Гал морин жилд: Өөрийгөө цензурдэггүй нийгмийг бүтээх нь ардчиллын үнэ цэн

Ирж буй "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийг тэртээх 1990 оны төмөр морин жил шиг улс төрд тодорхой өөрчлөлт, шинэчлэлтүүд ирж магадгүй хэмээн бэлгэдэн тайлбарлах нь ч бий. Монголчуудын бэлгэдэлт буюу төрийн сүлдэндээ залсан морин жил гарч байгаа нь олон талаараа хүлээлт үүсгэх нь ч дамжиггүй.
Бичвэрийнхээ эхэнд дурдсанчлан 1990 оны төмөр морин жилд монголчууд социалист тогтолцооноос татгалзаж, зах зээлийн эдийн засагт шилжсэн бөгөөд нэгэн дуугаар ардчилсан эрх зүйт төрийг эмхлэн бий болгосон. Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалыг улс орондоо бүх нийтийн хүсэл, зоригоор авчирч чадсан юм.
Гэтэл энэ эрж, олж, тэмцэж бүтээсэн ардчилал гэх ойлголт нь хийсвэр зүйл шиг нэг хэвэндээ л оршоод байдаггүйг ухамсарлах. 2019 оноос хойш Монголд ардчиллын чанар доройтож байгааг дэлхийн олон улсын байгууллагуудын судалгаа харуулах болов. Ардчиллын чанар доройтож байгаа нь бидний өнөөх 1990 онд хүсэж бүтээсэн нийгэмд ухралт бий болж байна л гэсэн үг.
Тухайлбал, Монгол Улс "сонгууүлийн авторитар дэглэмтэй" гэх ангилал руу зугуухан гулсаж буй. Энэ нь эрх чөлөөний индекс буурч байгаатай ижил түвшний ойлголт.
Өөрийгөө цензурдэх үзэгдэл эдийн засгийн уналт, хямрал, инфляцын өсөлт, татварын дарамт зэрэг санхүүгийн нөхцлүүд шиг шуудхан иргэдэд мэдрэгдэхгүй ч аажмаар мэдрэгдэж, илүү том сөрөг үр дагавар авчирдаг.
Та нийгмийн аливаа нэг асуудлоын талаар нийтийн сүлжээнд хуваалцах үед таны үзэл бодлыг хэн нэгэн огтоос илэрхийлэгдэх ёсгүй зүйл мэтээр үгүйсгэх, улмаар сүрэглэн дайрч эхэлбэл хүн аяндаа нийгмийн шийтгэлд өртөхөөс болгоомжилж эхэлнэ. Цахим орчинд бусдын, ялангуяа төрийн албан тушаалтныг шүүмжлэх, үзэл бодол үл нийцсэний араас нэр, нүүргүй хаягуудаас дайрах, хууль хүчнийхэн дуудах, шалгах зэрэг нөхцөл нийгэмд олон давтагдаад эхэлсэн бол энд ардчиллын зарчим гэхээсээ авторитар дэглэмийн хэв шинжүүд ажиглагдаж байна гэсэн үг.
Ялангуяа академик эрх чөлөөг монголд сайн хамгаалдаг уу гэдэг асуултад эрдэмтэн, судлаач, ТББ-ынхан "үгүй" гэж хариулдаг. Улс төрийн аливаа шууд болон шууд бус дарамтад өртөхгүйн тулд улс төрчдийг чиглэсэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс цааргалдаг байна. Академик эрх чөлөө хумигдах нь ардчилсан улсад харанхуй нүүрлэж буйтай л ижил.
Өөрийгөө цензурдэх үзэгдэл нь,
- Шийтгэлээс айх
- Нийгмийн дарамтаас эмээх
- Улс төрийн агуулгаас жийрхэх
- Соёлын хэвшмэл ойлголтыг үл хөндөх зэргээр илэрдэг.
Мөн өөр нэг хэлбэр нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх болон үзэл бодлоо илэрхийлсний хариуд улс төрийн албан хаагчид шалгана, баривчилна гэх аль эсвэл тэдэнтэй холбоотой хувийн мэдээллүүдийг цахимд түгээх зэргээр олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаа нь ардчиллын зарчимд нийцэхгүй.
Ардчилсан улсад улс төрийн албан тушаалтнууд нь шүүмжлэгчдийнхээ дуу хоолойг сүрдүүлэх, таслан зогсоох хэлбэрийг дэмжих ёсгүй юм.
Ил тод хэлэлцүүлэг өөрөө ардчилсан тогтолцооны хамгийн эрүүл үзэгдэл бөгөөд сошиал дарамтууд, тролл сэтгэгдэл, улс төрчдийн хяхалт хавчлагаас үл хамааран хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй, шударга байх зарчим нь өнөөдрийн нийгмийн амин чухал зүйл байсаар байх учиртай.
Тиймээс Гал морин жилд өөрийгөө цензурддэг нийгмийг бүтээхгүй байхад алхам урагшлах. Ардчиллын үнэ цэнээ парламент нь, Засгийн газар, Төрийн тэргүүн нь хамгаалдаг байхыг хүснэ.
Ц.ТАМИР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.