Хараагүй иргэд нийтийн тээврээр зорчихдоо сонсох эрхээ зөрчүүлж байна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хамгийн наад захын тулгамдаж буй зүйл бол автобус тойрсон асуудал. Үүнд автобусны хүрэлцээ, чанарын стандарт, зорчигчдын амгалан тайван байдал зэрэг асуудлууд орж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд дийлэнх автобусны буудал зарлагч дуугарахгүй, ажиллахгүй болсны улмаас хараагүй иргэдийн сонсох эрх зөрчигдөж, буух ёстой автобусны буудлаасаа хэтрэх зэрэг олон асуудалтай нүүр тулж байна.
Монгол Улсад 12 мянга 600 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдардаг гэсэн судалгаа байна. Үүний 4000 орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг. Монгол Улсад автобус буудал дээрээ зогсдоггүй, автобусны номер, чиглэлийг гадагшаа зарлаж, мэдээлдэг систем хэрэгждэггүй. Энэ нь харааны бэрхшээлтэй хүнд тулгардаг маш том асуудал бөгөөд ямар чиглэлийн хаашаа явах автобус ирж буйг харж чадахгүйн улмаас нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэрхшээлтэй зүйлсүүд тулгарч байгаа юм.
Өнөөдөр манай нийтийн тээврийг нийтээрээ ашиглаж, үйлчлүүлж чадаж байна уу гэвэл үнэндээ үгүй. Энэ асуулт нийгмийн нэг хэсэг болох тулгуур эрхтний болон харааны зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хязгаарлагдмал байсаар ирсэн. Туслах хэрэгсэл, төхөөрөмж, орчин нөхцөлийг нь бүрдүүлээгүйн улмаас автобусаар үйлчлүүлж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ялгаварлан гадуурхалд өртөж буйн нэг хэлбэр гэж АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуульд заасан байдаг. Манай иргэдийн хувьд ч ялгаагүй.
Мөн хамгийн наад захын асуудал бол сүүлийн үед автобусанд суух үед автобусны зарлагч ажиллахгүйн улмаас хараагүй иргэд буудлаасаа хэтрэх, эсвэл хүмүүсээс байн байн асууж байж буух гэсэн сонголтод дунд амьдарч байна. Автобусны зарлагч ажиллахгүй байгаа энэ тохиолдолд хараагүйчүүдээс гадна энгийн иргэдэд хүртэл зарим талаараа асуудал болж буй. Гэтэл өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй чиглэлд 1017 автобус явж байгаа хэдий ч өнөөгийн нөхцөл ийм байдалд байгаад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсийнхэн анхаарах учиртай. Түүгээр ч зогсохгүй, хэдхэн автобусанд нэмэлт тоног төхөөрөмж тавиад өнгөрөх бус, бүх автобусаар бүх хүн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх нь тус газрынхны хийх гол ажил байх ёстой юм.
Нөгөө талаасаа манай нийгэмд орчны хүртээмжийг сайжруулах санал, санаачилга, ажлууд мэр сэр эхэлж, зарим талаараа “Энэ юу билээ” гэж анзаарагдаж эхэлсэн нь сайшаалтай.
Хамгийн наад захын жишээ гэхэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замыг нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд боломжийнхоо хэрээр тавьж байгаа. Стандарт алдсан, гүйцэтгэгчдийн болон ажил хүлээн авдаг хүмүүсийн хайнга, сэтгэлгүй хандлагаас шалтгаалсан буруу, зөрүүг нь эс тооцвол. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, замын ажлын гүйцэтгэлийн талаарх зэрэг олон стандарт манайд байгаа нь бас нэг дэвшил.
Уг нь Монгол Улсад орчны хүртээмжийн хууль, эрх зүйн баримт бичиг бас ч гэж гологдохооргүй гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн заалтуудаас харж болно. Мөн л хувь хүний, ажил гүйцэтгэгчид, түүнийг нь хүлээн авдаг байгууллагынхны хандлага, ойлголтоос шалтгаалан энэ бүхэн өнөөдөр хөрсөн дээр төдийлөн бууж, хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.