ХОТЫН ДАРГЫН ЛОГИК: Чулуу байршуулахыг зөвшөөрсөн ч зөвшөөрөл аваагүй тул хураасан
Арванхоёрдугаар сарын 15-ны шөнө нийслэлийн төв талбайг тойруулан 152 сая төгрөгийн өртөгтэй 385 ширхэг чулуу байршуулав. Харин үүнээс тав хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 20-ны шөнө буцаан татаж нүүлгэв. Тоглоомтой.

Чулуу байршуулсны маргааш өглөөнөөс хэвлэлүүд “энэ чулуу ямар учиртай юм бэ” гэж төрийн албадаас хөл мэдэн асууж, эргэлдсэн ч холбогдох эзэн олдоогүй.
Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, НИТХ, Сүхбаатар дүүргийн Тохижилт ХХК, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг газрууд нь тодорхой хариулт хэлж бүгд МЭДЭХГҮЙ гэжээ.
Мөн бид Захирагчийн ажлын албаны Тохижилтын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулахад мөн л тоймтой хариу хэлээгүй, мэдэхгүй гэсэн юм. Үнэхээр мэдэх эзэн байсангүй.
Харин нөгөөдөр нь гэнэт л Хотын дарга С.Амарсайхан төв талбайд гарч ирэн, тайлбар авч, чулуунуудын загвар дизайнд дахин анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж, “Ахиад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй” гэсэн заавар, чиглэлийг ТТХГ-т өгсөн юм.
Тэрбээр энэ боржин чулуунуудыг талбай тойруулан тавих чиглэлийг есдүгээр сард өөрөө гарын үсэг зуран зөвшөөрсөн байдаг.

Гэтэл өнөөдөр “Өнөөдөр” сайтад өгсөн тодруулгадаа “Миний зөвшөөрөлгүй байршуулсан тул хураалгасан” гэжээ. Зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хоёрын аль нь юм бол?

“Хамар доор нь” 400 гаруй чулуу өрөөд байхад мэдээгүй Хотын дарга, олны амыг дагуулан ийн хэлсэн нь нөгөө л нэг “улстөржилт”, “олонд сайхан харагдах гэж, хийсэн үйлдэлдээ эзэн болж чаддаггүй” дүр төрхийг нь илчлэх шиг болов.
Гэтэл уг ажлыг 2018 оноос хойш ярьсаар өнөөдөр “ажил” хэрэг болгосон. Тэр үед Засаг дарга С.Амарсайхан байж л байсан.
Харин уг боржин чулуунуудыг сийлж хийсэн “Боржин суварга” ХХК-аас “Гурван жилийн өмнө бидэн дээр ирж иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд төв талбайг чулуугаар хүрээлнэ, танайх л үүнийг хийдэг юм байна гэсээр ирсэн. Манайх хэлбэр хийцийг нь гаргаагүй. Цаашид ч хэлбэр хийцийг өөрчлөх боломжгүй” гэдгээ хэлээд байна.
Харин тэд энэ сарын 25-наас өмнө дуусгах ёстой, үлдсэн 263 ширхэг боржин чулууг сийлж өгөхөөр ажилдаа шамдаж байгаа юм.
Ингээд Хотын дарга анхнаасаа батлагдаж, үйлдвэрлэлд ороод, төв талбайгаа тойруулж байршуулсан чулуунуудаа голлоо. Өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө үгүйсгэж байдаг С.Амарсайхан даргын улстөржилт өөрийгөө хохироогоод зогсохгүй, өрөөлийг, хувийн хэвшлийг хөлдөө чирч эхэлснийг мэддэг болов уу.
Т.САНТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.