ХУУЛЬ

Амиа хорлохыг завдсан эхнэр, нөхрийг валют наймаалах аргаар мөнгө хүүлсэн хэргээр шалгаж байна

-ХОХИРСОН ИРГЭДИЙН ГОМДОЛ ИРСЭЭР БАЙГАА БӨГӨӨД ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

Өнгөрөгч аравдугаар сарын сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт их хэмжээний мөнгөний өрөнд орсон эхнэр нөхөр хоёр гэртээ гэрээслэл бичээд сураггүй алга болсон хэрэг гарсан байдаг. Амиа хорлохоор гэрээсээ гарсан эхнэр нөхөр хоёр 3-12 насны дөрвөн хүүхэдтэй гэдгийг эх сурвалж мэдээлсэн билээ.

Тэд гэрээсээ тухайн өдрийн 23 цагийн орчимд гэрээслэл бичиж үлдээгээд  гараад сураггүй хоёр хоног болсон байдаг. Энэ хугацаанд ар гэрийхнийх нь зүгээс цагдаагийн байгууллагад хандан улс даяар эрэн хайх ажиллагааг явуулсан юм.

Сураггүй болсон эхнэр, нөхөр хоёр 35 настай Ү, А нар байсан бөгөөд гэрээслэлдээ “Бид их хэмжээний өрөнд орсон. Түүнийгээ төлж дийлэхгүй байдалд хүрсэн” гэх утга бүхий зүйлийг бичиж үлдээсэн байсан аж.

Цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэн хамтарч эрэн хайж байх үеэр тэд аравдугаар сарын 18-ны өдөр буюу сураггүй болсноос хойш хоёр хоногийн дараа гэртээ ирсэн байна. Харин тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэднийг тус аймгийн Гурвансайхан гэх газраас эсэн мэнд олсон гэсэн мэдээлэл гарч байсан.

Амиа хорлохыг завдаж гэрээслэл үлдээгээд гарсан эхнэр нөхөр хоёр тус аймгийн 70 орчим иргэнийг залилан мэхэлж их хэмжээний мөнгөний өрөнд орсон байсан учраас ийнхүү амиа хорлохыг завдсан гэдгээ мэдүүлжээ. Тэд юань арилжиж дундаас нь ашиг олдог байсан гэх ба нэг иргэнээс авсан мөнгийг нөгөө иргэн зээлдэх замаар их хэмжээний мөнгө алдсан гэх мэдээлэл байгаа юм.

Ийнхүү тэд валют арилжаанаас их хэмжээний мөнгө хүүлсэн хэдий ч өөрсдөө 100 орчим сая төгрөгийн өрөнд орсон гэх.

Тэднийг өдгөө Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Мөн эхнэр нөхөр хоёр их хэмжээний мөнгөө алдсан гэх иргэдийн гомдол мэдээлэл 20 орчимд хүрсэн бөгөөд дахин иргэд хандсаар байгааг эх сурвалж мэдээлсэн билээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хууран мэхлэх аргаар мөнгө угаасан байж болзошгүй хэрэг буруутган шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.

У.УРАНЦЭЦЭГ

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close