Хөвсгөл нуураас гаргасан 11 тонн жинтэй трактор 390 литр шатахуунтай байжээ

Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг энэ сарын 1-ны өдөр тусгай техник хэрэгсэл ашиглан татан гаргажээ.
Тус трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материалыг шавхаж, нуурын бохирдлыг бууруулсан байна. Мөн "2023 онд тогтоогдоод буй чиргүүлтэй ЗИЛ-130 машин, завь зэрэг техникийг татан гаргана" хэмээн БОАЖЯ мэдээлжээ.
Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нуурын эх Ханх сумын нутгаас үе шаттай зохион байгуулж эхлээд буй.
Үүнээс гадна хөвсгөл нуурт 1985 онд живсэн 309 тонн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 2021 онд гаргаж байжээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.