Ерөнхийлөгчийн санаачилсан 4 хөтөлбөрт нийт ₮4 их наяд гаруйг зарцуулна

Хоёр хоногийн өмнө буюу /2025-04-23/-нд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Атрын аян зэрэг хөтөлбөрүүд дунд шатандаа очоод бүгд авлигажиж, саармагжиж байна. Хэрэгжилт байхгүй байгаа учир ажлын хэсэг ахалж байгаагийнхаа хувьд тариалан эрхлэлтийг дэмжих сан байхад зээл тусламж олгосон асуудлууд дээр УИХ-ын түвшинд хяналтын сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад албан ёсоор гаргаж байгаа" хэмээн хэлсэн байдаг.
Харин ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хэлсэн агуулгыг няцааж дараах тайлбарыг өгсөн.
"Үндсэндээ бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс болж хувирсан. Одоо маш их хүч зарж байж, “Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” гээд зорилтот хөтөлбөрүүд гаргаад, энэ салбарыг сэргээх том бодлого хэрэгжүүлж байна шүү дээ. Эдгээр арга хэмжээ хэрэгжиж байхад саяын зохицуулалт сөрөг нөлөө үзүүлээд эхэлж байгаа юм. Үүнийг УИХ-аар шийдэх гэж байна. Үүний цаана Монгол Улсад хөдөө аж ахуй байх уу, газар тариалан байх уу, хөнгөн хүнсний үйлдвэр байх уу гэдэг асуудал яригдана.
Би сайд болсноос хойш хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ аль болох урт хугацаанд, хөнгөлөлттэй зээлд хамруулахад онцгой анхаарч ирлээ. Надад хуваарилагдсан төсвийн эх үүсвэрийг бүгдийг нь банкуудад зээлийн эх үүсвэр болгон өгч байгаа. Зээл олголтод манай яамны нэг ч ажилтан нөлөөлөх эрхгүй. Манай салбар ил тод байгаа. Арилжааны банкууд өөрсдөө бизнесийн зарчмаар шийдвэрээ гаргаад, зээл олгоод явж байгаа. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг санхүүжилтээр ханган ажиллаж байгаа гэсэн үг. Үр дүн ч хангалттай гарч байна. Төсөл хөтөлбөрүүд дөнгөж хөдөлж эхэлж байна" хэмээв.
Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт", "Хүнсний хувьсал", "Тэрбум мод" "Эрүүл Монгол хүн" гэх өндөр өртөгтэй дөрвөн хөтөлбөр хэрэгжиж буй.
2.19 их наядын төсөвтэй "Цагаан алт"
Тус хөтөлбөр 2024-2028 он хооронд хэрэгжинэ. Энэхүү хөтөлбөр нь ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын орлогыг өсгөх зорилготой юм.
Нийт төсөв нь 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Харин арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм. Тодруулбал, энэ жил нийтдээ 788.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Үүнээс:
- Эргэлтийн хөрөнгөд: 300.0 тэрбум төгрөг
- Хөрөнгө оруулалтын зээлд: 488.9 тэрбум төгрөг
- Зээлийн хүүгийн хөнгөлөлтөд: 66.4 тэрбум төгрөг тусгагдсан.
Санхүүжилт нь улсын төсөв, арилжааны банкууд болон олон улсын түншлэлээр дамжин хэрэгжих бөгөөд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл, татаас, гаалийн хөнгөлөлт зэргээр дэмжлэг үзүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн:
- Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшин: 20–40%
- Ноосны боловсруулалтын түвшин: 25–55%
- Арьс, ширний гүн боловсруулалтын түвшин: 30–50%
- Экспортын орлого, гадаад валютын орлого нэмэгдэх
- Дотоодын хэрэглээг дотоодын түүхий эдээр хангах
1.7 их наядын төсөвтэй "Хүнсний хувьсал"
Хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах чиглэлтэй уг хөтөлбөрийг 2022-2026 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Ингэхдээ нийт 114 ажлыг хийхээр төлөвлөж, 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бүрдүүлэх боломжтой гэж үзсэн байдаг.
2022-2024 онд нийт 59.4 тэрбум төгрөг зарцуулсан "Тэрбум мод"
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг есөн хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй хөтөлбөр. Анх 2021 оны 11 дүгээр сарын 17-нд Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг.
2025 онд 1.6 тэрбумыг төсөвлөсөн "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр
Анх 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд хамруулах тогтолцоог бүрдүүлэх. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэх, монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих зорилготой.
Хэрэгжих хугацааны хувьд тодорхойгүй ч “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж буй. Эл хөтөлбөрийн хүрээнд 2025 онд л гэхэд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг.
-"Цагаан алт", "Хүнсний хувьсгал" хөтөлбөр 214 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаастай-
Дээрх дөрвөн хөтөлбөрийн хоёр нь стратегийн ач холбогдолтой. Улмаар иргэд, аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний зээл, санхүүжүүлэлт олгож буй.
"Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд л гэхэд энэ онд 788.9 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтэд тусгасан. Засгийн газраас зээлийн хүүгийн 10 хувийг хөнгөлж буй. Ингэснээр хөрөнгө оруулалтын зээл нь дөрвөн жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй; эргэлтийн хөрөнгийн зээл нь хоёр жилийн хугацаатай, 9-10 хувийн хүүтэй байна. Тооцоолж үзвэл:
- Зээлийн хүүгийн татаас нийтдээ 78.89 тэрбум төгрөг болж байна гэсэн үг.
Харин “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна. Энэхүү зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 3-5 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэйгээр олгож байна.
- Зээлийн хүүгийн зөрүү болох 13 хувийг Засгийн газар татаасаар олгож байна. Ингэхдээ, нийт 135.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Тэмдэглэл: Ерөнхийлөгчийн санаачилсан эл дөрвөн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэх ч үр дүнд хүрсэнгүй. Урт хугацаа зааж, өндөр өртөг төсөвлөж, төлөвлөсөн дүнгээсээ гадна зээлийн хүүгийн татаас нэрээр төсвийн мөнгөнөөс хумсалсан хэвээр байна. Одоогоор "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр нь 2006 оноос хойш үргэлжилж байгаа ч нийт хэчнээн төгрөг төсөвлөж, үрэгдсэн нь тодорхойгүй. Харин "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Тэрбум мод" гэх гурван хөтөлбөрт нийтдээ 4.5 их наяд төгрөг төсөвлөгдчихсөн байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх хурдхан зайлсан нь дээр. Газрын тосны үйлдвэр дээр зөв шийдвэр гаргасан бол өдийд Монголчууд бензин шатахууны асуудал аа 50 % шийдчихсэн байх байлаа. Гэтэл энэ салбарт туршлага байхгүй Энэтхэгүүдээр хийлгэж олон жил ард иргэдийг хохироосоор байна. Энэ үйлдлийнх төлөө огцруулах ёстой. Дахин сонгогдоно ч гэх шиг...үр ашиг муутай олон төсөл хөтөлбөр рүү их мөнгө хийж үрэн таран хийсэн жүжигчин
энэ чинь зүгээр л улсын мөнгөөр тоглож байгаа шоу. үр дүн нойл. энэ мөнгөөр өөр бүтээн байгуулалт хийсэн бол татвар төлөгч бидэнд хэрэгтэй байлаа. гурил, мах хямдарсангүй, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс үнэтэй байна,
Ковидын үеийн болон дараах үеийн манай улсын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн уналтыг эргэн санаарай. Эдгээр хөтөлбөрийн төсөвт ихэнх нь газар тариалан, хүнсний ногоо, ноолуур, гурилын үйлдвэр, ХАА-н бүтээгдэхүүний салбарт ажиллаж байгаа үйлдвэрлэгчдэд олгох зээл, түүнд үзүүлэх хүүгийн хөнгөлөлт багтаж байгаа байх даа. Зээл авсан нь эргээд л төлнө шүү дээ. Төсвийн задаргаанд анхаарахгүй, шууд хөл дүнгээр нь биччихээд хүмүүсийг төөрөгдүүлээд, төрийнхээ бодлогыг үнэгүйдүүлээд байх юм даа. Харин энэ нь цаанаа импортыг шүтэх, чанаргүй, хугацаа сольсон зэрэг агуулахын " хог" бүтээгдэхүүнийг гаднаас импортолж, өндөр үнээр зарж, иргэдээ шулдаг хүмүүсийг дэмжсэн, тэдний гар хөл бологчдын хийж байгаа бусниулан самрах ажиллагааг нууж байгаа гэж харагдаж байна.
Эрүүл монгол хүн гэдэг хамгийн зөв ажил байсанч хийгдээгүй цаасан дээр худлаа их мөнгө завшсан