СПОРТ

“Алдар танан Гарьд” баг лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байна

Сагсан бөмбөгийн “Гоё” дээд лигийн нэгдүгээр тойргийн ээлжит хоёр тоглолт даваа гарагт Спортын төв ордны А зааланд боллоо. Энэ өдрийн эхний тоглолт лигийн зургаан удаагийн аварга “СБЛ Хасын Хүлэгүүд” болон энэ улиралд шинээр лигт элссэн “Багануур Тулнууд” багуудын хооронд болов. “Хүлэгүүд”-ээс багийн ахлагч Б.Билгүүн бэртлийн улмаас сар гаруй талбайд гарахгүй болсон. “Тулнууд”-аас Б.Бумбаяр, Т.Билгүүн, Б.Хишигбаяр, Н.Ганбаатар нар тус тоглолтыг өнжив.

Энэ улиралд бүрэлдэхүүндээ 50 хувийн шинэчлэлт хийсэн “Хүлэгүүд” тоглолтын эхнээс хошуучилж, улирлын гурав дахь хожлоо авлаа. Тоглолт 83:74-ийн харьцаатай өндөрлөсөн тоглолтод багийн холбон тоглогч, өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч О.Сэргэлэн 20 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, долоон оновчтой дамжуулалтаар багаа манлайлсан бол түүнд лигийн туршлагатай тоглогчдын нэг З.Доржсүрэн 21, С.Өрнүүнбилэг 16, Б.Батжавхлан 14 оноогоор тусалжээ.

“Хүлэгүүд”-ийн хувьд хоёрдугаар тойргоос легионер тоглогчдоо авчрах юм байна. Харин “Багануур Тулнууд” баг нэг легионер тоглогчтойгоор “Хүлэгүүд”-ийн эсрэг тоглосон ч хожил байгуулж чадсангүй. “Хүлэгүүд” оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар “Тулнууд”-аас илүү байж чадсан юм. “Тулнууд” энэ үдэш хожигдсоноор улирлын дөрөв дэх хожигдолоо амслаа. “Тулнууд”-аас Г.Насанжаргал 18 оноогоор багаа тэргүүлж Т.Ганзориг, А.Дөлгөөн нар тус хүргэсэн ч энэ нь хангалттай байсангүй.

Энэ үдшийн хоёр дахь тоглолт “Хан-Уул Хангарьд” болон “Алдар Танан Гарьд” багуудын хооронд болов. Ш.Сэдбазар дасгалжуулагчтай “Хан-Уул Хангарьд” багаас энэ тоглолтыг Б.Сайнтөр, А.Од нар өнжсөн бол “Гарьд”-уудаас А.Тэмүүжин, Ж.Алтаншагай, М.Тэлмэн нар өнжлөө.

Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд шинэ улиралд эхнээсээ манлайлж, бэлтгэл сайтай байгаагаа харуулсаар байгаа бол тус тоглолтонд мөн л итгэл төгс, жигд сайн тоглолтыг үзүүлж, улирлын тав дахь хожлоо авав. “Гарьд”-ууд легионер тоглогчын хувьд сайн сонголт хийсэн нь тоглолтоос тоглолтонд харагдаж байлаа. Тус багийн легионер тоглогч Д.Лавандер лигийн гурав дахь тоглолтдоо мөн л 20-оос дээш оноо авч, багаа хожилд хөтлөлөө.

Тэрбээр “Хангарьд”-ын эсрэг 22 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалтыг дунджилсан бол түүнд О.Эрдэнэцогт 19, О.Ууганбаяр, Б.Болдбаатар нар тус бүр 10 оноогоор тус хүргэлээ.

Тоглолт 90-78-ийн харьцаатайгаар “Гарьд”-уудын хожлоор өндөрлөсөн. Гарьдууд довтолгоо, алсын зайн шидэлт, чөлөөт шидэлт, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт зэрэг бүхий л үзүүлэлтүүдээр эсрэг багаас давуу байж чадсан юм. Ийнхүү “Алдар Танан Гарьд” баг нэг ч хожигдолгүй, лигийг итгэл төгс тэргүүлсээр байгаа бол “Уурхайчид” болон “СБЛ Хасын Хүлэгүүд” гурван хожил, хоёр хожигдолтойгоор удаалж байна. “Гоё” дээд лигийн дараагийн тоглолт маргааш буюу лхагва гарагт “Алдар Танан Гарьд” болон “Хасын Хүлэгүүд”, “Уурхайчид” болон “Хангарьд” багуудын өрсөлдөөнөөр үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mio
Mio
1 сар 14, 2020 16:51

Гоё бичжээ, өөр шиг чинь сагсан бөмбөгийн т�##�аар мэдээ , мэдээлэл бичдэг хүмүүс олон байгаасай

Холбоотой мэдээ

Back to top button