Цахиур.мн сайтын өглөөний шуурхай эхэллээ. Зураглаач, сэтгүүлч, редактор, эрхлэгч нь цөм ширээ тойрон суух ба өнөөдөр ямар сурвалжилга хийх, Төрийн ордноос хэнээс тодруулга авч, ямар асуудалд анхаарах гээд дэвтэрт тэмдэглэсэн нарийн нандин сэдвүүдээ хуваалцаж, санал солилцож эхлэв. Тэдний өнөөдрийн гол "бай" Gem castle аж. "Тус барилгын газрыг анх хүүхдийн цэцэрлэг барих зориулалттайгаар олгосон ч өдгөө том шилэн барилга болон сүндэрлэжээ. Үүнд эрх мэдэлтнүүд оролцсон байж болзошгүй гэх албан бус мэдээлэл бий. Үүний учрыг олох хэрэгтэй, хүүхдүүд гудамжинд гарах ёсгүй" хэмээн Ц.Анхзул эрхлэгч чиглүүлгээ өгч дуулдав.
Үргэлжлүүлэн бусад сэтгүүлч хөндөж буй нийгмийн асуудал, өдрийн сурвалжилгаа хэлэлцсэнээр хурал дуусав. Одоо тус тусын ажилдаа ханцуй шамлан, яаран гарах гэж байна, тэдэнд хийх ажил их ээ.
Зургийн тайлбар: Цахиур.мн сайтын өглөөний хурал. Эрхлэгч, редактор, сэтгүүлч, зураглаачид цөм оролцож буй нь
Цахиур.мн сайт өнгөрөгч оны есдүгээр сарын 05-нд таван жилийнхээ ойг тэмдэглэсэн. Эрэн сурвалжлах суурьтай, видео болон бичвэрийн хосолсон хэлбэрээр үзэгч, уншигчдадаа мэдээллээ хүргэдэг сайтуудын нэг. Ц.Анхзул эрхлэгч телевизийн мэдээний суурьтай сэтгүүлч. NTV телевизээс гараагаа эхэлж, үргэлжлүүлэн Zarig.mn сайтад ажиллаж байгаад өөрийн өнгө төрхийг бүтээхээр өрх тусгаарлаж байжээ. Өдгөө найман хүний бүрэлдэхүүнтэй, "Таны мэдэх эрхийн төлөө" уриатай сайтаа удирдан чиглүүлж явна. Сонирхуулахад уг редакцын сэтгүүлчид бүгд Увсынх гэнэ.
Видео:
-Компанийнхаа дансыг үе үе хаалгана. Татварын байцаагч байнга залгана, гурван дуудлагынх нь нэгийг нь авна, учраа хэлнэ. Харин НДШ дээр ямар ч өргүй явж ирсэн. Ажилчдын амьдралын чанар холбоотой учраас тэр-

"Анх эхлэхдээ улс төр, эрэн сурвалжлах бичихгүй, хүний амьдралын сайхан түүхүүдийг бичдэг, хөрөг нэвтрүүлэг, сурвалжилга хийдэг аядуу тайван үйл ажиллагаа явуулдаг, цагт баригдахгүй ажилладаг редакц бий болгоно гэж бодсон. Сайтынхаа нэрийг ч зөөлхөн, өнгө төрх нь ч даруухан ногоон байхаар төлөвлөж байсан юм. Тэгээд сайтаа 3-4 сарын хугацаанд хийлгэх үедээ ямар контент хийх талаараа бодож, хүмүүстэй ч зөвлөлдсөн. Эцэст нь эрэн сурвалжлах сэтгүүлзүй хийхгүй л юм бол би сэтгүүлчээр ажиллахгүй юм байна гэж бодсон.
Яагаад гэвэл NTV, Zarig.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байхдаа хийсэн бүтээлүүд маань эрэн сурвалжлах байсан. Тухайн үед залуухан байсан учир шантрах тохиолдол бишгүй л гарна. Нэг асуудлын мөрөөр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэсний араас нь хүмүүс утас цохиж, хэл ам хийж, "цагдаа шүүхэд өгнө, чи муу хэн бэ, чамайг ална" гэх сүрдүүлгийн шинжтэй цохилтууд ирэхээр айдаст эрхгүй автчихна. Тэрнээс л халширч зөөлхөн юм хийе, хүнд сэдвүүдээс холуур явъя гэж сэтгэсэн юм билээ л дээ…
Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн сурвалжлах суурьтай редакцаа байгуулж байсан бол одоо найман хүн нэг зорилгын дор зүтгэж байна. Бидэнд итгэж мэдээлэл авдаг, өгдөг эх сурвалж, үзэгчидтэй болжээ Цахиур".
-Редакц удирдаад явна гэдэг хүн бүрийн чадах зүйл биш ээ. Энд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг таслахгүй байх, НДШ-ийг цаг тухайд нь төлөх, мөн татварын өр болон нарийн ширийн асуудал их шүү дээ. Тэсэж үлдэх, үнэт чанараа гээлгүй хадгалах нь бэрх байх.
-Өө чанга. Компанийнхаа дансыг үе үе хаалгана. Татварын байцаагч байнга залгана, гурван дуудлагынх нь нэгийг нь авна, учраа хэлнэ. "Долоо хоног нээгээд өгчхөөч, болгоно оо" гэх мэт бусад ААН-ийн адил л явж ирлээ. Гэхдээ сүүлийн зургаан жилийн хугацаанд 6-10 хүний ажлын байрыг тогтмолжуулж, улсдаа төлсөн мөнгөн дүнгээ харахаар бага биш. Төлсөн цаг мөчдөө бэрх санагдаж байсан ч одоо баяртай л байдаг.
Харин НДШ дээр ямар ч өргүй явж ирсэн. Ажилчдынхаа НДШ-ийг цаг тухайд нь төлж байж л зээлд хамрагдах, виз мэдүүлэх, декрит авах гэх мэт нийгмийн асуудал шийдэгдэх учир юу ч тохиолдож байсан төлж, болгосоор ирсэн.
-Манайд сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа газруудын дийлэнх сайт болчихсон. Гэтэл домен хаяггүй, дан ганц пэйж ажиллуулан мэдээлэл бэлтгээд буй газрууд сайт мөн үү гэх асуулт хөвөрдөг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Мөн иргэдийн сэтгүүл зүйн салбарт, сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжилгад итгэх итгэл суларч буйн хүчин зүйлийг юуг гэж бодож байна вэ?
-Мэргэжлийн сэтгүүл зүй явж байна уу, үгүй юу гэдэг сонин. Osmo pocket бариад л ордонд ганцхан хүн ажиллаж байдаг, тэр хүн пэйжээ ганцаараа хөгжүүлээд сайт гэж нэрийдээд явдаг газрууд бий. Тэдэнтэй харьцуулахад 8-10 хүнтэй редакцаас, мэргэжлийн зураглаач, сэтгүүлч ажиллаж, авч ирсэн видео дүрсийг дахин нэг хүн эвлүүлж бүтээл болгон гаргах нь тэс өөр шүү дээ.
Мөн сэтгүүл зүй өөрөө дамжуулагч байх юм уу, асуудлыг бүхлээр дүн шинжилдэг, тайлбарладаг сэтгүүл зүй байх юм уу гэх хоёр сонголтын л асуудал. Ардчилсан улс учир гар утсаараа тодруулга аваад нийтлээд явж байгааг сэтгүүл зүй биш гэж хэлэх хэцүү. Гэхдээ ямар редакцын бүтээлийг хүлээн авч үзэх ээ, үзэгч өөрөө шийднэ. Цаг хугацааны явцад хэн хэр удаан насалж, ямар төлөвшилтэйгөөр тэсэж үлдэх вэ гэдэг шүүлтүүрээр ялгарах байх.
Хэл ам хэрүүл тэмцэлтэй видеонд 100 хүн "angry, haha" дараад үзээд байж болно. Нөгөө талд асуудлыг том агуулгаар нь хөндөөд сурвалжилсан бичлэг тавхан лайк авч болно. Хандалт хэдий чухал ч бид мэргэжлийн ажлаа хийсээр байх хэрэгтэй, үзэгчид ч ялгараад эхэлчихсэн. Юмыг тунгаадаг үзэгчид эсхүл шийдвэр гаргах түвшнийхэн тэр контентыг үзээд, өөрийнхөөрөө тунгаагаад явж байдаг. Тэр л үр дүн юм.
-Нэгэнт сэтгүүлч гэх мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд мэргэжлийнхээ үнэ цэнийг уландаа гишгэхгүйгээр, толгойноосоо дээш өргөж яваад дуусмаар байна. Хичээхээс өөр аргагүй-

-Tsahiur.mn сайтын бусдаас ялгарах онцлог, хадгалж үлдэх үнэ цэнийг тодорхойлбол?
-Олон зүйлийг нэрлэж болно.
Нэг. Эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангахыг өдөр тутмынхаа мэдээ сурвалжилга бүр дээр хичээдэг. Гэхдээ энэ нь шууд дамжуулалт дээр алдагддаг. Тухайлбал, Хотын удирдлагуудын маргаан дээр Х.Нямбаатар дарга өөрийн үзэл бодлоо лайв дээр хэлчихдэг. Гэтэл маргааны нөгөө талын оролцогчийн байр суурь мэдээлэгдэхгүйгээр өнгөрчихдөг. Иймд тухайн лайв дуусмагц байр сууриа илэрхийлж чадаагүй тал руу холбогдож, үзэл бодлыг нь тэнцвэртэйгээр хүргэхийг зорьдог.
Хоёр. Ямар нэгэн асуудал хөндөж байгаа бол тухайн агуулга дуустал мэдээлнэ.
Уг асуудал мухарлагдахгүйгээр нэг жил ч үргэлжилж болно. Гэхдээ өдөр тутамдаа эрэл сураг тавьж, мэдээлэхээ зогсоодоггүй зарчим бий.
Гурав. Сэтгүүлч мэргэжлийн ажиллах ёстой. Асуултыг заавал дайрч асуух албагүй шүү дээ. Эвтэйхнээр, баримттай, мэдлэгтэйгээр асууж, зайлшгүй хариулахаас өөр аргагүй болгож болно.
-Таныг эх сурвалж сайтай, эх сурвалжаа хамгаалж, хайрлаж, нууж чаддаг сэтгүүлч гэж ярьдаг?
-Сэтгүүлчээр сурч эхэлсэн үеэс л багш нар "Чамд эх сурвалж итгээд л тухайн мэдээллийг өгч байгаа. Тэр мэдээлэл хүний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийнх нь аюулгүй байдалтай холбоотой ч асуудал байж болно. Тиймээс чиний хоолой дээр хутга ирсэн ч хамгаалж байж чи сэтгүүлч шүү" хэмээн зааж сургасан.
Өнөөдөр надад итгээд мэдээлэл өгсөн эх сурвалжаа би цагдаа дээр очих тоолондоо "Тэр тэгсэн юм аа" гэх юм бол надад хэн итгэж мэдээлэл өгөх вэ дээ. Нэгэнт сэтгүүлч гэх мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд мэргэжлийнхээ үнэ цэнийг уландаа гишгэхгүйгээр, толгойноосоо дээш өргөж яваад дуусмаар байна. Хичээхээс өөр аргагүй.
Хэцүү юм их тохиолддог. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хэргээр нэвтрүүлэг хийж байлаа. Маш олон эмэгтэйчүүд хэрхэн хохирч байсан тухайгаа ярьсан. Тэр дундаас нотлогдож болохоор, гэрчтэй, чат мессеж бичиж байсан баримтуудтай зургаан хохирогчийг сонгоод нэвтрүүлэгтээ оруулсан. Тэдний хоёрынх нь кейс цагдаа дээр баримтын хэмжээнд үнэлэгдээд, хохирогчоор тогтоож эрүүгийн хэрэг үүссэн. Яллагдагчаар Ц.Анандбазарыг татсан. Гэтэл хохирогч охин маань "Би худлаа ярьсан юм, хариуцлагаа хүлээе. Надад хариуцлага тооцож өгөөч" гээд шүүхэд өргөдөл бариад оччихсон. Тэр хохирогч нэвтрүүлэгт орохоос гадна цагдаад болсон явдлаа ярьж, бүр гэрчээ дуудаж мэдүүлэг өгүүлчихсэн байсан юм.
Улмаар хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүссэн охины өргөдлийг шүүх хүлээн авч зургаан сар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сая төгрөгөөр торгох ял өгсөн. Ингэснээр шалгагдсан хэрэг хохирогчгүй болж, хаагдсан.
Би тэр охиныг нууж хаахын тулд юу туулсан гэж санана. Цахим дайралт маш их байсан. Хүмүүс дагадаг байсан учир цагдаагийн байгууллагын гэрч хохирогч хамгаалах хэлтсээс манай гэр бүлд 30 хоногийн хугацаанд биечилсэн хамгаалалт авч байлаа. Гэтэл "Би худлаа ярьсан" гэж шүүхэд мэдүүлснээрээ би нэр бүхий улс төрчийг гүтгэсэн байж болзошгүй асуудалд холбогдох боломж бүрдчихсэн.
Намайг эх сурвалж маань хайрлаагүй шиг би хайрлахгүй хандаж, царайг нь ил гарган, "Тэр үед ингэж ярьж байсан биз дээ" гээд өөрийгөө хамгаалж болох л байсан. Гэхдээ би юу ч болж байсан хамгаална гээд дууссан. Ц.Анандбазар гэх хүнд "Та нэр төрд нь халдсан, гүтгэсэн агуулгаар гомдлоо өг. Хэдийгээр хохирогч мэдүүлгээ үгүйсгэсэн ч би өөр байдлаар нотолно" гэж мэдэгдсэн. Тэр хүн гомдол өгөөгүй л дээ.
Энэ бүх үйл явдал нэг жилийн хугацаанд өрнөсөн. Хохирогч охин зургаан сая төгрөгийн зээл авах гээд бэлгийн дарамтад өртсөн гэж ярьж байсан. Гэтэл тухайн процесс өрнөсөн нэг жилийн хугацаанд тэр охин Москва хороололд нэг өрөө байртай, хоёр автомашинтай болсон. Яаж ийм хөрөнгөтэй болов, эх үүсвэрийг нь тогтоолгоё гээд тэр хүний мууг үзэх гээд явбал явахаар. Гэхдээ тэр хүн сонголтоо хийсэн гээд орхисон.
-Сайтуудын дийлэнх нь 1980-аад оны залуу эрхлэгчтэй. Салбарынхаа зовлонг хангалттай мэдэрч, гарч ирсэн учир ажилчдадаа элэгтэй ханддаг санагддаг. Нийгмийн байдалд нь анхаарах, асуудлыг нь чадлаараа шийдэх гэх мэтээр зүтгэж байгаа харагддаг?
-Ажилчдадаа сүрхий туслаад автомашин, орон сууцны дэмжлэг өгч чадаад байгаа зүйл байхгүй л байна. Гэхдээ боломжоороо хичээдэг.
Бидний үеийн шижигнэсэн хэдэн хүүхнүүд сайтын эрхлэгч хийж байна, тэдэндээ үнэхээр хайртай. Ажлын талбар дээр өрсөлдөгч. "Тэднийх энэ мэдээллийг ингэж мэдрээд гаргасан байна, ийм эх сурвалжуудтай байна" гээд л дурдана. Өрсөлдөхүйц мундаг байж чадаад байгаа нь бахархмаар. Олон сайт сэтгүүлчдээ унаа тэрэг, орон сууцтай болгож байна, гадагш сургуульд явуулж, хэлний мэдлэгийг нь тэлж байна, бахархмаар.
-Бичдэг хүн уншдаг, судалдаг, өнцөг мэдэрдэг, ноён нуруутай байдаг. Тиймээс телевизэд ажилладаг сэтгүүлчдийг ч бичихээс бүү хойш суугаарай гэж хэлмээр санагддаг-

Өнгөрсөн намар Хөвсгөлд хоёр настай хүү сураггүй алга болж, хэдэн зуун хүн эрэл хайгуул болж байхад орон нутгийн хэвлэлээс гадна өөр хэвлэл очиж сурвалжилсан нь Цахиур байв. Тухайн үед цаг үеийн мэдээллийг үнэн бодит хийгээд хүмүүсийн анзаараагүй өнцгийг мэдээлж байснаар нь Б.Энхзаяа сэтгүүлчийг анхлан харж байв. Түүнээс редакцаа хэрхэн чиглүүлдэг болох, Хөвсгөлд очиж ажиллах үеийн мэдрэмжийг нь асуухыг зорилоо.
"Сургуулиа төгссөнөөс хойших 10 гаруй жил сонины сэтгүүл зүй л хийсэн. Төдийлөн нүүр царайгаа ил гаргадаггүй нийтлэл, ярилцлагаа бичиж ирсэн надад видео суурьтай сайт руу хөрвөх нь том сорилт байсан. Гэхдээ нүүр царайгаа ил гаргах, дуу хоолойноосоо ичих, эмээх айдсаасаа холдоод хэдийн жил гаруйн хугацаа өнгөрчихөж. Одоо нийтлэлээ ч бичиж, видео сурвалжилгаа ч хийсээр яваа"
-Редакцаа хэрхэн чиглүүлж байна вэ. Үүнээс л халирч болохгүй гэж сэтгүүлчдэдээ юуг захиж байна?
-Дээр дурдсанчлан манай сайт бол видео суурьтай. Нийт бүтээлийн 70-80 хувь нь видео хэлбэртэйгээр явдаг, гэхдээ tsahiur.mn гэх домен хаяг, үндсэн сайтдаа агуулгуудаа текст байдлаар үлдээх хэрэгтэй шүү гэдгийг захидаг. Яагаад гэвэл лайв, видео сэтгүүл зүй маш хурдтай тархаж хүмүүст хүрдэг хэдий ч бичвэр бол хэзээд баримт байдаг. Тухайн үйл явдал түүх болон үлдэнэ. Бичдэг хүн уншдаг, судалдаг, өнцөг мэдэрдэг, ноён нуруутай байдаг. Тиймээс телевизэд ажилладаг сэтгүүлчдийг ч бичихээс бүү хойш суугаарай гэж хэлмээр санагддаг.
Мөн тэнцвэртэй мэдээлэх зарчмыг заавал мөрдөх учиртай. Үүнээс гадна шуурхай байх, үнэн зөв байх, мэдээллийг хуулбарлахгүй байх гэх мэт баримтлах зарчим бидэнд олон бий.
-Аливаа сэдэв, нийтлэл дээр эрхлэгчтэйгээ маргах тохиолдол гарч байна уу. Хөндлөнгөөс харахад тэс өөр араншин, бичлэгийн хэв маягтай байдаг л даа?
-Шинэ газар орж ирэхэд эмээх зүйл олон байлаа. Редакцын төлөвшил, хүмүүсийн хандлага зэрэг. Харин Цахиуртаа орж ирээд харсан хамгийн үнэт зүйл юу байсан бэ гэвэл эх сурвалжийн тэнцвэрт байдал.
"Бид мэдээлэл бэлтгэнэ. Нөгөө талын байр суурийг заавал авна. Мэдээлэл гарсны дараа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүн редакц руу холбогддог. "Чи буруу биччихлээ, миний нэр хүндэд халдлаа, чамд ямар зорилго байна, хэн бичүүлж байна" гэх дайралт ирж болно. Тэр бүрд редакц бөхийж болохгүй, баримт чамайг хамгаална" гэж Анхаа хэлж байлаа. Энэ нугарахгүй байдал бол Цахиурын луужин юм.
Олон нийтийн зүгээс нөлөөнд автаад мэдээллээ устгачихдаг гэж хөнгөн байдлаар хэвлэлийг хардаг. Үнэндээ тийм зүйл манай редакцад байдаггүй. Энэ бол манай сэтгүүлчийн бүтээл, хүсвэл цагдаа шүүхэд гомдлоо гаргаарай л гээд хэлчихдэг.
Анхаа бид хоёр маргана, гэхдээ ойлголцож чадна. Би бол ямар нэгэн асуудалд тайван хандана. Харин Анхаа бол хурдтай, сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй хүн. Бид сүлэлдэж одоогийн бүтээлүүд төрж байна. Хэн нэгний эрх ашгийг зөрчиж, цагдаад дуудагдаж, худал мэдээлэл түгээдэг зэргээр хэлэгдэхгүй л явна. Улс төр дээр нийтийн эрх ашгийн төлөө, хууль сануулсан, тууштай хөөсөн агуулгуудаа гаргаж байна. Нийгэм дээр ч мөн адил хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх агуулгууд гаргахыг зорьдог.
Өдөр тутамдаа олон сайн сэдвүүдийг ярьдаг, хийхийг хүсдэг. Гэхдээ тэр бүр чадахгүй л байна. Цаг хугацаа, хүний нөөц, хүч бололцоондоо л тааруулж, ажиллаж байна.
-Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, хайрлах мэдрэмж сайтын залуу эрхлэгчдээс түлхүү харагддаг. Ц.Анхзул эрхлэгчийн тухайд үүнд хэр анхаарч байна вэ?
-Сэтгүүлчдээ, редакцаа хайрлаж байж л сайн бүтээлүүд төрнө. Сэтгүүлчээ хаана ч хамгаална, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарна, өөрийнхөө дүү шиг, хүүхэд шиг хандана, манай Анхаа. Мөн редакц бол сэтгүүлч, зураглаачдын хоёр дахь гэр байдаг учир яаж тухтай байлгах, цалингаа цагтаа олгох гэх мэт нийгмийн асуудалд сайн анхаардаг юм.
-Өнгөрсөн намар Хөвсгөлд хоёр настай хүү алга болж, эрэл хайгуул хийх үеэр та очиж сурвалжилга бэлтгэсэн. Орон нутгийн хэвлэлээс, тэнд ажиллаж байгаа алба хаагчдаас бид мэдээлэл авч байхад та газар дээр нь очиж сурвалжилж, өөр өнгийг харуулсан. Тухайн үеийн мэдрэмж ямар байсан бэ, яг хүүгийн цогцсыг олохын өмнөх өдөр Улаанбаатарт буцаж ирж таарсан шүү дээ. Харамссан уу?
-Бүх хэвлэлийн нүүрэнд тэр хүүгийн талаар бичиж байсан цаг. Бид ч энд хэрэндээ тодруулж, мэдээлж, оволзож байснаа яагаад олдохгүй байгаа юм бол гэх эмзэглэлтэйгээр явъя гэж шийдээд л гарч байв. Очиход бороотой уулын энгэр дээр 400-500 хүн ирчихсэн, тэдний дотор эрэн хайх ажиллагаагаар мэргэшсэн хүмүүс, тоног төхөөрөмж, үнэрч нохойтойгоо байсан. Хүүгийн ар гэр жаахан зайдуухан байрлачихсан эрэл хайгуулын ажил үргэлжилж байлаа.
Сэтгүүлч бүрд л байдаг зан чанар, хүнлэг энэрэнгүй байх. Хүний нялх хүүхэд сураггүй алга болж, бэтгэрэн шаналж байхад "Хүүе яасан юм бэ" гэж асуухад хэцүү. Тиймээс очмогцоо эрлийн багийг удирдаж байсан Онцгой байдлын хурандаатай ярилцаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг газар дээрээс нь хүргэсэн. Мөн бусад мэдээллийг газар дээрээс нь дамжуулаад тэр орой өнгөрсөн.
Зургийн тайлбар: Хөвсгөлд хоёр настай хүү сураггүй алга болох үед орон нутгийн хэвлэлээс ангид чөлөөт хэвлэл очиж сурвалжилсан нь Цахиур.мн байв.
Албаныхан албаны мэдээгээ л өгнө, мэдээж хүүхдийн мөр энд, тэнд байсан гээд сэтгүүлчид яриад зогсохгүй нь маш мэдээжийн хэрэг байв. Тиймээс тэр мэдээллийг хэнээс сонсож болох вэ, шинэ соргог, хүмүүсийн анзаараагүй өнцөг хаана байна хэмээн сэтгүүлчийн эрэлд гарч, тандаж асууж эхэлсэн. Нэг иргэн "10 гаруй километрийн цаана, эрлийн багийн талбайд багтаагүй газарт хүүхдийн мөр байна гэж нэг хүн ярьж явна билээ" гэв. Нөгөө хүнийг хайлаа, нэг ахыг оллоо.
Тэр хүн хүүхдийн мөрийг гар утсан дээрээ зурагжуулсан байв. Хүүхдийн мөр яах аргагүй мөн, гэтэл эрлийн баг тэр зургийн мөрөөр явахгүй байна хэмээн ярив. Шууд дамжуулчихлаа. Тэр мэдээллийг гармагц эрлийн багийнхан "Хүний найдвар тасрахгүй шүү дээ, очиж харъя" гээд явсан, нягталж үзэж байсан.
Мөн очсоны гол шалтгаан нь эрлийг яаж явуулж байгааг харуулах байв. Олон нийтийн дунд үл итгэх зүйл их яригдсан шүү дээ. Яг эрэн хайж байгаа юм уу, яагаад олж чадахгүй байна хэмээн шүүмжилж байсан учир бодит байдлыг л харуулахыг зорьсон. Хүүхдийн энерги, үнэр шингэсэн эд зүйлсийг нохойд үнэртүүлснээр эрэл эхэлж, нохойг дагаж иргэд, алба хаагчид хайж байсан. Гэхдээ эрэн хайх ажиллагааны хугацаа ч дууссан, хүүгийн ар гэрийнхэн ч мөн эрлийн багаа буулгая гэсэн. Ингэхдээ "Хэн нэгэн хүн хүүг минь авч явчхаад буцааж өгөх гэхээр олон хүн байгаа учир ирж чадахгүй байж мэднэ" гэж байсан. Ер хүний итгэл, хүлээлт тасардаггүйн тод илрэл тэр болсон.
Хоёр хоногийн туршид тэр нөхцөл байдлаас мэдээллийг хүргэж, хотод эргэн ирсний дараа хүүхдийн цогцос олдсон. Бид мэдээллийг хүргэх нь л гол байсан ч яах аргагүй харамссан. Одоо ч бүгд шархтай байдаг байх.
-Сонинд өдрийн туршид нэг сэдэв хөөж, авч ирээд бичиж нийтэлдэг бол мэдээллийн сайт илүү хурдтай байх, тал бүрийн мэдлэгтэй байхыг шаардаж байна-

Өмнө нь "Өдрийн сонин"-д сэтгүүлч, "Хөлбөмбөгийн холбоо"-ны хэвлэлийн төлөөлөгч хийж байсан тэр мэргэжлээрээ эргэн ажиллах чин хүсэлдээ хөтлөгдөн Цахиурын эд эс болон, ажиллаж буй аж.
"Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах, амь халуун буцалсан редакцад ажиллах хоёр тэнгэр газар шиг өөр ойлголт. Нийгэмд өрнөж байгаа асуудал бүр рүү шунган орж ажиллах байдлаа санаж, сэтгүүлчээрээ л ажиллах ёстойгоо ойлгож энд ирсэн. Сонинд ажиллаж байсантай харьцуулахад ч тэс өөр, сурах зүйл ихтэй байна. Сонинд өдрийн туршид нэг сэдэв хөөж, авч ирээд бичиж нийтэлдэг бол мэдээллийн сайт илүү хурдтай байх, тал бүрийн мэдлэгтэй байхыг шаардаж байна. Видеогоо агуулгаар нь тасалж өгнө, мөн тухайн хөндсөн сэдвийнхээ хүрээнд нийтлэлээ ч гаргаж чаддаг байх нь сайтын сэтгүүлчийн давуу тал юм билээ.
Монголд хэдэн зуун сайт байхад яагаад Цахиурт орж ирэв гэж хүмүүс гайхаж мэднэ. Удаан бодсон, бас судалсан. Б.Энхзаяа эгчтэй өмнө нь ажиллаж байсан учир ажиллах арга барил, харилцааг нь сайн мэднэ. Ц.Анхзул эрхлэгчийг ч мөн адил тодорхой хэмжээнд судалж, надад зөв чиглүүлэг өгч чадах юм байна хэмээн сонгосон.
Би нийгмийн сэдвээр мэдээ сурвалжилга бэлтгэдэг. Түлхүү гэгээлэг контент хийхийг зорьж байгаа. Мөн асуудал хөндсөн мэдээ сурвалжилга хийвэл дуустал нь мэдээлдэг байх чухал гэж боддог. Намайг сэтгүүлчээрээ эргэн ажиллаж эхлэх үед үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд нийгэм тэр чигтээ анхаарлаа хандуулж байсан. Бүгд дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийн мэдээллийг түгээж, сошиалд дүүжилж байсан бол бид эсрэгээрээ эерэг нөлөө үзүүлж байгаа нэг анги хамт олныг олж сурвалжилсан юм. Ардчилсан нийгмийн сэтгүүл зүй шүү дээ, энэ өнцгөө л хадгалах хэрэгтэй санагдсан".

"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргав.



























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм залуус байгаа нь сайхан шүү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Цахиур шиг редакц л жинхэнэ сэтгүүл зүй хийж байна
Tsahiur.mn uneheer zorigt setguul zui hiideg sanagddag
Эх сурвалжаа хамгаална гэдэг хамгийн чухал
Setguulch hun iim l bh yostoi doo
Ёс зүйтэй, тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй байна
Er ni mergejliin redakts gedeg ymar bh yostoi ni haragdaj bn
Сэтгүүлчдийг ингэж ажиллаасай гэж хүсдэг
Ёс зүйтэй, тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй байна
Er ni mergejliin redakts gedeg ymar bh yostoi ni haragdaj bn
Сэтгүүлчдийг ингэж ажиллаасай гэж хүсдэг
Эх сурвалжаа илчлэхгүй хамгаалж чадсан нь мундаг
Setguul zui bol zugeer live bish gedgiig oilguulj bn
Ajilchiddaa handaj baigaa handlaga ni taalagdlaa
Сэтгүүлч хүн зоригтой байх ёстойг харуулжээ