Наполеон амиа егүүтгэхээр хийлгэсэн буунууд 1.7 сая фунтээр зарагджээ

Францын удирдагч агсан Наполеон Бонапарт өөрийнхөө амиа хорлох зорилгоор хийлгэсэн хоёр буу дуудлага худалдаагаар орж 1.7 сая фунтээр (1.8 сая ам.доллар) зарагдсан байна.
Дуудлага худалдаа ням гарагт /2027.07.07/ Парис хотын өмнөд хэсэгт орших Фонтенблод явагджээ.
Шинжээчид тус хоёр бууг 1.2-1.5 сая фунт хүрнэ гэж таамаглаж байсан юм. Алт, мөнгөөр чимэглэсэн буунууд дээр Наполеоны нэрийн эхний үсгийг сийлбэрлэсэн байна.

1814 онд Франц гаднын хүчинд өвдөг шороодож, Парис эзлэгдсэний дараа Наполеон тэр хоёр бууг ашиглах шахсан гэгддэг юм.
Дуудлага худалдааны төвийн мэргэжилтэн Жан-Пьер Осенат “AFP” агентлагт хэлэхдээ “Франц ялагдсаны дараа тэрээр их сэтгэлээр унасан тул эдгээр зэвсгээр амиа егүүтгэхийг хүссэн. Харин түүний туслах бууны дарийг авсан байсан юм” гэжээ.
Ийм учраас Наполеон оронд нь хор уусан ч бөөлжиж гарган амьд үлдсэн тул туслахдаа үнэнч байсных нь төлөө буунуудыг бэлэг болгон өгсөн байна.
Эрх мэдлээсээ унасны дараа Наполеон Италийн Эльба аралд цөлөгдсөн байдаг. Тэрбээр удалгүй Францад эргэн ирсэн боловч 1815 онд Ватерлүүгийн тулаанд Британийн армид ялагдсан юм. Үүний дараа тэр Сент-Елена аралд цөлөгдөж, зургаан жилийн дараа амьсгал хураасан байдаг.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.