиарла .Тэгвэл УБ т биш орон нутагтаа амьдрах болно

Зочин
Зочин
2022-08-10 09:59

onii ehend 21 aimgiin zasag darga nartai yamduud ni geree hiideg yawdal hamgiin teneg ni, negdsen neg udirdlagaar udirdah baital hamtran ajillah geree ntr hiij tenegtene

Зочин
Зочин
2022-08-10 21:06

Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ дээ. МАН улс орныг самарч дууссан. Бөгсний �##�чуур суганы үснүүд нь одоо даам гарсны жишээ

Зочин
Зочин
2022-08-11 08:57

улс хөгжихийн тулд өөрийн бүх эрх мэдлээ ашиглахгүй бүгд дов ж�##�агны үзэл гаргаж нүүдэлчин чигээрээ дуусана тийм учраас зарим зүлй дээр дуугай бай

Зочин
Зочин
2022-08-15 11:58

Хуулиа л сайн ойлгож бичмээр байна даа. Манай улс хэт төвлөрсөн улс. Орон нутгууд биеэ даах чадамжтай болж байж улс хөгжинө. Одоо орон нутаг эрх мэдэлтэй болж байна гэж санаа зовох цаг биш. Харин томсгож улам их эрх мэдлийг хариуцлагатай нь хамт өгөх ёстой. Улаанбаатар чааваас их эрх мэдэлтэй болоод болоод УИХ, ЗГ-аас шууд хамаар�##�тай л байгаа. Хүсвэл Ерөнхмй сайд огцруулах эрх нэгжийн хуулиар бүрдчихсэн

Холбоотой мэдээ

Back to top button