Чуулган I МАН-ын бүлэг 2025 оны төсвийн асуудлаар тав хоногийн завсарлага авч, чуулган өндөрлөлөө
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч УИХ дахь Монгол Ардын Нам (МАН)-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Яагаад гэвэл УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүй. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзсэн. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.5-д заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага олгохыг хүсье" гэлээ.
Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан учраас өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Үдээс өмнөх хуралдаан
НЭМЭЛТ: 13:00 цаг
-Л.Оюун-Эрдэнэ: Эрсдэлтэй агуулгаар бүхнийг хойш нь тавиад байвал байрандаа байсаар л байна-

-Л.Оюун-Эрдэнэ: Эрсдэлтэй агуулгаар бүхнийг хойш нь тавиад байвал байрандаа байсаар л байна-
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн санаачлагчийн илтгэлийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, үг хэллээ.
Тэрбээр "Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийг цэглэхийг хүсэж, төлөвлөсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон Парламентын засаглалын шинэ эрэн үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл зөвхөн нутаг тойргийн биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж байна. Энэхүү өндөр хүлээлт хариуцлага дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий парламент түүнээс бүрдсэн Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй. Өмнөх шиг эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өмнөх 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг та бид хамтдаа бүрэн ухамсарлах учиртай. Аливаа асуудлын шийдлийг олж амжилт олоход нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай байдгийг бид 2024 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс бэлээхэн харж бас суралцаж болно. Ийм л алдааг давтахгүйн тулд Бид хамтарсан засгийн газрыг байгуулж, хурдтай хөгжлийн төлөөх зориг, гэрээнд үндэслэн Засгийн газар эхний төсвөө эхний төсвөө УИХ-д ийнхүү өргөн барьж байна.
НЭМЭЛТ: 11:50 цаг
-П.Наранбаяр: Багш нарын цалинг 30 хүртэлх хувиар нэмэхээр ажиллаж байгаа-

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийн төлөвлөгөөг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: 2025 онд цалингийн хэмжээ 6 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Ингэснээр багш нарын цалин 84 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Та хөдөлмөрийн яам руу шаардлага хүргүүлж байгаа гэсэн хариу нь ирсэн үү. Боловсролын яам цалинг хэдэн хувиар нэмэх санал өгсөн бэ. Энэ жил ЕБС-иуд 4200 багшийг дутагдал байгаа гэж ярьж байсан. Хэдэн багшийн орон тоог нэмж байгаа дахин хэд дутуу байгаа талаар мэдээлэл өгнө үү.
Боловсролын сайд П.Наранбаяр: Багшийн дутагдлын тухайд ганц жишээ дурдая. Физикийн багшийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС-ийг 2024 онд найман хүн, 2023 онд хоёр хүн, 2022 онд долоон хүн төгссөн. МУБИС-ийг жилдээ 30 орчим хүн төгсөж байна. 2024 оны наймдугаар сард физикийн 190 багш дутсан. Есдүгээр сарын байдлаар 11 хэн багш ажилд орсон. Сумуудаар явбал физик, химийн багшгүй. Тэтгэвэрт гарсан математикийн багш нар нь 20 гаруй цагаар ажилладаг. Нийслэлийн захын сургуулиудын физикийн багш нар бүр 40 цагийн ачаалалтай явж байгаа. Үйлдвэрчний эвлэл яамны хооронд байгуулсан хамтын хэлэлцээний дагуу салбарын ажилчдын цалинг 2026 он хүртэл 30-аас доошгүй хувиар өсгөнө гэсэн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Энэ дагуу бид ажиллаж байгаа.
НЭМЭЛТ: 11:20 цаг
-Х.Баасанжаргал: Түр саатуулах процессийн хуулиуд давхацсан байдлыг засах ёстой-

-Х.Баасанжаргал: Түр саатуулах процессийн хуулиуд давхацсан байдлыг засах ёстой-
УИХ-ын чуулганы хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Процессын хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулиудаар хүнийг саатуулах, баривчлах ажиллагааг зохицуулаад байхад дахиад албан саатуулахаас гадна, түр саатуулахыг цагдаагийн байгууллагын тухай хуулиар зохицуулж байгаа нь хэр оновчтой вэ. Эрх үүргийг нь танилцуулахгүй өрөөнийхөө гадаа суулгаад л байдаг. Суулгаад л байдаг. 2-3 цагийн дараа “за таныг түр саатуулах гэж байна” гэж хүний эрхийг зөрчих вий гэдгээс болгоомжилж байгаа учраас 22.2-ыг зориуд ишилж заалтад оруулж байгаа. Энэ дээр нэн даруй гэдэг зохицуулалтыг оруулж ирэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ асуудлыг гишүүд ярьж байгаа. Ер нь энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж байгаад ч юм уу яаж зохицуулалт хийх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй. Энэ асуудлыг эргээд сайн харах хэрэгтэй гэдэг дээр би санал нэгдэж байгаа. Цагдаагийн хууль Үндсэн хуулийн ЦЭЦ дээр хэлэлцэгдээд ороод ирсэн учир энийг бид янзалж өгөхгүй үлдээчихвэл хүний эрхийн нөхцөл байдал хүнд болно. Бүр хуульгүй болно. 6-10 цаг саатуулах асуудлыг зохицуулах зохицуулалт нь байхгүй болно гэсэг үг. Тэгэхээр энийг бид сайжруулж өгөх зайлшгүй шаардлагатай.
НЭМЭЛТ: 11:00 цаг
-УИХ-ын гишүүдийн саналыг тоолох кноп ажиллахгүй байна-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцээд санал хураалт явуулахад чуулганы танхимыг санал тоолох төхөөрөмжийн хонх дуугарсангүй. УИХ-ын дарга санал хураалт явуулах гэж байгааг мэдэгдэн алхаа цохисны дараа хонх дуугарч, гишүүд саналын кнопоо дардаг. Гэтэл хонх дуугараагүй тул зарим гишүүн саналаасаа хоцорсон байна. Тиймээс дахин санал хураалт явуулахаар боллоо.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "парламентын танхимд ашиглаж байгаа системд аудит хийх ажлын хэсэг байгуулж, Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан" гэлээ.
НЭМЭЛТ: 10:45 цаг
-2025 оны төсвийн асуудлаар Ерөнхий сайд үг хэлнэ-

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд 2025 оны төсвийн асуудлаар үг хэлнэ.
ЭХЛЭЛ: 10:30 цаг
-2025 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж эхэллээ-

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг,
- Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх,
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.