Сэтгүүл зүйн ангийн оюутнууд: Мэргэжилдээ эзэн болж салбарынхаа шороо тоосноос бага ч атугай гөвөлцөнө
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан агуулга бэлтгэдэг билээ. Бид энэ удаад Монгол Улсын хэмжээнд сэтгүүлч бэлтгэдэг их сургуулиуд болох МУИС, МУБИС, ХИС-ийн төгсөх ангийн оюутнуудаас сэтгүүлч мэргэжлийн талаарх байр суурийг нь хуваалцлаа.
Видео:
Б.Билгүүн: Ганц хүн мэдээллийн сайт нээж, редакцгүй хэвлэлүүд борооны дараах мөөг шиг олширсон нь эрсдэл дагуулж байна

-Сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Бусад салбартай харьцуулбал цалин хөлсний хувьд тааруу шүү дээ?
-Дөрвөн жилийн хугацаанд сэтгүүлч мэргэжлээр сурах явцдаа эргэлзэж байсан удаагүй. Мэдээж сурсан мэргэжлээрээ төгсөөд ажиллана. Сэтгүүлчдийн цалин хөлс муу, үнэлэмж тааруу байдаг. Шинээр төгссөн залуу сэтгүүлчид мэдээж цалин хөлсний хувьд багаас эхэлнэ. Гэхдээ эхний гурван сар ч юм уу цаашлаад жилийн хугацаанд өөрийгөө харуулж чадвал хийсэн ажилласныхаа хэрээр цалинжих боломжтой шударга салбар гэж боддог.
-Сэтгүүлчид ял авах тохиолдол гарсан. Залуу сэтгүүлч болох гэж буй хүний хувьд үүн дээр хэр эмзэглэлтэй хандаж байна?
-Сэтгүүлчид ял авах тохиолдол гарсан. Үүн дээр эмзэглэж айсан зүйлгүй. Учир нь бид тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй, өөрсдийгөө шүүхийн өмнө хамгаалж чадахуйц байх аваас эрэн сурвалжлах сайн бүтээл хийх болон тулгарч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Тухайн ял авсан сэтгүүлчид хэт их "улайрч" сэтгүүлчийн ёс зүй, үүргээ давсны улмаас алх цохиулах хэмжээнд хүрсэн гэж боддог. Тиймээс ажлын талбарт гараад сэтгүүлчийн ёс зүйгээ барьж ажиллана. Гэхдээ харамсалтай нь ёс зүйгээ орхисон, сэтгүүл зүйн үүргээ гээсэн нь нийгэмд таалагдаж, сайн сэтгүүлч нэр зүүдэг болсон юм шиг. Энэ нь тухайн сэтгүүлчид түр зуурын нэр алдар, таашаал өгөх хэдий ч урт хугацаанд сэтгүүл зүйд том ачаа, тээр болно. Тухайн хүнд ачааг ирээдүйн сэтгүүлчид үүрч таарна. Тэгэхээр сэтгүүлч хүн ёс зүйгээ давж болохгүй ажиллах хэрэгтэй санагддаг.
-Дөрвөн жил сэтгүүлчээр суралцах хугацаандаа мэргэжлийнхээ онцлог, амин чанарыг олж харсан болов уу?
-Сэтгүүлчид өдөр тутамдаа олон төрлийн үйл явдалд очих шаардлага үүсдэг. Жишээ нь би мэдээллийн сайтад дадлага хийх явцдаа өдөрт 3-4 үйл явдал дээр очиж мэдээ, сурвалжилга бичнэ. Тэр бүхнээс нэгийг бодож, ойлгож, танин мэднэ. Тэр тусмаа мэдээ бичих явцдаа маш их зүйлийг сурдаг. Тухайлбал, дадлагын хугацаандаа УИХ-ын 126 гишүүнийг мэддэг болсон. Манай багш нар бидэнд "Сэтгүүл зүй бол дөрөв дэх засаглал, ардчиллын хоточ банхар байх ёстой" гэж заадаг. Дөрөв дэх засаглал гэдэг бол маш том нэршил, иргэдийн хамгийн чухал хэрэгцээ болох мэдэх эрхэд үйлчилдэг салбар.
-Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд нийгэмд тийм ч сайнгүй байна шүү дээ?
-Миний хувьд өнөөгийн манай хэвлэлүүд харьцангуй чөлөөтэй, зоригтой ажиллаж байгаа гэж боддог. Мэргэжлийн сэтгүүлчид нь ёс зүй, үүрэг, хэм хэмжээ, жанжин шугамаа давалгүй, барьж ажиллаж чадвал ямар нэгэн асуудалгүй, бидэнд эрх чөлөө бий. Гэхдээ ганц хүн мэдээллийн сайт нээдэг, тодорхой редакцгүй хэвлэлүүд борооны дараах мөөг шиг олон болсон. Аливаа зүйл хэт олширч, туйлширвал савнаасаа халих эрсдэлтэй учир тунг нь тааруулах хэрэгтэй байх.
-Төд удалгүй залуу сэтгүүлч, шинэ боловсон хүчин болж салбартаа хөл тавих гэж байна шүү дээ. Догдлол байна уу?
-GenZ үе буюу 2000 оноос хойш төрсөн манай үеийнхэн өөр сэтгэдэг, мэдрэмжтэй болсон байна. Тиймээс миний үеийн сэтгүүлчээр сурч буй залуус мэргэжилдээ хайртай байж, эзэн болж салбараа шороо тоосноос нь бага ч атугай гөвөлцөх байх гэж итгэдэг. Тэгэх бүрэн боломж бий учраас хичээж ажиллана гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
Б.Нарантуул: Олон нийтийг соён гэгээрүүлэх, уншигчдын боловсрол руу чиглэсэн мэдээлэл хэрэгтэй байна

-Дэлхий дээр маш олон мэргэжил байдгаас юуны учир сэтгүүлч мэргэжлийг олзолж сонгох болсон бэ?
-Багадаа телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч буюу анкорыг ярьж байхыг үзээд яагаад ч юм сэтгүүлч болно гээд төсөөлчихсөн. Мэдээний хөтлөгчийн ярьж байгаа биеийн хэлэмж, хоолой, дүр төрхөд нь дурласан гэх үү дээ. Тэр цагаас хойш миний мөрөөдөл манай гэрийн хойморт телевиз дотор орой бүр гардаг болсон. Улмаар есдүгээр ангиасаа хойш би сэтгүүлч болох юм байна гэж шийдсэн.
-Сэтгүүлч мэргэжлийг үнэхээр их хүсэж сонгож, сар хүрэхгүй хугацааны дараа төгсөх гэж байгаа юм байна. Сэтгүүл зүйн салбарт ажиллах таны багын хүсэл, мөрөөдөл мэдээж хэвээр байгаа болов уу. Шинэ боловсон хүчний хувьд салбараа хэрхэн харж байна вэ?
-Алдаа оноо мэдээж бий. "Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг алдаж гишгэсэн зарим сэтгүүлчээр сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь дүгнэхэд гээд байдаг буруу хандлага ажиглагддаг. Энэ нь ажил дээр гарч байгаа бидэнд бага зэргийн эмзэглэл төрүүлдэг. Өмнөх үеийн сэтгүүлчдийн тарьсан балгаар сэтгүүлчид бүгд мөнгөний төлөө, шантааж хийдэг гэх нэр зүүдэг нь харамсалтай. Тиймээс ганц нэг сэтгүүлчдээр салбарыг нь бүхэлд нь бүү дүгнээсэй гэж хүсдэг. Уулын мод урттай, богинотой байдаг шиг ёс зүйтэй урдах ажлаа чимээгүйхэн хийж бичсээр суудаг олон сайн сэтгүүлч бий.
-Өнөөдрийн байдлаар сэтгүүл зүйн салбар хүний нөөцийн дутагдалд орсон. Энэ нь салбар муу нэртэй, цалин багатай учир сэтгүүлч мэргэжлээр сурах, цаашлаад мэргэжлээрээ ажиллахгүй орхих нь элбэг байдаг. Энэ нөгөө ёс зүйгүй зарим сэтгүүлчээс болсон хэрэг. Тиймээс сэтгүүлч Ч.Үл-Олдох эгчийн "Хүссэн хүн бүхэн сэтгүүлч болохгүй гэдэг ч хүссэн хүн л сэтгүүлч болж чаддаг" гэдэгтэй бүрэн санал нийлдэг. Тэгэхээр мэргэжилдээ хайртай, үнэхээр хүсэж сонгосон хүмүүс л энэ салбараа авч явах байх.
-Өөрийн гэсэн "өнцгөө" олсон сэтгүүлчийг л хамгийн сайн гэдэг шүү дээ. Сэтгүүлчид өөрийн гэсэн бичлэгийн хэв маяг, ур чадвараараа ялгарч, нэг салбарыг дагнан бичдэг. Залуу боловсон хүчин болж бэлтгэгдэж гарч байгаагийн хувьд дагнан бичих хүсэл сонирхол бий юу?
-Миний анзаарсанаар манай хэвлэлүүд бүгд л улс төрийн мэдээнд анхаарч хүч хаяж байна. Тухайлбал, монгол хүүхдийн дүр төрхийг нь илэрхийлсэн, тэдэнд зориулсан мэргэжлийн редакц хараахан алга. Сэтгүүл зүй хангалттай шүүмжилсээр ирсэн, одоо соён гэгээрүүлэх үүргээ хүлээх ёстой. Сэтгүүл зүйн үндсэн таван үүрэг бий шүү дээ. Тиймээс эерэг, олон нийтийг соён гэгээрүүлэх, уншигчдын боловсрол руу чиглэсэн сурвалжилга, ярилцлага ус, агаар мэт хэрэгтэй байгаа юм болов уу.
-Хэвлэл мэдээлэл хараат бус байхын тулд зар сурталчилгаагаар тодорхой хэмжээний мөнгө олох учиртай. Гэтэл сүүлийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд зааг бараг үгүй болж. Тиймээс иргэд, тэр тусмаа залуус телевиз үзэхээ больж хэвлэл зар сурталчилгаанаас мөнгө олох боломжгүй болоод байгаа. Залуу хүний хувьд залуусыг хэрхэн хэвлэл рүү татаж, уншигчаа бэлдэх ёстой гэж бодож байна?
-GenZ гэж нэрлээд байгаа залуус фейсбүүк хэрэглэхээс илүүтэйгээр инстаграм гэх платформ ашигладаг болсон. Тиймээс энэ тал руу хэвлэл анхаарч залууст мэдээллээ хүргэх чухал байна. Тэгж чадвал зар сурталчилгаа авч, түүнээсээ санхүүжиж ямар нэгэн улс төрөөс ангид ажиллах боломж бүрдэх байх.
-Сэтгүүлчдийг хорьсон тохиолдол гарсан. Таны хувьд сэтгүүлчээр зоригтой ажиллаж чадах уу?
-Мэргэжлийн үүрэг зарчим, сэтгүүлчийн ёс зүйгээ бариад ажиллавал харьцангуй гайгүй байх гэж бодож байна. Манайд ардчилал ялаад муу ч, сайн ч 30 гаруй жил болж байгаа шүү дээ. Тиймээс айдас алга.
Б.Маралмаа: Өнөөдөр Ерөнхийлөгчтэй ярилцлага хийлээ гэхэд маргааш хогийн цэгээс сурвалжилга хийх нь сэтгүүлчийн ажил

-Сэтгүүлч мэргэжлийн сайхан, амин халуун чанарыг суралцаж буй энэ хугацаанд мэдэрч амжсан болов уу. Төгсөөд салбартаа ажиллах хүсэл сонирхол байгаа байх?
-Сэтгүүлч мэргэжлийн сайхныг дадлага хийх хугацаандаа мэдэрсэн. Өнөөдөр Ерөнхийлөгчтэй ярилцлага хийлээ гэхэд маргааш Улаанчулуутын хогийн цэг рүү сурвалжилга хийхээр явах сэтгүүлчийн ажил. Энэ мэт нийгмийн бүхий л салбарт хүрч, олон хүнтэй уулзаж ярилцаж, танилцдаг нь энэ мэргэжлийн сайхан нь юм болов уу.
Дөрвөн жилийн хугацаанд сурсан мэргэжлээрээ төгсөөд заавал ажиллана. Миний хувьд телевизэд ажиллах сонирхолтой байгаа. Өмнө нь мэдээллийн сайтад дадлага хийж үзээд өөрийгөө телевизэд ажиллах хүн юм байна гэдгээ мэдэрсэн гэх юм уу. Надад бол бичихээс илүүтэйгээр зураг авах, видео бичлэг, эвлүүлэг хийх нь сонирхолтой байсан. Тиймээс цаашид энтертайнмент талдаа ажиллах сонирхолтой.
-Дадлага хийх явцдаа халшрах шантрах үеүд байв уу. Салбараа юу гэж харж байна?
-Сонгосон мэргэжлээсээ эргэж буцсан зүйл үгүй. Өдөрт нэг сэтгүүлч 3-4 үйл явдал дээр очиж таардаг учраас олон хүмүүстэй харилцах шаардлага үүсэж төрөл бүрийн зан чанартай хүнтэй уулзаж таарна. Тэр болгонд тааруулж харьцах нь бага зэргийн хэцүү санагдсан.
Сэтгүүлч, олон нийтийн сүлжээнд лайв хийдэг хүн хоёрыг иргэд ялгахгүй байх шиг байна. Нийгэмд сэтгүүл зүйн нэр хүнд тоостой шороотой байгаа нь үүнтэй холбоотой байх. Гэхдээ лайвчдаас ялгаагүй зарим нэгэн сэтгүүлч байж магад. Тэд бол сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүл зүйн үүргээ гээсэн хүмүүс.
2026 оны "Eguur"-ийн сэдвийг эндээс уншина уу















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
GenZ setguulchid salbaraa tseverleh bh gj naidaj bn
Сэтгүүл зүйн нэр хүндийг залуус л сэргээх байх даа
Zow yos zuitei setguulchid olon boloosoi
Ёс зүйгүй хэдээс болж бүх салбар муу харагдаж байна
Unen shuu live hiideg humuus setguulch bish
Сэтгүүлч гэдэг мэргэжил их хэцүү ч гоё санагддаг
Tsalingaas iluu setgeltei humuus hiideg ajil daa
Залуучуудын яриа их зөв санагдлаа
Setguulch boloh huseltei hun l ulddeg bh
Нэг хүний алдаагаар бүхнийг дүгнэх буруу
GenZ uur setgelgeetei bolj bga n saihan
Салбартаа эзэн болно гэдэг гоё үг байна
Setguul zui bol uneheer 4 deh zasaglal
Сэтгүүлчид соён гэгээрүүлэх талдаа илүү анхаарах хэрэгтэй
Instagram deer medeellee hurgeh ni zow shuu
Эхлээд монгол хэлээр зөв ярьж зөв бичиж сураарай. Шунал тачаалаа арилгах сургуульд шамдан суралцаж хулгайч гар худалч хэлээ тасдаж хаясны дараа сэтгүүлч болохыг оролдоорой. Та нарыг олигтой хүн биш гэдгийг нийтээрээ мэдэж байгаа.