Ганцхан өдөр ажил эрхэлж НДШ төлсөн тохиолдолд "Цалинтай ээж" хөтөлбөрөөс хасагддаг
Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 200 мянга гаруй эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагддаг. Энд 0-3 насны хүүхэд нь эрүүл саруул бойжиж буй ээжүүдэд сард 50 мянган төгрөг улсаас олгодог байна.
Тухайн 50 мянган төгрөгийг авч буй ээж хаяа нэмэлт орлого олох боломж нь нээгдэж, хэдхэн өдөр ажиллаж, тухайн байгууллага НДШ төлсөн тохиолдолд “Цалинтай ээж” хөтөлбөрөөсөө хасагддагт ээж нар шүүмжлэлтэй хандаж байна.
Ээжүүдийн зүгээс "Нэг уут памперс авч хүрдэггүй мөнгөө нэмэхгүй хэр нь, ганц өдөр ажилласных нь төлөө мөнгөө олгохоо зогсоочихдог энэ байдлаа зогсоох хэрэгтэй" хэмээж буй.
-“Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл гаргасан ч ажил хэрэг болоогүй-
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл санаачилсан.
2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар 102 мянга давсан. Хэрэв 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлж байсан ч одоогийн байдлаар тус мөнгөн тэтгэмж нэмэгдээгүй хэвээр байна.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.