Нигер улс АНУ, Франц руу уран нийлүүлэхээ больсон гэдэг худал

Сүүлийн үед Нигер, Буркина Фасо, Мали улсууд АНУ болон Франц руу уран, алт нийлүүлэхээ зогсоосон гэх мэдээлэл явах болсон.
Твиттерт “Африк , ОХУ-ын уулзалт санаанд оромгүй үр дүнтэй байлаа. Буркина Фасо, Мали, Нигер улсууд бүгд АНУ болон Франц руу уран, алт нийлүүлэхийг хориглов. Атомын энерги илүү эрэлттэй болж буй үед Барууны орнууд тоглох хөзөргүй болжээ” гэж нэгэн хүн бичсэн байна.
Уран гэх мэт цацраг идэвхт бодисууд нь атомын цахилгаан станц, хорт хавдрын эмчилгээ, цөмийн зэвсэг, цөмийн реактортай байлдагч хөлөг онгоцнуудын түлш болгон ашигладаг хэрэгтэй материал юм.
Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр Нигер бол дэлхийн долоо дахь хамгийн том уран үйлдвэрлэгч орон. Харин Буркина Фасо, Мали хоёр одоогоор уран олборлодоггүй.
Тэгвэл наймдугаар сарын 2-ны байдлаар тус гурван улсын аль нь ч уран эсвэл алтны экспортоо зогсооно гэж албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.
Ийм учир “Reuters” агентлаг Буркина Фасо, Мали, Нигер уран, алтны экспортоо зогсоосон гэх мэдээллийг худал гэж үзжээ.
ЕХ-ны цөмийн агентлаг “Euratom” мэдээлснээр Нигер өнгөрсөн онд Европын Холбоонд ураны хоёр дахь хамгийн том нийлүүлэгч байжээ. Гэхдээ нийлүүлэлтээ бууруулбал Европ дахь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд шууд эрсдэл гарахгүй гэж тус агентлаг үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.