“Аюуд тауэр”-т $7.5 саяыг оруулсан хятад компанийг хохироожээ

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өчигдөр /2023.09.25/ хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэрээ “Хуашен”, “Аюуд” компаниудын 2015 оноос хойш яригдаж буй өмч шилжүүлэх асуудлыг хөндсөн юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тусламж хүссэн гэсэн нь анхаарал татсан.
Тэгвэл, “Хуашен”, “Аюуд” гэх хоёр компани чухам ямар маргаанд холбогдсон бэ?
2009 оны наймдугаар сарын 20-нд “Аюуд тауэр” барилгыг хоёр тал өөрсдийн оруулсан хөрөнгөөр хамтран эзэмших гэрээн дээр гарын үсэг зуржээ.
Харин 2013.05.22-нд “Аюуд тауэр”-ийн 40 хувийг “Аюуд”, 60 хувийг “Хуашен” ХХК-д эзэмшүүлэх гэрчилгээ УБЕГ-аас гарсан байна. Энэ үед барилгын ажил дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй байжээ.
2012-2014 оны хооронд “Хуашен констракшн” ХХК 7.5 сая ам.долларын хөрөнгийг барилгын ажилд оруулсан юм байна.
Гэтэл 2015.08.21-ний өдөр УБЕГ-т “Аюуд тауэр” нь 100 хувь “Аюуд” ХХК-ийн захирал С.Бат-Эрдэнийн нэр дээр шилжсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан “Хуашен” ХХК-ийн нэр бүртгэлээс хасагдсан. Уг асуудалд тус гадаадын хөрөнгө оруулалттай компани шүүмжлэлтэй хандсаар ирсэн юм.
Харин сүүлийн үед уг асуудлыг УБЕГ-ын нэр бүхий ажилтнуудад холбон мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, “Аюуд тауэр”-ын эзэмшлийг шилжүүлэхэд УБЕГ-ын хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж харддаг.
Уг асуудлаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өчигдөр /2023.09.25/ тайлбар мэдэгдэл хийсэн билээ. Тус мэдэгдэлдээ, “Ирэх долоо хоногт сонсох ажиллагаа явуулна. Сонсголд холбогдох албаны хүмүүс оролцож, нотлох баримтыг шинжлэн судална. Сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа болон хэлцэлд гарын үсэг зурсан "Хуашн" ХХК-ийн захирал н.Жандун, "Аюуд" ХХК-ийн захирал С.Бат-Эрдэнэ нарыг сонсголд оролцуулна" гэсэн билээ.
2023.05.23-ны өдөр Засгийн газраас “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх” талаарх тогтоол баталсан. Уг тогтоолд үндэслэн, “Хуашен консрашин” ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдад өгчээ.
2023.07.21-ний өдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт гомдлыг шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлжээ. Тус бичигт:
“Хуашен констракшн” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар булаасан гэх асуудлыг гурван удаа шалгахад “УБЕГ-ын ажилтнууд хуулиар хүлээгдсэн чиг үүргээ хүлээгээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй” хэмээн дурдаж байжээ.
“Хуашен констракшн” ХХК нь 2014-2017 оны хооронд “Аюуд тауэр”-ийн нэг давхрын оффис байрлаж байсан ч албадан гаргасан нь анхаарал татдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх асуудлуудтай Засгийн газар ажиллаж байгаа. Тэдний нэг бол “Аюуд тауэр”-ийн хэрэг юм. Ямартай ч энэ хүрээнд УБЕГ-аас ирэх долоо хоногт сонсгол зохион байгуулахаар болоод байна.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм дээрэмчидтэйгээ төрийн байгууллагаын удирдлага нь хуйв�##�даж гадаадын хөрөнгө оруулагчидыг дээрэмдээд байхаар монгол улсад хөрөнгө оруулах тэнэг гадаад олдохуу.Өнгөн дээрээ бол гадаадын хөрөнгө оруулагчидыг татна гэж сайхан ярьцгаана.