Нийгэм мэдээ

ТЦА: Цас их орсны улмаас хоёр аймагт зам, даваа хаагдсан

Өнгөрсөн амралтын өдрүүдээр цас орж, шуурсанаас болж орон нутгийн автозамд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдан, олон зам, даваа хаагджээ. 

Энэ талаар ТЦА-наас тодруулахад, “Баруун тийш Төв аймгийн Баянчандмань сум, түүнээс цааш явах замд халтиргаа үүсэн, замын үзэгдэх орчин хязгаарлагдсанаас зам тээврийн осол олон гарсан. Тоог нь одоохондоо гаргаагүй байна. Мөн Сэлэнгэ чиглэлийн зам мөстөж хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул хэсэг хугацаанд зам хаасан. Цаашлаад Хэнтийн замд зуны дугуйтай таван машин замын хажуу руу гулган орсон мэдээлэл бидэнд ирээд байна. Мөн хэд хэдэн машины шатахуун царцаж зогссон зэрэг олон асуудлууд гарсан.

Завхан аймгийн Загастайн даваа, Солонготын даваа, Архангай аймгийн Цагаан даваа, Хэнтий аймгийн Хамар даваа, Дуутын даваа чиглэлд цас их орсны улмаас гулгаа үүсэж тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд удаашралтай байсан.

Зүүн тийш Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа хаагдах төлөвтэй,  цаашлаад Багануур руу цасан шуургатай байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Урагшаа Багахангайн Хоолтын даваа хаагдсан, Дорноговь, Говьсүмбэрийн чиглэлийн замд автомашин явах боломжгүй байна. Иймд хөдөө орон нутгийг зорьж байгаа болон хөдөөнөөс нийслэл рүү гарах гэж байгаа жолооч нарт цаг агаар тогтвортой болтол замд гарахгүй байхыг анхааруулъя. 

Зуны дугуйтай тээврийн хэрэгслээр орон нутгийн замд гаргахгүй байгаа тул жолооч нар өвлийн дугуйгаа тавьж хөдөлгөөнд оролцоорой. Нийслэл хотын зарим хэсгийн өгсүүр замд халтиргаа үүссэнээс зуны дугуйтай тээврийн хэрэгслүүд гулган, хий эргэн зогсож бусад жолооч нартаа хүндрэл учруулан, зохиомол түгжрэл саатлыг бий болгож байна” гэлээ.  


2024 оны аравдугаар сарын 21-нээс 2024 оны аравдугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 22-нд Монгол-Алтайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2024 09:46

Жил бүрийн 10 сарын 01 нээс хойш зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохыг нь шууд хориглох хэрэгтэй, хор хохирол ихтэй, хүний амь настай холбоотой гэдэг үүднээс давтан зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг нь хасах, эхний удаад 100.000 төгрөгөөр торгох гм хатуу арга хэмжээ авах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button