Нийгмийн

Б.Золбоот: “Pub G”-г гар утасны тоглоом гэж хардаг байдлыг бид 2020 онд “халсан”

"PUBG Mobile Global Championship-2023” тэмцээнд нийт 37 тоглогч унагаж, 21 ассист өгч, 7616 damage хийснээр Монгол Улсын “IHC” багийн тамирчин Б.Золбоот хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон билээ. Дэлхийн аваргын цом болоод шилдэг тоглогчийн шагналаа гардаж авах үеэрээ “Тулалддаг тоглоомыг тулалдаж яллаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлээд байсан тамирчин Zyol буюу Б.Золбоотыг бид онцолж байна.

-Тэмцээндээ амжилттай оролцож, шилдэг тоглогч болсон танд болон багаараа амжилт гарган түрүүлсэн танай багт баяр хүргэе.

-Баярлалаа.

-Анх энэ спортод хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Анх гар утсаар “PUBG Mobile” тоглоомыг гарч байх үед нь тоглож эхэлсэн. Тухайн үедээ спортын төрөл болно гэж мэдээгүй. Утасны тоглоом л гэж боддог байлаа. 2019 онд баг болоод жижиг тэмцээнд орж үзсэн юм. Их боломжийн санагдаж байсан. Дараагаар нь 2020 оны ДАШТ-д оролцсон.

-Тухайн үед “утсаараа тоглоод байна” гэх мэт ар гэрийнхний эсэргүүцэлтэй тулдаг байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Тоглох бүртээ утсаа хураалгана. Хичээлээ хийхгүй байна гэж загнуулна.

-Анхны тэмцээнд орох үеэ дурсвал?

-Анх зүгээр л утсаараа тоглоом тоглож байна гэж боддог байсан шүү дээ. Гэтэл Дубай явж тэмцээнд оролцохоор болчихсон. Тухайн үед л “энэ бол шагналт байртай, дэлхийн тоглогчид аваргаа шалгаруулдаг спортын төрөл юм байна” гэх ойлголтыг авч байсан. Яг ийм бодол авсны дараа цаашид бүр илүү хөгжиж, дэлгэрэх юм байна гэдгийг нь олж харсан.

Түүнээс өмнө буюу 2019 онд Монголчууд хоорондоо баг болоод цар хүрээ багатай тэмцээн зохиодог байлаа. Албан ёсны “PUBG mobile”-аас зохиодог PMCO гээд хамгийн дод түвшний тэмцээнд бүртгүүлээд манай баг орсон. Эхний шатаас төгсгөлийн шат хүртэл тоглож түрүүлснээр 2020 оны дэлхийн аваргад “ZEUS” нэрээр шалгарч байсан юм.

-Анхны шагналаа хэрхэн зарцуулж байсан бэ, их дурсамжтай санагддаг уу?

-2020 оны ДАШТ-ээс авсан шагналын мөнгө маань миний анхны орлого байсан мэт санагдаж байна. Одоох үеэ бодвол харьцангуй жаахан, 15 настай байсан. Яг юу авснаа санадаггүй ч дийлэнхийг нь өөртөө л зориулж байсан санагдаж байна. Тэмцээний дараа багаараа бэлтгэлийн байртай болж хөгжөөд явсан. Тэмцээний мөнгөө бид хувилдаг. Тэдэн хувийг нь хүнс хоол, бэлтгэлдээ зориулъя гэх зэргээр хуваарилна. Хувь хүмүүс бас дэмжиж бидэнд хандив босож ирсэн. Түүгээр бид бэлтгэлийн байраа босгож байсан.

-Анх тэмцээндээ түрүүлээд шагнал аваад ирэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

-Тэр үед л тоглолтыг маань бүрэн хүлээн зөвшөөрч, гэрийнхний намайг харах өнцөг өөрчлөгдсөн. Цахим орчноор бидний тухай маш их мэдээлэл цацагдсан. Дэлхий нийтээрээ цар тахлын хөл хорионд орчихсон цахим хэрэглээ дээд цэгтээ байсан үе шүү дээ. Гэрийнхэн маань тэр их эерэг мэдээллийг харж, гаргасан амжилт, хичээл зүтгэлийг минь үнэлсэн учраас хүлээн зөвшөөрсөн гэж боддог.

Энэ тэмцээний дараагаас биднийг тоглоомд донтогчид гэж хардаг “баригдмал” ойлголт бараг л халагдсан. Тэр үед бид ч спорт юм байна гэдгийг ойлгосонтой адил Монголчууд л мөн хамтдаа ойлгосон. Бидний амжилт тэр ойлголтыг халж чадсан гэж боддог. 2020 оны ДАШТ-ий шууд дамжуулалтыг олон хүмүүс үзнэ гэж бодоогүй. 70 мянган хүн үзэж байсан. Хүүхэд байсан учраас их л гоё санагдаад од болчихлоо гэж бодогдоод, цахим хуудаснууд маань 15 мянган дагагчтай болсон. Тэгээд л тогтмол өссөн. Зөвхөн Монгол бус гаднын олон хүн даган дэмжих болсон.

-Энэ спортын юу нь хамгийн сайхан бэ?

-Хүн сагс, волейбол сонирхдогтой адил хүний л сонирхол шүү дээ. Тиймээс сэтгэл зүрх гаргаж, хичээж, тууштай байж чадвал амьдралаа ч залгуулаад явж болно. Үүний цаадах үзэлт, хандалт бүрт маш их мөнгө эргэлдэж байдаг. Яг л хөнгөн атлетикийн спорттой ижил хөгжинө гэж хардаг. Цаашдаа илүү хөгжих болно.

-Багийн тоглолтоо хэрхэн зохицуулж хуваарилдаг вэ?

-Яг тэр урдаа, тэр давхар шалгаад явна гэх үндсэн байрлалыг зоодоггүй. Тухайн тоглож буй мөчдөө, тоглож буй багтаа тааруулж яриад, хэн урдаа явах, хэн ардаа явах зэргийг зохион байгуулаад явдаг. Бүгд л ур чадвартай тоглогчид байдаг учраас хэрхэн гаргахаас л шалтгаална.

-Таны Zyol гэх нэрийн утга юу вэ?

-Энгийн нэр. Ямар нэгэн утга байхгүй. Өөртөө зориулаад зохиож байсан. Хэзээ зохиосноо ч санадаггүй.

-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

-Нэг том тэмцээн дуусгаад хоёр долоо хоног амардаг. Тэгээд жигдрүүлэх байдлаар 3-4 цагийн бэлтгэлийг өдөрт хийдэг. Хэрэв тэмцээний эрчимжсэн бэлтгэлд орох үед өдрийн 10-аас дээш цаг бэлтгэл хийдэг.

-Таныг дэмждэг хүмүүст хандаж юуг хэлэх вэ?

-Энэ спортоор хичээллэе гэвэл бүхийл үүд хаалга нээлттэй байдаг. Тууштай, зорилготой байгаарай гэж хэлье.

-Баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
12 сар 14, 2023 13:22

Мундаг тууштай, зорилготой, золбоолог хүүд улам их том амжилт ерөөе. Бүх хүмүүс, хувийн хэвшлийн байгууллагууд, Төр засаг маань ч дэмжээсэй. Цаашид манай Монголчууд л энэ спортоор ноёлдог гэж дархлаасай . ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Иргэн
Иргэн
12 сар 14, 2023 21:27

Олигтой тэмцээн биш бололтой.

Лол
Лол
12 сар 15, 2023 00:18

Үхсэн баасны спорт. Зүгээр л утасны тоглоомчид

Холбоотой мэдээ

Back to top button