Д.Цогтбаатар, О.Номинчимэг нар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 24 дэхь хуралдаанд оролцож байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар эх орноо төлөөлж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 24 дэх өвлийн хуралдаанд оролцов.
2025 оны хоёрдугаар сарын 20-21-ний өдөр Вена хотноо болсон уг хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 240 гаруй парламентчид оролцож, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, тэр дундаа цөмийн аюулгүй байдал, кибер аюул занал, хиймэл оюун ухаан, мөн Украины асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн бүс нутагт үүсээд буй үл итгэлцлийг арилгах, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг дэмжих, үүнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын парламентын төлөөлөгчид Улс төр, аюулгүй байдлын Ерөнхий хорооны хуралдааны үеэр Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх тусгай хэлэлцүүлэгт оролцож, хүйтэн дайны дараа цөмийн зэвсгийн асуудал тулгамдсан шинж чанараа алдсан байх үед ч Монгол Улс энэ асуудлыг чухалчилж, өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласныг дурдаад, энэ санаачилгыг үргэлжлүүлэн Казахстан, Тайланд Улс дэмжжээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Пиа Кауматай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.