Нийгэм мэдээ

Тайлбарламж: Багшийн хомсдол үүслээ гээд босго оноог бууруулах нь шийдэл биш

Одоогоос зургаа хоногийн өмнө зарим багш мэргэжлийн босго оноог бууруулах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан. Тодруулбал, 480 байсан босго оноог 440 болгож бууруулсан юм. Ингэхдээ зөвхөн дутагдалтай байгаа буюу бага ангийн болон СӨБ, урлаг, технологийн багшийн мэргэжлийн босго оноог 440 байхаар шийдвэрлэсэн.

Тэгвэл дээрх шийдвэр нийгэмд иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Тухайлбал, өмнө нь тогтоосон 480 гэх босго оноог 440 рүү бууруулснаар багшийн хомсдолын асуудал шийдэгдэх боломжтой юу гэх өнцөг.

Мэдээж энэхүү шийдвэр учир дутагдалтай. Элсэлтийн оноог бага тогтоосноор элсэгчдийн тоо нэмэгдэх боломжтой ч үүнийг дагаад бэлтгэгдэн гарах боловсон хүчний чадвар, боловсролын түвшин нэн тэргүүнд яригдана.

ЭЕШ өгч буй төгсөгчид шалгалт өгсөн хичээлийнхээ оноогоор жагсаж мэргэжлээ сонгодог. Өөрөөр хэлбэл, өндөр оноо авсан шалгуулагчдад хүссэн мэргэжлээ сонгож, дуртай сургуульдаа өөрийн сонголтоор элсэх боломж үүсдэг. Нөгөө талд, шуудхан хэлэхэд хөдөө орон нутгийн зарим элсэгчдийн хувьд оноо нь бага улсын сургуульд элсэх боломжгүй болмогцоо хамгийн бага оноогоор элсүүлдэг сургуулиудад хүчээр элсдэг. Ингэхдээ ихэнх тохиолдолд багш мэргэжлийг сонгодог. Энэ тохиолдол хөдөө орон нутгийн төгсөгчдийн дунд нийтлэг үзэгдэл. Үнэхээр дурлаж багш мэргэжлийг сонгох хүмүүс бий ч сонирхолгүй, хүсээгүй атлаа тухайн мэргэжлээр сурах зорилгогүй шийдвэр гаргагчид дийлэнх хувийг эзэлдэг нь нуух зүйл биш. Ийм байхад зарим мэргэжлийнх нь босго оноог дахин бууруулах нь салбараа улам доош татах бодлогогүй шийдвэр мэт харагдаж байна.

Харин салбарын сайд энэ асуудлаар: "Хомсдолтой байгаа сувилагч, СӨБ-ийн багш, технологи, дуу хөгжим, биеийн тамир гэсэн дөрөвхөн мэргэжлийн босго 440. Бүх хичээл 100 онооны шалгалт авдаг. 100-аас хэдэн оноо авбал 440 вэ. Бүгдийг 700 болгох уу. Надад хариулж өгөөч гэжээ".

Өмнө нь их сургуулийн босго оноо 480, дээд сургуулийнх 440, коллежийнх 410 байсан. Харин энэ жил их, дээд сургууль, коллеж гэж ангилахгүйгээр тухайн хөтөлбөрт нь босго оноог адил байхаар тогтоосон юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button