НИЙГЭМ

Олимпын багийн сэтгэл зүйч Н.Рэнжмаа: Сэтгэл зүйн ямар дасгал хийх ёстойг цахимаар сануулж, ярилцаж байна

"Парис 2024" олимпын наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод Монгол Улсыг төлөөлж 32 тамирчин оролцож буй. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд манай тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчгүй олимпыг зорьсон гэх асуудал олны анхаарлыг татаад байгаа.

Иймд энэхүү асуудлаар олимпод өрсөлдөж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйчдийн багийн гишүүн, сэтгэл зүйч Н.Рэнжмаагаас тодрууллаа.

-Олимпод эх орноо төлөөлж буй тамирчид сэтгэл зүйчгүй явсан гэх асуудал олны анхаарлыг татаж байна. Тамирчдад сэтггэл зүйч яагаад чухал гэдгийг эхлээд тайлбарлаж өгөөч?

-Тамирчин бүр бие бялдрын болон техник тактикын тал дээр хангалттай бэлтгэл сургуулилт хийсэн ч яг тэмцээний өдөр болоход сэтгэл санаа ямар байх нь  амжилттай байх эсэхийг шийдвэрлэхэд томоохон хүчин зүйл болдог гэдгийг шинжлэх ухаанчаар ойлгож, мэддэг цаг үе ирсэн байна. Дасгалжуулагчид ихэвчлэн бие бялдар, техник тал дээр ажилладаг бол сэтгэл зүйчид оюун санаанд анхаарлаа хандуулж ажилладаг. Жишээлбэл, олимп гэдэг бол тамирчин бүрийн хүсч, мөрөөддөг оргил. Тэр хэмжээнд хүрч, улс орноо төлөөлөн хүч сорино гэдэг бахархалтай төдийгүй хариуцлагатай зүйл.

Энэ чухал тэмцээний үеэр (зөвхөн олимп биш тухайн тамирчны хувьд чухал, ач холбогдолтой тэмцээн бүр хамаарна) санаа зовох, дарамт мэдрэх зэргээс үүдэн анхаарал төвлөрөхгүй байх боломжтой. Мөн багийнхантайгаа харилцахдаа уур бухимдлаа хянаж чадахгүй байх эсвэл бэлтгэлээ хийх сэдэл төрөхгүй байх зэрэг бэрхшээлүүд ч үүсч болно.

Эсвэл яг тэмцээний үед амьсгал давхцах, булчин чангарах, төвлөрөл алдагдах, өөртөө итгэх итгэлгүй болж бас болно. Энэ үед спортын сэтгэл зүйч тамирчинтай ярилцаж, тухайн нөхцөл байдалд тохирсон сэтгэл зүйн арга техник ашиглан тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж, өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглахад нь тусалдаг. Мөн өөртөө тавьсан хүлээлт болон бусад хүмүүсийн хүлээлт, дарамт шахалтыг даван туулахад спортын сэтгэл зүйч тусалж, сандрал түгшилт өндөр байх үед тайвшрах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг. 

Товчхондоо спортын сэтгэл зүйч нь тамирчныг өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчилж, ашиглахад сэтгэл зүйн болон танин мэдэхүйн талаас дэмжиж ажилладаг.

-Тамирчдыг дагаж яваагүй ч олимпод явах хүртэл нь хамтарч зөвлөгөө өгч ажилласан гэлээ. Ямар зөвлөгөөнүүдийг өгч, ямар арга барилаар хэд хоногийн турш ажилласан бэ?

-Парисын олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох олимп, пара олимпын тамирчидтай 2023 оны есдүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Тодруулбал, өмнө оны есдүгээр сараас 12 дугаар сарыг дуустал нийт 25 баг бүрэлдэхүүний тамирчдаас сэтгэл зүйн судалгаа авч, үр дүнг боловсруулж ажилласан. Харин 2024 оны нэгдүгээр сараас эхлэн сэтгэл зүйн дэмжих баг маань зургаан сэтгэл зүйчийн бүрэлдэхүүнтэйгээр судалгааны үр дүндээ үндэслэн шигшээ багийн баг тамирчдад бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгч мөн сэтгэл зүйн боловсрол олгох сургалтууд зохион байгуулан ажиллаж ирсэн. Ийнхүү ажиллахдаа багуудын дотоодын цугларалтуудад байрлаж, биечлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Мөн гадаадын цугларалтад цахимаар зөвлөгөө өгөх зэргээр тухайн нөхцөл байдалд боломжит хувилбараар өдийг хүртэл ажиллаж ирсэн. 

-Одоо тамирчидтайгаа онлайнаар холбогдож байгаа юу, хэр үр дүнтэй байна?

-Гадаадын цугларалтад зарим тамирчид цахимаар сэтгэл зүйчтэйгээ холбогдон ажиллаж сурсан байсан нь олимпын үед онлайнаар холбогдож ажиллахад дөхөм байгаа. Гэсэн хэдий ч яг тэмцээнтэй өдөр нь шууд холбогдох учир дутагдалтай байдаг. Тамирчид бэлтгэлээ хийх хэрэгцээтэй байхад нь утсаар залгаад яриад байх тийм ч тохиромжтой нөхцөл биш байдаг. 

-Тэгэхээр тамирчдаа дагаж яваад зөвлөх, хол зайнаас цахимаар зөвлөгөө өгөх хоёрт ихээхэн ялгаа гарч байгаа байх?

-Тамирчидтай дотоодын цугларалтын үед хамт байж ажиллах үеийн туршлагаас харвал  бэлтгэл сургуулилтаа хийж байх үед сэтгэл санааны байдал, бэлтгэлээ хийж байгаа эрч хүч урам зориг, хоорондын харилцаа зэргийг дэргэдээс харж, ажиглаж, хэрэгцээтэй үед дэргэд нь үргэлж бэлэн байж ажиллах нь их чухал нөлөөтэй байсан. Мөн тамирчид тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлуудаа шийдвэрлэх, даван туулах зэргээр сэтгэл зүйн тусламж авахаар бэлтгэл сургуулилтад бодит үр дүн, ахиц гарч байгаа нь анзаарагдсан.

Дэмжих багийн хувьд жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр багаараа очиж ажилласан нь их үр дүнтэй туршлага болсон. Яг тэмцээний үед тамирчинд үүсч буй сэтгэл зүйн тогтворгүй байдал, сандрал, түгшилтийн үед сэтгэл зүйчид ажиллахад тухайн тэмцээнд амжилттай, ахицтай оролцож байсныг тамирчид төдийгүй сэтгэл зүйн багийнхан мэдэрсэн. 

Харин цахимаар ажиллахад тамирчид маань тодорхой хэмжээнд өмнө нь сэтгэл зүйчтэйгээ ажилласан туршлагатай байсан учраас зөвлөгөө өгөхөд дөхөм болж байна. Шаардлагатай нөхцөлд сэтгэл зүйн ямар дасгал хийх ёстойг сэтгэл зүйч цахимаар сануулах, шаардлагатай бол ярилцах зэргээр ажиллаж байгаа. 

-Олон улсын журмандаа тухайн улсаас хэдэн тамирчин эрх авахаас шалтгаалж түүний 50 хувьтай тэнцэх тооны дагалдах хүмүүсийг авч явдаг юм байна. Энэ шалтгаанаар та бүхэн багт багтаагүй гэж ойлгосон. Гэхдээ дэмжих багийг анх удаа энэ жил ажиллуулсан нь ахиц байв уу. Цаашид энэ асуудалд хэрхэн анхаарах нь зүйтэй гэж бодож байна?

-2024 оны Парисын олимпод дэмжих багийг албан ёсоор ажиллуулж байгаа нь өөрөө маш том дэвшил. Эхлэлийг нь тавьчихсан юм чинь цаашид шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн дэмжих багийг зөвхөн олимпын жил биш наанадаж дараагийн олимп хүртэл дөрвөн жилээр ажиллуулж, дараа дараагийн олимпуудад судалгаа шинжилгээнд үндэслэсэн арвин их туршлагатай болох байх гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-08 08:18

ТАМИРЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙ ГЭЖ МАШ ТОМ ШУ БАЙНА ҮҮНИЙГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ МЭРЭГЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД ҮҮН ДЭЭР МАШ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ АВЧ ЯВАХ БАЙСАН ЮМ БАТТҮШИГ ГЭЖ НЭГ МУУ ОЛИГАРХИ ЭХНЭРЭЭ ДАГУУЛЖ ЯВАХААР ХООЛ ЗҮЙЧ СЭТГЭЛ ЗҮЙЧДЭЭ ДАГУУЛЖ ЯВАХ ЁСТОЙ БАЙЛАА.ОЛИМП ДЭЛХИЙН АВАРГАТАЙ УЧРАА ТААРАХААРАА ӨӨ БИ ТЭНГЭР ХАРЧИХЛАА ГЭДЭГ ЭНЭ СЭТГЭЛГЭЭГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.ХЭН Ч МЭДЭХГҮЙ НЭГ ХӨӨРХӨН ОХИН ҮСЭРЧ ГАРЧ ИРЭЭД БҮГДИЙГ НЬ АВЧ ШИДЭЭД МӨНГӨН МЕДАЛЬ АВСАН ЭНЭ БОЛ БААСАНХҮҮ БАЙЛАА МАШ ИХ ЗОРИГТОЙ ӨӨРИЙХӨӨ ИЛҮҮ ГЭДГИЙГ МЭДЭРСЭН ОХИН.

нараа
нараа
2024-08-08 10:48

Сэтгэл зүйч явсанаас дарга нар явсан нь дээр зөв үү

Зочин
Зочин
2024-08-08 12:07

Аль ч с�##�бар мэргэшсэн хүнийг үнэлэхгүй байна. ШУны с�##�бар хэдэн дарга нарын тойрогт эргэлдэж байна шүү дээ. Одоо тэд нарыг сольж с�##�хи оруулмаар байгаа юм. УИХд лоби байгууллаа гэсэн яав аа?

Холбоотой мэдээ

Back to top button