Ажлын хэсгийн амжиж бодох асуудал: ЮНЕСКО-гийн Дэлхийн өв үү, Нарансэвстэйн боомт уу

Нарансэвстэйн боомтыг нээх эсэхийг судлах ажлын хэсэг иргэдийн өргөдлөөр байгуулагдсантай давхцан, энэ жил Монгол Улс юуг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр зүтгүүлэх вэ гэдгийг шийдэх гэж байна.
Дэлхийн өвийн үндэсний хороо хуралдаж, жилд нэг л өвийг сонгон ЮНЕСКО-д хүргүүлдэг. Энэ жилийн хувьд Монголын говь болон Хүннүгийн язгууртны булшийн аль нэгийг хүргүүлэхээр ярилцаж, тэд эхний хуралдаанаа хийжээ.
Монголын говь гэдэгт,
- Говийн их дархан цаазат газрын А, Б хэсэг
- Говийн бага дархан цаазат газрын А, Б хэсэг
- Ээж хайрханы байгалийн дурсгалт газар
- Алаг хайрханы байгалийн нөөц газар тус тус хамаарч байгаа юм.
Төв Азийн говь, цөлийн экосистемийн онгон дагшин хэвээр үлдсэн цор ганц үлгэр загвар нь манайд бий. Тэр үүднээс, гадаадын судлаачид ирж ажиллаад Дэлхийн өвд бүртгэх бүрэн үндэслэл, боломжтойг онцлоод буцсан байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн өөр хаанаас ч ийм говийг олж үзэх, судлах боломж байхгүй.
Нөгөө талаар энэ нь Нарансэвстэйн боомтын асуудалтай шууд огтлолцоно.
Юу гэвэл, хэрэв Дэлхийн өвд бүртгэн авбал Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд орших Нарансэвстэйн боомтыг нээх боломжгүй болно. Энэ өөрөө олон улсын гэрээ, конвенцоор дархлан хамгаалагдаж буй явдал. Эсрэгээрээ, Нарансэвстэйн боомтыг нээчихвэл говийг Дэлхийн өвд бүртгүүлж чадахгүй. ЮНЕСКО-гийн эрдэмтдийнг хувьд “Хэрвээ энд боомт нээчих юм бол Дэлхийн өвд бүртгэхгүй” гэж хэлснийг удаа дараа онцолдог юм. Тийм ч учраас манай Засгийн газрын өмнө “Нарансэвстэй юу, Дэлхийн өв үү?” гэдэг асуулт тавигдсаар ирлээ.
33 мянган иргэний гарын үсэгт үндэслэн байгуулагдсан УИХ-ын дэргэдэх ажлын хэсгийн хамгийн эхэнд авч үзэх, судлах үндэслэл энэ байв.
Харин Дэлхийн өвийн үндэсний хорооны гишүүдэд Ч.Номин сайдын нөлөө их, ихэвчлэн геологийн эрдэмтэд бүхий бүрэлдэхүүнтэй аж. ЮНЕСКО-гийн санхүүжилтээр Хүннүгийн язгууртны булшийг судалж, Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын бэлтгэлийг эртнээс хангажээ. Иймд энэ удаа Монголын говийг орхиж, Хүннүгийн язгууртны булшийг зүтгүүлж үзэх тал дийлж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Хэрэв Монголын говийг ЮНЕСКО-гийн хамгаалалтад авах асуудал хойшилбол Нарансэвстэйн боомт нээх цаг хугацааны боломж үүснэ. Ингэвэл Алтайн өвөр говийг мазаалай, хавтгайтай нь нэгэнт тавиад туучих эрсдэлтэй юм.
Иймд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ахалсан, Э.Болормаа, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Ж.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн өмнө бүр ч нухацтай бодох асуудал байна. Хэрэв Дэлхийн өвд бүртгүүлэх “өрсөлдөөн”-д энэ жилдээ говь ялагдвал, дараа жил хүртэл хамгаалж байх шаардлага байна. Нарансэвстэйн боомтыг нээлгэхгүй, ядаж жил тойрон “царцааж” үлдэх нь ерөөс хариуцлага, бодлогын асуудал болж хувирлаа.
Ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт 15 орчим минут товчхон хуралдаад таржээ. Намрын чуулган хаах хугацаа сунгагдсантай холбогдуулан, ажил их байна гэж тайлбарласан байна. Харин өнөөдрийн даваа гарагт эрдэмтэн, олон нийтийн төлөөлөлтэй 15.00 цагаас уулзахаар товлоод байгаа аж.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бороо орвол говь аврагдана.
Батэрдэнээ чи хэдэн хулгайч луйварчдын явуулгад арай автахгүй биз дээ.Ард түмний амьдр�##�д хэзээнээс санаа нь зовдог болчихов. Нарансэвстэйгээр л амьдр�##�ыг минь сайжруулж �##�ваа.