Энтертайнмент

Цахар тугч Урнаа: Өөрийгөө л битгий алд, чи Монголын өнө эртний түүхийн нэг хэсэг

Тал нутгийн уянгат дуугаараа Ази, Европ тивээр дамжин, дэлхий дахинаа дуун эгшгээ өргөж яваа Цахар тугч Урнаатай онлайн орчноор дамжуулан, товч ярилцлаа. Нутгаасаа гараад нэлээд удсан тэрбээр эдүгээ Итали, Герман орнуудад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй. 

“Зүрх сэтгэлээрээ үгүйлж дурссан бүхнээ дуулахад...”

-Ярилцлагын эхэнд таны бага нас, өссөн орчинг дууны энэ их аялгуулаг ертөнц рүү чиглэхэд нөлөөлсөн үү гэж асуумаар санагдлаа?

-Тал нутагт төрж өссөн болохоор нэг насны миньажил амьдралын зүг чиг, замд хэмнэл нэмсэн байх. Зүрх сэтгэлээрээ үгүйлж дурссан бүхнээ дуулахадтухайн бүтээл нь амин сүнстэй болсон байдаг. Уранбүтээл хийхэд нөлөөлсөн гэхээр уран бүтээлчболоход бас нөлөөлсөн болов уу. 

Би 1968 оны өвлийн адаг сард ӨМӨЗО-ын баруун хэсэгт орших "Ордос" гэх газар эгэл жирийн малчин айлын том охин болж мэндэлсэн. Багадаа мал сүрэгтэйгээ ойрхон, морио унаад тал нутгийнхаа уудмыг, цэнхэртэн униартах тэнгэрийнхээ уужмыг харж өссөн болохоор юмсыг тунгалгаар мэдэрч,хязгаар үгүй орчлонг хазаар үгүй туулмаар санагддаг байлаа. 

Нутагтаа бол найр наадмаар ээж аавтайгаа дөрвөн утаст шанз хөгжмөө тоглож, дуулж хуурдан, ер нь л их хөгжимтэй ойрхон өссөн. Бүрэн дунд сургуулиа Үүшин хошуу гэх газар төгсөөд,"Шанхай"-д урлагийн дээд сургуульд ёочин хөгжмийн ангиддөрвөн жил суралцсан.

-Шанхайд очхоосоо өмнө ёочин хөгжмөөр хичээллэж байсан гэж би ярианаас тань ойлгоод байв?

-Нутагтаа бүрэн дунд сургуулиа төгсөөд, Хөх хотод урлагийн дээд сургуульд сурна гэдгээ аав, ээж хоёртоо дуулгасан. Гэтэл аав минь "Миний охин уншиж бичиж чаддаг болсон юм чинь одоо хүнтэй суун, хүүхэд гаргаж, аж төр” гээд л явуулдаггүй. Ер нь багадаа сургуульд сурах их дургүй. Боломж л олдвол чөлөө авах гэдэг байж билээ. Тэр үед сургууль маань гэрээс чамгүй хол байсан. Манай гэрийхан эрт босож, цайгаа уучхаад үсийг минь самнаж, морин дээрээ суулгаад, сургуулийн үүдэнд хүргэж өгдөг байлаа. Гэнэт л сурах дуртай, сургуулийн амтанд орсон уу, бүү мэд. “Их сургуульд сураад ирье” гэж их ч гуйснаа санадаг юм.  

Тэр үед ээж нэг талаас, би нөгөө талаас морио унаад,хонио туугаад худаг дээр ирэхэд хонь хурга, ямаа ишиг, үхэр тугалын мөөрөлдөөн нийлж билээ. Яг тэр мөч надад симфони аялгуу эгшиглэж буй мэт. Жаргаж буй нарны туяанд бүх зүйл шаргалтанхарагдаж билээ. Тэгээд ээжээсээ "Би ганцхан жил явна шүү дээ. Намайг явуулчих л даа" гэж гуйхад “Яадаг яршигтай охин бэ. Яг нэг жил л явна шүү" гэж хэлсэн тэр хором мөч хэзээ ч ой тооноос минь арчигдахгүй. Хамгийн нандин сайхан байсан. Удалгүй Хөх хотод очиж хагас жил орчим ёочин хөгжимд суралцсан. Багш надад "Би арван жил багшилж байна. Чам шиг хагас жилийн дотор сурсан хүүхэд хараагүй. Чамайг Шанхайд очиж шалгаруулалтад оруулмаар байна" гэсэн. Хөдөөнөөс холдож үзээгүй, 18-хан настай, хятад хэл мэдэхгүй охин байлаа. Ингээд л зориг гарган Шанхай явахаар шийдэж байсан юм. 

-Та урлагийн хүнийхээ хувьд Шанхайгаас юу олсон бэ? 

-Шанхайд ёочин тоглож сурснаараа урлагийг илүү ихойлгож, хайрлаж нэг үгээр миний урлагаар явах замналын минь хөөрөг болсон гэх юм уу даа. Дөрвөнжил сурахдаа зургаан сар орчим хятад хэлээ сайжруулж, хөгжмөө бэлдэн, маш шаргуухөдөлмөрлөж, өдөр хоногийг  өнгөрүүлдэг байлаа. Номын санч маань надад их сайн ханддаг. Ажлын цаг нь дууссан ч хүлээгээд суудаг байдаг, тийм хүн байв.Шанхайд суралцах явцдаа олон сайхан хүмүүстэй танилцан нөхөрлөж, их зүйл ойлгосон. Сургуулиа төгссөний дараа Хөх хотын соёлын төвд нэг жил ажиллаад, Герман руу явсан юм байна. 

-Анхны уран бүтээлүүдээсээ өөртөө ямар мэдрэмжүүдийг авч байв? 

-1990-д онд хамгийн анхны СD-гээ гаргаж байлаа. Тухайн зуныхаа наадмаар нутагтаа анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Монгол хүн ч ойлгоход бэрх үгтэй болохоор нутгийнхан миний уран бүтээлүүдийг “Юу дуулаад байна аа” гэдэг байлаа. Тэр үед юунд ч баригдахгүй, хүссэн замаараа мөрөө гаргаж явсан даа их баярладаг. Нэг талаараа юмсыг бүтээхээс айдаггүй тэр байдлаа аж амьдралаас олж сурсан гэж боддог.

- Амьдралынхаа утга учир тэр чигтээ би өөрөө юм-

-Та аль уран бүтээлдээ илүү дуртай вэ?

-Бүхий л уран бүтээлдээ дуртай байлгүй яахав. Сонсогчид маань “Хөдөө”, “Санжидорж” хоёрыг илүү сонсох дуртай. “Санжидорж” бол монгол ардын дуу. Энэ дуунд ямар ч газрын хүмүүс дуртай. Утга санааг нь ойлгохгүй хэдий ч сонсох дуртай байдагт нь эхэндээ их гайхдаг байв. Заримдаа тоглолтдоо “Санжидоржи”-ийг оруулдаггүй. Бараг 10 жил дуулж байгаа дуу болохоор залхчихсан. Тоглолтын дараа үзэгчид “Та нөгөө дуугаа дуулахгүй юм уу” гэдэг. Тэгэхээр нь би “Ямар дуу” гэхээр, өөдөөс“Санжийййй” гээд эхэлдэг. Тэр дууны айзам цохилт гээд бүхий л зүйл нь өөр. Манай хамтран ажилладаг уран бүтээлчид “Урнаа чи ямар ая хийчих вэ” гээд гайхдаг. Миний хувьд тухайн хором мөч бүхэнд надаар дамжуулж буусан бүтээл л гэж боддог.

-Тэгвэл дуу дуулах нь танд хэзээнээс “байсан” зүйл вэ? 

-Хэлэхэд их хэцүү. Яг таг санадаггүй юм. Хааяа сэтгүүлчдэд "Би яаж мэдэхэв дээ. Ээжийнхээ хэвлийд ч байхдаа ч дуулж байсан юм билүү" гэж хэлж нааддаг. Одоо бодоход хэлд орсон цагаасаа л дуулсан байх. Бага байхаасаа л малаа хариулж явахдаа мэддэг бүх дуугаа өөрөө зохиогоод ч хамаагүй дуулдаг хүүхэд байлаа. Сая хэлсэн дээ, миний ээж их сайхан дуулдаг хүн гэж. Морин дэл дээрх ээжийнхээ дуулахыг сонсоход дэлхий дэнжгэнээд ч байх шиг. Газар, тэнгэр ганхаад ч байх шиг. Үгээр илэрхийлэгдэмгүй, нарийн тансаг мэдрэмжээр өөрийгөө ундаалж өссөн гэж боддог доо. 

-Та дуулж байхдаа ихэвчлэн нүдээ аньж, өөр хэмжээст ангид ертөнцөд ордог мэт санагддагЯг тэр үедээ та юу мэдэрдэг вэ? 

-Намайг сонсохоор ирсэн хүмүүсийг “Юу ч туулж яваа юм билээ” гэж бодоод, дуу хоолойгоороо тэвэрмээр санагддаг. Дуулах бүрдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ээж шигээ энэрлийн гэгээн очийг хуваалцмаар санагддаг. Зарим тоглолтын дараа нулимстай нүднүүдийг хараад, “Сэтгэлийнх нь хөндүүрт хүрч, хань болж дээ” гэж бодох дуртай. Ер нь ингэж ундарч гардаг дуунууддаа өөрөө ч уясдаг. Ямар ч бэлтгэлгүй тэр хором цаг мөчид цоо шинээр мэдэрч дуулахад дууны маань амин сүнс үүн дээр л бүрэлддэг юм болов уу гэж боддог. Хүмүүс дуунуудыг минь уянгынх уу гэж их асуудаг. Европын орнуудад тоглолтоор явж байхад үгийг нь ойлгохгүй асуудаг. Мэдэрсэн мэдрэмжийнхээ хариултыг авахыг хүсдэг байх, хүмүүс. 

-Дэлхийн тайзан дээр дуунуудаа олон хэлээр дуулах сонирхол байгаа юу?

-Зөвхөн монгол хэлээрээ дуулдаг. Германы сэтгүүлчид хааяа "Та герман хэлээр ийм сайн ярьдаг байж, яагаад германаар дуулдаггүй юм бэ" гэж асуудаг. Би герман орны хэл, соёл урлаг бүгдийгхүндэлдэг. Гэхдээ Германаар дуулбал намайг хэн монгол гэж мэдэх юм бэ. Монголоороо гангарч, язгуур урлагаа түгээн дэлгэрүүлж, таниулж яваа хүний хувьд тийм таатай, сонирхолтой санагддаггүй.Монгол хэл маань эртний хэлдээ ордог. Намайг бага байхад буурай нар минь “Монгол хэл бол тэнгэрийн хэл” гэж ярьдаг байв. Би одоо ч үүнд итгэдэг. Ийм итгэл үнэмшилтэй байж, өөр хэлээр дуулаад явна гэхээр төсөөлөлд буухгүй байна.

-Дэлхийн тайз гэснээс энэ нь таны хэр их зорьсон зүйл вэ. Аяс зөнгөөрөө энд ирчихсэн мэт санагддаг уу?

-Хүн бүхэн авьяастай байдаг. Азтай нь би өөрийнхөө авьяасыг эрт таньж мэдсэн. Энэ авьяасаараа дуулж, мэдэрч, өөрөө ч мэдээгүй их замыг туулсан.

-Чи өөрийгөө алдахгүй байж гэмээнэ Монгол амьд, сэрүүн байна-

-Эдүгээ цагийн тань амьдралын утга болсон зүйлийнхээ талаар та юу ярих бол?

-Ерөөсөө л амьдралынхаа утга учир тэр чигтээ би өөрөө юм. Хааяа боддог. Амьдрал нэг их утга учир гээд байх юм байхгүй юм шиг. Харин би өөрийнхөө амьдралд утга нэмж, утга учир оноож явах юм байна гэж боддог. Ихэвчлэн сайхан зүйлсийг дуулж дурсахыг хүсдэг. Бусдыг ч гэсэн энэ сайхан зүйлсыг мэдрээсэй гэж хүснэ. Энэ л утга учир/инээв.сурв/юм. Одоо Италийн хөдөөд амьдарч байгаадаа ч баярлаж, хором мөч бүхнийг тунгааж, тунгалагаар мэдэрч явна. Нэг насны аялал нүүдэлд ийм агуу тэнгэр газрын зөрүүтэй орнуудаар явж, соёлд нь суралцан, амьдардагтаа талархдаг. Энэ их орон зай, орчлон, ахуй бол миний амьдралд юутай ч харьцуулагдахгүй их баялаг, миний амьдралыг утга учиртай болгодог зүйлс юм. 

-Хүссэн хүсээгүй дэлхий ертөнц, тэр дундаа нүүдэлчин ёс өөрчлөгдөн хувьсаж байна. Бид их ч юм гээж, их ч юм өөртөө нааж байгаа. Харин таны хувьд, даяаршлын энэ салхин дунд монголчууд үүнийгээ л битгий алдаасай гэж бодож, харамладаг юм юу вэ?

-Өөрийгөө л битгий алд. Өөрийгөө алдчихвал юм бүхнээ, монголоо алдана. Чи монголын өнө эртний түүхийн нэг хэсэг. Монгол эхийн сүүгээр амлуулж, монгол газар өссөн болохоор чи амьд байж, чи өөрийгөө алдахгүй байж гэмээнэ Монгол амьд, сэрүүн байна.

Би дууны шүлгээ, тоглолтын хөтөлбөрөө ч босоо монголоор бичдэг гэдгийг миний хөгжимчид мэднэ. Тэд надтай хамт 2008 онд Монголд ирсэн. Тэд монголд ирчхээд надаас асууж байна. “Урнаа, бид яг Монголд ирсэн үү” гэж. Би гайхаад, “Тэгэлгүй дээ, бид Монгол Улсын нийслэл Улаанбаатарт байна” гэлээ. Тэгсэн чинь, “Сая замдаа харахад бичиг үсэг нь чиний бичдгээс өөр байна. Гадаад үгтэй хаяг олон байна” гэсэн. Тэгээд л би гайхсан. Би бүрэн эрх чөлөөт, тусгаар тогтносон Монголдоо ирсэн атлаа гадны хүний тэр асуултад хариулах их эвгүй байсан.

-Таны тээж явдаг, амьдралаас олж авсан хамгийн чухал зүйл юу вэ?

-Зүрхэндээ тээж явдаг, нарийн нандин зүйлс гэвэл аливаа юмсын “үндэс” ба амь чанар. Амьдралын зам мөрөөс харахад ч тэр, модны навч сайхан цэцэглэн дэлгэрч буй хүч нь бол үндсэндээ байдаг. Үүнтэй нэгэн адил хүний сэтгэл ч бас модтой адил юм. Тэд адилхан ганддаг, ширүүн шуурга шиг үгсэд хугардаг ч үндэс сайтай, хүчтэй байх юм бол дахин цэцгэлж нахиална. Үндэс сайтай мод шиг байвал хийх үйл бүр нь дэлгэрэх юм.

-Та аль уран бүтээлдээ илүү дуртай вэ?

-Бүхий л уран бүтээлдээ дуртай байлгүй яахав. Сонсогчид маань “Хөдөө”, “Санжидорж” хоёрыг илүү сонсох дуртай. “Санжидорж” бол монгол ардын дуу. Энэ дуунд ямар ч газрын хүмүүс дуртай. Утга санааг нь ойлгохгүй хэдий ч сонсох дуртай байдагтнь эхэндээ их гайхдаг байв. Заримдаа тоглолтдоо “Санжидоржи”-ийг оруулдаггүй. Бараг 10 жил дуулж байгаа дуу болохоор залхчихсан. Тоглолтын дараа үзэгчид “Та нөгөө дуугаа дуулахгүй юм уу” гэдэг. Тэгэхээр нь би “Ямар дуу” гэхээр, өөдөөс “Санжийййй” гээд эхэлдэг. Тэр дууны айзам цохилт гээд бүхий л зүйл нь өөр. Манай хамтран ажилладаг уран бүтээлчид “Урнаа чи ямар ая хийчих вэ” гээд гайхдаг. Миний хувьд тухайн хором мөч бүхэнд надаар дамжуулж буусан бүтээл л гэж боддог.

-Таныг сонсдог хүүхдүүд залууст та юу гэж хэлмээр байна?

-Хүн бүрт давташгүй нэг өнгө байдаг. Өөр хэнд ч байдаггүй нэг тал бий. Ямар ч нөхцөл байдалд өөрөө өөрийнхөөрөө мөн чанараас бүү урваасай. Зөвхөн чамд зориулагдсан тэр баялаг, ундаргаа олж, өөрийгөө чимж амьдраарай гэж хүсэж байна.

Орчлонг цээжиндээ багтаадаг монгол орон минь туургандаа үүх түүх, өв соёлоо багтаан нүүдэлдэг улс орон өөр хаана ч байхгүй гэдгийг ойлгоод, тэр бүхнээ хамгаалж, бахархаж, илүү их түгээгээсэй гэж хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Чингисийн эр хоёр загал баримтад киног хийсэн цагаас хойш дууг нь сонсож байна. Үнэхээр сайхан дуулдаг бүсгүй.

Оюунчимэг
Оюунчимэг

Дуугий нь сонсох юмсан.

Зочин
Зочин

Urna Chahar Tugchi

Холбоотой мэдээ

Back to top button