Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Л.Доржням: Найруулагчид драмыг энгийн гаргаж, үзүүлж мэдэхгүй, мэдрэхгүй байна

"Байтаг Богд", "Орилоон-II", "Тэнгэрийн хүү", "Сөрж болдоггүй тавилан" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээр нь үзэгч, уншигчид СТА, жүжигчин Л.Доржнямыг таних учиртай. Тэрбээр 1976-1978 онуудад УБДС-ийн кино, драмын ангид суралцаж, 1978-1982 онуудад ЗХУ-ын Ленинград хотын Н.К.Крупскаягийн нэрэмжит Соёлын дээд сургуульд сурч төгссөн.

Улмаар 2000-2009 онуудад "СУИС"-д багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан нэгэн. Хожим дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн тэрбээр өдгөө 40 гаруй кинонд дүр бүтээгээд байгаа юм. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Анх таныг өндөр цалинтай ажлаа хаяад театрт туслахаар орж байсан гэсэн. Урлагт үнэхээр хайртай байжээ?

-Тухайн үед нийгэм цаг үе одоогийнхоос өөр байж. Би Сэлэнгэ аймгийн хүн. Улаанбаатар орохын тулд замын хуудас гэх бичиг хорооноос авдаг байлаа. Хөдөөгийн хүмүүсийг илт ялгаварлан гадуурхдаг байсан үе. Эрх чөлөөт бус хязгаардмал нийгмийн хүн чинь яаж Улаанбаатарт ажиллаж, амьдрах вий дээ. Таны хэлж байгаа бол үнэн. Цэргээс халагдаж ирээд удаагүй байхад И.Нямгаваа найруулагч намайг Дархан хотын залуучуудын театрт жүжигчнээр авсан. Би Дулааны цахилгаан станцад машинестийн ажилтай байсан юм.

Аймгийн намын хорооны дарга нар 700 төгрөгийн цалинтай байхад Дулаан цахилгаан станцад би 900 төгрөгийн цалин авдаг байлаа. Гэтэл И.Нямгаваа найруулагч өндөр цалинтай ажлаа хаяад 120 төгрөгийн цалинтай театрын туслахын ажил хийж чадах уу гэхэд нь би чадна гээд орсон толгой. Дархан хотын театрт хоёр жил ажиллахдаа И.Нямгаваа найруулагчийн таван ч жүжигт дүр бүтээгээд амжсан. Тэгэхээр яалтгүй И.Нямгаваа миний багш. 1976 онд намайг хот явж сургуульд сур гээд явуулсан. "УБДС"-д иртэл Б.Мөнхдорж багш анги дааж таараад би оюутан нь болж орж байлаа. Ингээд бодохоор хоёр мундаг хүний шавь байгаа юм.

-Одоо эргээд харахад тухайн үеийн кино урлаг хэр их хөгжсөн байна вэ?

-Хөгжсөн байлгүй яах вэ. Зах зээлийн үед төр улс нь кино урлагаа өнчрүүлж хаясан шүү дээ. Ууг нь Соёлын яамны харьяа байсан юм. Сүүлдээ киноны байрны халаалт, дулааны үнийг төлж чадахгүйд хүрээд хөсөр орхисон. Нэг ёсондоо далайд жолоогүй усан онгоц үлдээсэн хэрэг. Тэр хүнд хэцүү үед манай киночид өөрсдөө мөнгө олоод уран бүтээлээ хийсээр л байсан. 1990-2000 онуудад кинонд хайртай залуус кино урлагаа амьд байлгаж, амь таслалгүй авчирч чадсан. Монголчуудыг үзэх зүйлээр таслаагүй. Хошин шогийнхон ҮЭ-ийг дүүргэдэг, өнөө өнчирч хаягдсан хэд бор зүрхээрээ киногоо хийсээр жил бүр нэг шинэ кино гаргаж чадсан. Тэгэхээр кино урлаг давах ёстой даваагаа давж, хөгжиж чадсан. Муу бүтээл олон гарсныг үгүйсгэхгүй гэхдээ ямар ч байсан кино урлаг хөгжлөөсөө ухраагүй шүү.

-Таны хувьд айжуу дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн. Анхны бүхэн сэтгэлд тод байдаг. Анхны дүр бүтээсэн кино уран бүтээл юу байв. Мөн энэ хугацаанд 40 гаруй бүтээлд ажилласан байна. Жүжигчин хүний хувьд хамгийн сайн ажилласан гэж боддог дүр?

-Ардчилал гарсны дараа буюу 1993 онд Улаанбаатарт ирээд Л.Чаминчулуунтай хамтран Ж.Барамсайн зохиол "Би эмээ болохгүй" гэх нэртэй инээдмийн кинонд тоглосон нь миний анхны уран бүтээл. Тухайн үедээ Хүүхэд Залуучуудын театрт гардаг билет нь олдохгүй байсан шүү. Аятайхан бүтээсэн дүр гэвэл "Байтаг Богд" киноны дүр байж мэднэ. Кино баг бүрэлдэхүүн гэж нэлээд олон хүн явж Үенч сумын Байтаг Богд ууланд зураг авалтаа хийсэн.

Ерөнхий найруулагчаар нь ажилласан О.Бат-Өлзий чиний нүдэнд тохирсон нэг дүр байгаа, удахгүй чамайг урина гээд байсан нь тэр дүр. Найруулагч надад итгэсэн, би ч дажгүй ажилласан. Энд тэнд явахаар багачууд "энэ нөгөө зэвүүн ах явж байна" гэдэг. Тэгэхээр тийм ч муу биш сайн бүтээсэн дүр гэж боддог. Ер нь би тоглосон кинонуудаа эргээд үзэхээр ямар тэнэг байсан юм бэ, тэгэхгүй яасан юм бол гэж толгойгоо шаадаггүй юм. Анх тоглохдоо л миний үр хойч үзэх учир муу ажилласан дүр үлдээх ёсгүй гэсэн бодолтой байдаг. Би мөнх биш ч миний бүтээсэн дүр мөнх үлдэх учир хичээх л учиртай.

-Драма мэдэхгүй, жүжигчинтэй харьцаж үзээгүй найруулагч нар төгсөж байна-

-Саяхан та "Хоёр нүүрт" уран сайхны кинонд дүр бүтээсэн. Өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлтийг харуулсан кино байсан. Сүүлийн үед та хүүхэд багачууд руу чиглэсэн контент хийж байгаа гэсэн. Уран бүтээлийн олз омог хэр байна?

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлтийн тухай киноны гол дүрийн охины өвөөгийн дүрийг бүтээсэн. Хөдөөгөөс шилжиж ирсэн охиныг ангийн хүүхдүүд нь дээрэлхсэнээр амиа хорлоход хүргэх тухай өгүүлдэг кино. Сүүлийн үед англи хэл дэлхий нийтийн хэл болсонтой холбоотойгоор хүүхдүүд монголоор биш гадаад хэлээр хэлд орж Монгол, англи гэсэн саармаг хэлтэй болж. Орчин үеийн хүүхдүүд маамуу нааш ир биш англи дуу дуулж хэлд орж байгаа.

Англи хэл сурах нь буруу огт биш. Гэхдээ маш хортой нэг зүйл бий нь тэдгээр хүүхдүүд Монгол сэтгэхүй бус харийн сэтгэхүйтэй болж төлөвшиж байна. Яагаад гэвэл англи дуу сурч хэлд ордог болж. Энэ зүйл огтоос биш, байж боломгүй. Өнөө сайхан Монгол хүний уужуу сэтгэл, гүйлгээ ухаан сууж дадахгүй байна. Эргэн тойрон нь бүхэлдээ англи үг, дуу, бүжиг болчихсон. Үүнд би уран бүтээлч хүний хувьд, өвөө хүний хувьд эмзэглэл мэдэрсэн. Англи хэл сурч байгаа нь сайшаалтай, гэхдээ эхлээд Монгол хүний өнөө гайхам сэтгэхүй бүрэн сууж төлөвшсөн хойно буюу 13, 14, 15 насанд хүрсний дараагаар хэлээ сайжруулах хэрэгтэй. Угаас бид хэлний маш их авьяастай ард түмэн. Хэдэн насандаа ямар ч хэлийг сурахад оройтохгүй.

-Тиймээс сүүлийн үед энэ асуудал руу чиглэсэн контент хийж эхэлсэн. Манай Монгол хэл угтаа маш гайхалтай яруу тансаг шүү дээ. Гэтэл орчин үеийн хүүхдүүд багаасаа харь үгээр хэлд орж буй нь анхаарах асуудал мөнөөс мөн. Үүн дээр манай хэлний салбарын доктор, судлаачид хүчтэй дугарах шаардлагатай байгаа юм. Гэтэл миний мэдэхээр тэгж байгаа зүйл харагдахгүй байгаа учир өөрийн мэргэжлээ ашиглаад энэ тал дээр дугарах хэрэгтэй гэж шийдсэн.

-Гуравдугаар ангиас нь эхэлж англи хэлний хичээл зааж байгаа шүү дээ?

-Хөдөө, хот, тэмээ, ямаагаа сайн ялгаж сураагүй байхад нь харь хэл заачих юм. Наанадаж Монгол философи суугаагүй байхад нь өөр хэл заагаад тархиар нь тоглоод хаячхаж байна. Ядаж дунд ангиас нь англи хэл ороосой гэсэн байр суурьтай байдаг.

-Нийгмээс ийм эмзэглэл мэдэрсэн учраас хүүхэд багачууд руу чиглэсэн Монгол агуулга багтаасан контент хийж эхэлсэн байх нь. Эхний дугааруудаа өөрийн цахим хуудаснаа байршуулсан байсан. Мөн цахим хуудаснаа "намайг дэмжиж, дагаад өгөөрэй" гэж бичсэн нь ийм учиртай байж?

-Контент бүтээхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Би баян банкны захирал биш тэтгэврийн нэг муу өвгөн. "СУИС"-д багшилж байсан ухаантай учир зураглаач, эвлүүлэгч шавь нар олон бий. Шавь нараа арай хямд үнээр багшдаа туслаад өгөөч гэх мэтээр контентоо хийж эхэлсэн. Тэгсэн хүүхэд багачуудад Монгол ахуйг сурталчлах миний контентыг дэмжих хүн гарч ирсэн юм. Түүнийг ч би баяртай хүлээж авсан. Тэр хүн маань миний цахим хаягийг хараад 7,000 дагагчтай мундаг хөтөлдөг юм байна. Үүнийгээ жаахан хөгжүүлбэл сайн байна гэсэн юм. Тиймээс анх удаа шууд лайв хийж, үзэгчдээсээ гуйсан хэрэг. Одоо бол 13 мянган дагагчтай болсон.

-Манайд жилийн хугацаанд маш олон кино нээж байна. Түүнийгээ дагаад найруулагчид ч олширсон. Мэргэжлийн багш хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-СУИС, КУДС зэргийг драма мэдэхгүй найруулагч нар төгсөөд байна. Хоёр нөхөр барилцаж аваад зодолдохыг л драма гээд гэж ойлгоод байх шиг. Угтаа драма буюу зохиолын зөрчил тэмцэл нь зөвхөн үйл явдал биш шүү дээ. Зүгээр сууж байгаа хоёр хүн бодлоороо тэмцэлдэж тоглолт хийж болно. Заавал хутга, шөвөг барьж хоорондоо тулалдах албагүй. Үзэл бодлын зөрчилдөөнтэй хоёр хүний хоорондох драмыг өгүүлж болно шүү дээ. Жишээ нь Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжигт Юндэн, Нансалмаа хоёр толгойгоо нийлүүлээд би чамд хайртай гээд бүтэн хоёр цаг дуулаад суувал хэн ч үзэхгүй. Гэтэл зохиолд Балган орж ирж Нансалмаа минийх гэж хэлээд драма үүсгэдэг.

Үүн дээр Хоролмаа гэдэг дүр гарч ирээд Юндэнд сайн гэж бас драма үүсгэж буй хэрэг. Ингэхээр тайзан дээрх тэр драмад үзэгчид татагдаж эхэлнэ шүү дээ. Ийм л энгийнээр драмыг гаргаж, үзүүлж болдог атал орчин үеийн найруулагчид үүнийг огт мэдэхгүй, мэдрэхгүй байна. Угаас энэ хичээлийг их сургуульд нь заахаа больсон юм байна лээ. Үүн дээр би шүүмжлэлтэй ханддаг юм.

-Мөн их сургууль төгссөн манай найруулагчид жүжигчинтэй ажиллах дадлага огт хийдэггүй. Тэгэхээр кино хийхээр өнөө жүжигчнээ зөв эсвэл буруу тоглож байгааг нь мэддэггүй. Арай л сул явлаа, дараагийнх дээр нь гүйцэт тоглох байхдаа гэхээр л найруулагч нь болсон, авлаа гэдэг. Үгээ л зөв хэлсэн бол буруу тоглох нь огт хамаагүй. Надад бол харамсалтай санагддаг. Жүжигчин мөнгө авч л байгаа учир аль болох олон янзаар тоглож хамгийн сайныг нь найруулагч авах ёстой. Найруулагч хүн жүжигчнээ олон янзын нөхцөл байдалд оруулж тал бүрээс нь авьяасыг нь шавхах учиртай. Тэгж байж л сайн бүтээл төрнө. Гэтэл найруулагчаар төгсөж буй эрхмүүд жүжигчинтэй ажиллаж үзээгүй учраас үгээ зөв хэлсэн л бол тооцдог. Энэ нь муу бүтээл олон гарах сөрөг үр дагавартай шүү дээ.

-Танай салбарт кино зохиол маш ховор байдаг юм шиг санагддаг. Муу зохиолоос муу кино л гарах байх?

-Яг үнэн. Сүүлийн үеийн залуучуудын кино яагаад сайн биш байна вэ гэхээр нэгдүгээрт, драма мэдэхгүй байна. Хоёрдугаарт зохиол маш муу. Нэг зохиол олоод шуураад л алга болж өгнө. Жишээ нь "Аватар" киноны зохиол хийгдэхээсээ 10 гаруй жилийн өмнө бичигдсэн. Зохиол бичигдэж дууссан тухайн үеийн техник хэрэгсэлийн хүчин чадал киног амилуулж чадахгүй байсан хэрэг. Тиймээс зохиолоо 10 гаруй жил хадгалсан байх нь. Манайхан зохиолоо сар хүрэхгүй хугацаанд бичдэг. Тэгэхээр чинь "Бушуу туулай борвиндоо баастай" гэдэг нь болно шүү дээ.

-Кино хийж мөнгөтэй баян болно гэсэн бодолтой хүмүүс одоо хүртэл байна-

-"СУИС"-д элсэгчийн тоо жилээс жилд л нэмэгдээд байдаг. Гэтэл уран бүтээлийн чанар нь сайжрахгүй, "халтуур"-ын кино олон гараад байвал хэрхэх вэ. Түрүүний таны хэлдгээр драма мэдэхгүй, жүжигчинтэйгээ харьцдаггүй чадваргүй найруулагчийн тоо ихсэх тусам муу бүтээл олон гарна шүү дээ?

-Элсэгчдээ буруу аваад байна. "СУИС"-д мөнгөтэй, баян айлын хүүхдүүд л ордог боллоо. Нөгөө боломжийн айлын хүүхдүүд нэг дор цуглахаараа хэрэг тарина. Сүүлийн жилүүдэд бүр их гарах болсон. Жил болгон нэг шуугиан тарьсан хэрэг "СУИС"-аас гардаг боллоо. Тэд нар жинхэнэ найруулагчийн шалгуураар тэнцсэн хүүхдүүд биш. Ер нь бол баян айлын төлбөрөө төлөх чадвартай хүүхдүүд эрхлэх гэж "СУИС"-д ордог болж. Өнөөх нь хөөгдөхгүй, мөнгөө төлж байгаа учраас төгсөж таарна.

-Таныг багшилж байх үед ийм зүйл байсан юм уу?

-Би багшилж байхдаа энэ хүүхдийг хасах хэрэгтэй, жүжигчин болохооргүй хүн байна гэхэд чи наад хүүхдийнхээ мөнгөөр цалинжиж байгаа гээд хасуулдаггүй байсан. Тэмээ гэхээр ямаа гэдэг нөхөр байна гуравдугаар курст оруулж цаг завийг нь үрж байхаар хасах нь зөв гэхэд наад хүүхэд чинь хамгийн түрүүнд төлбөрөө өгдөг хөөж болохгүй гэж сургуулийн санхүү, захирлууд хэлдэг. Тэгэхээр чинь тэндээс ямар мундаг найруулагч төгсөх юм. Мөнгөө төлж чадсан хүн бүхэн л төгсөх нь байна. Гэтэл жинхэнэ авьяастай, чадалтай нь хасагддаг. Учир нь төлбөрөө төлөөгүй. Харамсалтай нь өнөөдөр авьяас мэдлэгээр нь бус санхүүгийн чадвараар нь төгсгөж байна. Жинхэнэ урлагийн авьяастай сурах чадалтай нь мөнгөгүй, солонгос улс руу ажил хийхээр явдаг. Нэгэн цагт багшилж байсан сургууль минь бүтэхгүй хэдэн хүүхдүүдээс болж нэр хүнд унаж буйд харамсаж байгаа.

-Одоо гарч байгаа кинонуудыг та үзэж байна уу. Мэргэжлийн багш хүний хувьд ямар дүн тавих бол?

-Залуучууд сэргэлэн байна. Кино өндөр дүнтэй мөнгөөр бүтнэ. Гэтэл манай залуучууд мөнгө босгож, ивээн тэтгэгч олж чадаж байгаа нь сайшаалтай. Харин жинхэнэ хийх чадалтай хүмүүс нь мөнгө олж чадахгүй байна. "16-тай ээж" гэнэ үү нэрээс нь эхлээд мөнгө олох гэж хийсэн нь мэдрэгддэг кинонууд олширсон. Үнэн хэрэгтээ кино хийх маш хэцүү, асар их ухаан зарж хийх ажил байтал маш хурдан, амархан хийж байгаа нь буруу юм.

1990-ээд оны үеэс манайхан кино хийвэл баяжна, мөнгөтэй болно гэсэн буруу ойлголттой явсан. Энэ нь одоог хүртэл байсаар л байна. Кино хийж мөнгө олох гээд байргүй болсон маш олон хүмүүс байгаа шүү дээ. Мөнгөний төлөө кино хийгээд байгаа нөхдөд 10 жилийн дараа хүүхэд нь аав та ямар балай юм хийсэн юм гэж хэлнэ шүү. Жүжигчин, найруулагчийн ажлыг ухаантай, мэдрэмжтэй хүн л хийнэ. Түүнээс биш дуртай хорхойссон нөхөр кино хийгээд байвал Монголын саарал бүтээлүүдийн жагсаалт зузаарсаар л байна.

-Ямар киног сайн кино гэх бол?

-Сайн зохиолтой бол сайн кино болно. Найруулагч нь бас ухаантай, мэдрэмжтэй жинхэнэ найруулагч байх учиртай. Зураглаач мэдээж чухал. Кино хамтын бүтээл шүү дээ.Зохиол сайн, жинхэнэ найруулагчтай бол сайн бүтээл гарна.

-Таныг үзэгчид ихэвчлэн эсрэг дүр бүтээдгээр нь танина. Эсрэг дүр бүтээхэд хэцүү гэж урлагийнхан ярьдаг юм байна лээ?

-Үнэн байх. Сайн гэхээсээ илүү эсрэг дүр олон бүтээсэн. Надад бол эсрэг дүр бүтээх нь хэцүү санагддаггүй. Найруулагч намайг та сайхан өвөөгийн дүр бүтээ, эсвэл хорлон сүйтгэгч дайсан шүү гэвэл чадна. Жүжигчин хүн аль алийг нь гаргаж чаддаг байх хэрэгтэй. Найруулагч надад зохиолоо долоо хоногийг өмнө өгсөн байхад л ямар ч дүр дээрээ 80 дээш хувийг гүйцэтгэлтэй ажиллаж чадна.

-Шагналын тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-МУГЖ согтуу айлын хаалга эвдээд явж байхад цол аваагүй би ажлаа хийгээд байж байна шүү дээ. Нэг ч кино, жүжиг найруулж үзээгүй хүн гавьяат аваад байгаа нь таалагддаггүй, шагналыг үнэгүйдүүлж байна. Гавьяат авсан нөхөд нь цолоо хайрлахгүй, хамгаалахгүй ёс суртахуунгүй ханддаг. Ялангуяа урлагийнхан нэгэндээ цолоороо зиндаархах, дулдуйдах зэрэг зохимжгүй үйлдэл гаргадагт шүүмжлэлтэй ханддаг. Эцсийн дүндээ гавьяат гэсэн тэмдгээс өөр зүйлгүй шүү дээ. Түүний оронд аж амьдралд нь хэрэг болох санхүүгийн бодит дэмжлэг нь илүү биз.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Яг үнэн зүйлийг хэллээ. Монгол улсад ганц СУИС мөнгөний араас хөөцөлдөөгүй. МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС…гээд хөвөрч өгнө. Тэдний “бүтээгдхүүнүүд” бүгд түүхий. 60-оноогоор төгсөн хүнээс ямар мэргэжил эзэмшсэн гэж итгэх юм? Сайхан бүхнийг толгойдоо биш салтаандаа хийсэн докторуудаас ч эрдэм боловсролтой мэргэжилтэн хүлээгээд нэмэргүй болсон.

хүннү
хүннү

Яг үнэн зүйлийг хэллээ. Монгол улсад ганц СУИС мөнгөний араас хөөцөлдөөгүй. МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС…гээд хөвөрч өгнө. Тэдний “бүтээгдхүүнүүд” бүгд түүхий. 60-оноогоор төгсөн хүнээс ямар мэргэжил эзэмшсэн гэж итгэх юм? Сайхан бүхнийг толгойдоо биш салтаандаа хийсэн докторуудаас ч эрдэм боловсролтой мэргэжилтэн хүлээгээд нэмэргүй болсон.

guest
guest

hud bisda shdee. Medej bgaazdee uuriiguu

Зочин
Зочин
Reply to  guest

hun chanar bol huliin chigchii huruunaas dor gar shuu

Зочин
Зочин

найруулна жүжиглэнэ гэдэг цул авьяас байгалиас заяана. нэг муу сургууль нэртэй архидалт завхайрлын үүрэнд хэдэн жилийг өнгөрөөчөөд боллоо гэвэл ёстой түй май!

Зочин
Зочин

драмын ойлголт сургууль дээр арай онол ихтэй байгаад бодит туршлага дутаж байгаа юм шиг санагддаг зарим залуус зүгээр л кино хийх гээд л орчихдог нь чанарт нөлөөлөөд байна

Зочин
Зочин

bi uneheer sanal niilj bn drama gedgiig zov oilgohgui humuus kino hiigeed baigaa ni medregdej bna jinhene uran buteel turshlagaas gardag

Зочин
Зочин

surguuliudad zaadag arga ni heviin zuraglal ihtei harin jinhene hunii setgel zurh orj irdeggui yum shig sanagddag

Зочин
Зочин

зарим найруулагч нар жүжигчнээ мэдрэх биш үгийг нь л зөв хэлүүлээд боллоо гэж үздэг нь их буруу санагддаг

Зочин
Зочин

zaluuchuud kino hiih gej ih oroldoj bna gehdee tuhain hunii setgel zan drama gedgiig oilgohgui bol hangalttai buteel garahgui

Зочин
Зочин

кино урлагийг мөнгө олох хэрэгсэл болгочихвол жинхэнэ уран бүтээл алдагдах нь ойлгомжтой асуудал

Зочин
Зочин

drama gedeg chini zuvhun maragtsaan bish setgel dotorh temtsel gedgiig oilgoh heregtei yum bna

Зочин
Зочин

odoo kino hiij baigaa humuus dotor setgel bodol dutaad bgaa yum shig sanagddag zovhon goy zuil haruulah gedeg

Зочин
Зочин

jinhene uran buteel gedeg chini turshlaga medremj 2 ni tsug bdag l da

Зочин
Зочин

зарим кинонууд үзээд байхад зохиол нь маш сул шууд л явах гээд байдаг нь харамсалтай

Зочин
Зочин

baga nasnaas ni har yriin hel oruulj baigaa ni asuudal gej bodoj bna ehleed mongol setgelgeeg suulgah heregtei

Зочин
Зочин

kino hiih amarhan gej boddog humuus ih bolson gehdee uneheer hartsangui hertsegtei ajil shuu

Зочин
Зочин

зарим найруулагч жүжигчинтэй ажиллах чадвар дутуу байгаагаас болж бүтээл сул гарч байна

Зочин
Зочин

mongol kino sonirholtoi boloh yostoi gehdee odoogiin baidlaar ih davtagdmal sanaa haragdaj bna

Зочин
Зочин

хүмүүс шагнал цолонд хэт ач холбогдол өгөхөөс илүү хийсэн ажлаа бодох хэрэгтэй гэж боддог

oyutan
oyutan

oyutanuudiig yalgavarladag hudlaa sanaa muutai hugshin bsan.!!!

Зочин
Зочин

Тэр их зохиолч Нацагдоржийн тухай кино ямар харамсмаар ядарсан болсон бэ. Хайран сэдэв. Сүүлийн үеийн кино гэж хөгийн юм бх юм, үзэхээс дургүй хүрдэг.

Зочин
Зочин

Trump: I hang out with losers because it makes be feel better. I hate guys that are very, very successful and you have to listen to their success stories. I like people that like to listen to my success.

Зочин
Зочин

90 onoos hoish mongold kino gej nerlej boloh negch buteel garsangui

Зочин
Зочин

Dotorgui jujigchin

Холбоотой мэдээ

Back to top button