ХЭҮК: Цагдаа, прокуророос мэдээллээ оройтож, дутуу ирүүлсэн тул "Ноорог"-ийн асуудлаар даваа гарагт мэдээлнэ

Хүний эрхийн үндэсний комиссоос "Ноорог" медиагийн найман залууд тохиолдоод буй асуудалд дүгнэлт гаргаж, өнөөдөр танилцуулна хэмээж байсан. Тэгвэл хугацаа нь энэ сарын 24 буюу ирэх даваа гарагт болж хойшилжээ.
Энэ талаар ХЭҮК-оос "Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн О.У нарын 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө 22:00-07:00 цагийн хооронд "хойшлуулшгүй" үндэслэлээр баривчилж, ажлын байранд нэгжлэг хийж, гар утас, компьютер, хард диск, мемори зэрэг эд зүйлсийг нь хураан авч, тэдний халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж, Комиссын гишүүний дүгнэлтийг 3 дугаар сарын 21-ний өдөр олон нийтэд танилцуулахыг хэвлэлийн хурлаар мэдээлсэн билээ.
Мөрдөн шалгах ажиллагааны талаар тайлбар гаргуулах тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба тайлбар ирүүлсэн боловч нэмэлт баримтыг ирүүлэх талаараа 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 17.00 цагт Комисст мэдэгдсэн, Улсын Ерөнхий Прокурорын газраас тайлбарыг 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 18:45 цагт ирүүлсэн тул дүгнэлт танилцуулах хугацааг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулж байгааг мэдэгдье" гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.