Нийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвүүд байгуулахыг шаардлаа

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 11300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4500 орчим нь сургууль, цэцэрлэгийн боловсролын үйлчилгээг хүртэж чадахгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагын талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, тархины эмгэг өвчин, саа саажилт, аутизмын хүрээний эмгэг, дауны синдром, оюуны бэрхшээл зэрэг хүнд хэлбэрийн, давхар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах бодлого хэрэгжээд 10 жил болж байгаа ч хүүхэд бүрт хүрэхгүй, хууль дүрэм нь хэрэгжсэн ч хөрсөн дээрээ буухгүй байгааг шүүмжилж, дараах шаардлагагыг хүргүүллээ.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бусад хүүхдээс ялгарах тусгай хэрэгцээг нь хангах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх
  • Боловсролыг тэгш хүртэх нөхцөлийг нь үүсгэх буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах багш, тусгайлсан хөтөлбөр болоод дэмжих үйлчилгээ болох сэргээн засах үйлчилгээ үзүүлэх
  • Эрүүл мэндийн яамнаас улиралд 10 удаа 14 хоног хэрэгжүүлдэг сэргээн засах үйлчилгээг чанаржуулж, хөдөлмөр засал, хэл засал, харилцаа, нийгмэшлийн асуудлыг нь давхар дэмжихийн тулд яаралтай урт хугацааны тусламж үйлчилгээ гэдэг сектор руу оруулж, дүрэм журмаа батлах
  • Хорооны эмнэлгийн адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвүүдийг байгуулах зэрэг шаардлагыг хүргэв.

Мөн эцэг эхчүүд төрийн зүгээс мэлхийний хурдаар ажиллаж буйг нь шүүмжилж, хүүхдүүдийнхээ хүн байх эрхийг хангах тогтолцоог бүрдүүлж өгөхийг төрөөс хүсэв.

Түүнчлэн нийгмийн зүгээс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар маш их ярьдаг атлаа нийгмийн нэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, хамгааллын асуудал яригдахгүй байгааг хэлж, энэ нь нийгмийн тогтолцооны тухай асуудал гэдгийг онцолсон юм.

Ц.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button