Гадаад мэдээДЭЛХИЙ

Шүга: Бид хүсвэл 70, 80 нас хүрсэн ч тоглолт хийж чадна

BTS хамтлагийн гишүүд эргэн ирэлтээ хийж, "ARIRANG" нэртэй шинэ цомог гаргасан. Тус цомог К попын ертөнцөд шинэ рекордууд тогтоож байгаа юм. BTS эргэн ирснийг тохиолдуулан "Rolling Stones" сэтгүүл хамтлагийн гишүүн болгонтой ярилцжээ. Энэ долоо хоногт Шүгагийн ярилцлагыг орчуулж хүргэе.


Асуулт: 2023 онд та өөрийн алтер эго болох Agust D нэрээрээ гурван цуврал бүтээл гаргасан. Энэ ажлаа дуусгасны дараа танд сэтгэл ханасан мэдрэмж төрж, хувь хүн болон уран бүтээлчийн хувьд дараагийн алхмыг хийхэд бэлэн болсон мэт санагдсан уу?

Шүга: Тийм ээ, тэгээд би шууд цэрэгт явсан. Цувралаа дуусгасны дараа сэтгэл их амарсан шүү. Agust D-ийн түүх ингээд дууслаа гэж санагдсан. Сүүлийн цомгийн дараа миний дотор ямар нэгэн дутуу мэдрэмж үлдээгүй.

Таны дотор уур хилэн байсаар ирсэн гэж өмнө нь хэлж байсан. Тэр мэдрэмж хаанаас гарч ирдэг вэ?

Би арай бага байхдаа дутуугийн комплекстой байсан байх. Мэдээж нийгэм рүү чиглэсэн бага зэргийн бухимдал бас байсан. Энэ бүгдийн нэгдэл л тэр уур уцаартай мэдрэмж байсан гэж бодож байна.

BTS-ийг сонирхолтой болгодог нэг зүйл бол бусад айдол хамтлагуудаас ялгаатай байдал. Та бүхний уран бүтээлч зан чанар, бодол санаа айдол хамтлаг гэх ерөнхий ойлголтоос өөр байдаг. RM шиг таны уран бүтээлч хэв маяг, сэтгэхүй айдол хамтлагийн хэв маягаас арай өөр санагддаг.

Би Сөүлд ирэхээсээ өмнө Дэгүд хөгжим хийдэг байсан. Тэр үед айдол хамтлаг гэж юу байдгийг сайн мэддэггүй байлаа. Гэхдээ хамтлагтаа орсныхоо дараа маш их хичээл зүтгэл шаарддаг, огтхон ч амар биш гэдгийг ойлгосон. Одоо дасчихсан болохоор энэ ажилдаа өөрийгөө сайн тохирч байгаа гэж боддог.

Хамтлагийнхаа шинэ цомог дээр ажиллахдаа та ямар төсөөлөлтэй эхэлсэн бэ. Тэр төсөөлөл тань бодит үр дүнтэй нийцсэн үү?

Бидний гол зорилго бол өмнө нь хүмүүс сонсож байгаагүй шинэ төрлийн уран бүтээл хийх байсан юм. Шинэ цомог маш сайн хийгдсэн поп жанрын уран бүтээл болсон гэж бодож байгаа. Олон дуу бичиж, дахин дахин засаж сайжруулах нь амар байгаагүй ч их хөгжилтэй байсан. Тийм болохоор сайн үр дүнд хүрсэн байх.

Цомогт багтаах дуунуудыг шийдэж байхад таны санал болгосон дуунуудаас сонгогдоогүй тохиолдол байгаа юу

Аливаа зүйлд тэнцвэртэй байдал хамгийн чухал гэж би боддог. Тийм болохоор энэ дууг л оруулна гэж зүтгээд байдаггүй. Харин бусдын саналыг сонсож, дундыг баримталсан. Ямартай ч бүх зүйл маш сайн болсон гэж бодож байгаа. Надад таалагдсан ихэнх дуунууд цомогт багтсан. Анх тийм ч их таалагдаагүй байсан дуунуудаа олон дахин сонссоны дараа дуртай болсон. Би хувьдаа энэ цомогт маш сэтгэл хангалуун байгаа.

Зургийн эх сурвалж: Soompi

2022 онд BTS завсарлага авна гэдгээ зарлах үед та илэрхийлэхийг хүссэн зүйлүүд бараг дуусаж байгаа юм шиг санагдаж байна гэсэн. Тэр мэдрэмжийг хэрхэн даван туулсан бэ?

Тэгж хэлснийхээ дараа би бие даасан цомгоо гаргасан. Тэр цомог дээр ажиллахад үнэхээр хэцүү байсан шүү. Гэхдээ одоо бол яг наад асуудлаар чинь тийм ч их санаа зовохгүй байхыг хичээж байна. Илэрхийлэхийг хүссэн зүйл олдож, дараа нь дахиад л дуусах байх. Утасныхаа тэмдэглэлийг эргээд харахад хуучин бичсэн зүйлс маань шинэ утга агуулгатай болсон байдаг. Энэ цомог дээр ажиллахдаа тэр тэмдэглэлүүдээ ашигласан. Илэрхийлэхийг хүссэн зүйл олдох, дуусах гэдэг бол мөнхийн эргүүлэг юм.

Diplo энэ цомогт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнтэй хамтарч ажиллахад юу нь хамгийн онцгой байсан бэ?

Тэр К-поп уран бүтээлчидтэй олон удаа ажиллаж байсан болохоор ажлын үйл явцыг маш сайн мэддэг байсан. Diplo үнэхээр эрч хүчтэй продюсер. Дуу сайн бичихээс гадна цомгийн бүтэц, урсгалыг сайн ойлгодог хүн бидэнд хэрэгтэй байсан юм. Diplo үнэхээр сайн ажилласан.

Та хип хоп хөгжмийг маш нухацтай судалдаг гэдгийг бид мэднэ. Хэрвээ та бүх цаг үеийн шилдэг MC нараас сонго гэвэл хэнийг нэрлэх вэ?

Юуны өмнө "MC" гэдэг үг байна. Одоо энэ үгийг ашиглахаа больсон талаар би найзуудтайгаа ярилцаж байсан юм. Гэхдээ сонгоход хэцүү л дээ. Би Eminem-ийг сонсож өссөн болохоор Eminem-ийг шилдэг хэлнэ. Бас Kendrick Lamar.

Америкийн хип хоп хөгжмийн одоогийн нөхцөл байдлыг та юу гэж бодож байна вэ? Жаахан зогсонги байдалд орсон гэж яригддаг.

Juice WRLD шиг авьяаслаг залуус өнгөрсөнд би маш их харамсдаг. Гэхдээ хөгжмийн урсгал дандаа хувьсан өөрчлөгддөг. Одоохондоо зогсонги юм шиг санагдаж болох ч, удахгүй хип хоп дахиад л чартуудыг тэргүүлж эхэлнэ. Одоо шилжилтийн үедээ байна гэж би боддог. Бага зэрэг гацсан байгаа нь үнэн ч, заавал эргэж ирнэ.

Би J-Hope-тэй ярилцахдаа BTS-ийн эхний 10 жил оргилд гарахын төлөө зүтгэл байсан гэж хэлсэн юм. Одоо та бүхэн аль хэдийн оргил гарчээ. Буцаад хамтлагаараа нэгдсэн тул та бүхний зорилго юу вэ?

Бид цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй. Өмнө нь бид хэтэрхий өрсөлдөөнч байсан байх. Зорилгодоо хүрэх гэж яарсаар бие болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаггүй байж. Одоо харин арай тайван байж чадна, ялангуяа одоо бүгд нас тогтоод байна шүү дээ. Тийм болохоор илүү хөгжилтэй цагийг өнгөрөөж чадна гэж бодож байна.

Зургийн эх сурвалж: Resonate Voices

Гишүүд 40, 50, 60 нас хүртлээ хамтдаа тоглолт хийх талаар ярилцсан гэж сонссон.Тэгэх үнэхээр боломжтой гэж та бодож байна уу?

Хэрэв бид хүсвэл 70, 80 нас хүрсэн ч тоглолт хийж чадна гэж би итгэдэг. Одоогийнх шигээ тоглож чадахгүй байж болох ч, өөр арга олж болно. Тийм болохоор бидэнд хүсэл байхад ямар ч асуудал гарахгүй гэж бодож байна.

Таны бодлоор BTS-ийн амжилтын нууц нь юунд байна вэ?

Манай хамтлагийнхан зүгээр л маш хөгжилтэй хүмүүс. Тэдэнтэй хамт байх зугаатай байдаг. Бид хамтдаа хүнд хэцүү зүйлсийг туулсан болохоор би тэднийг гэр бүл шигээ л боддог. Бидний нөхөрлөл амжилтын маань нэг хэсэг байх. Бас бүгд маш авьяаслаг. Тийм болохоор л бие биедээ итгэж энэ замыг туулж байгаа байх.

Олон нийтийн анхаарлын төвд үргэлж байх нь хэцүү байдаг уу. Бусдад жижигхэн зүйл байж болох ч таны хувьд том асуудал болох үе гардаг байх.

Энэ бол ажлын маань нэг хэсэг. Миний ажил бол олны нүдэн дээр амьдрах. Заримдаа тухгүй байх үе бий. Гэхдээ бусад хүмүүс намайг юу гэж харах нь хамаагүй, бас миний талаар бичсэн сэтгэгдлийг хэзээ ч уншдаггүй. Тийм болохоор энэ нь тийм ч хэцүү санагддаггүй.

Эх сурвалж: Rolling Stones

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

BTS эргэн ирсэн нь үнэхээр гоё мэдээ байна

Зочин
Зочин

Shuga iin bodol ih gun utgatai yumaa

Зочин
Зочин

70 80 nastai bolson ch togloj chadna gedeg ni uneheer uрам ogch bn

Зочин
Зочин

ARIRANG tsomog ih sonirholtoi sanagdaj bn

Зочин
Зочин

Sugagiin yariltslaga mash uneheer hunii setgeld hurdeg

Зочин
Зочин

ene hamtlag uneheer neg oor tuvshind baina

Зочин
Зочин

BTS-iin nuuts ni neg negendee itgeh itgel bh

Зочин
Зочин

aimar ih hudulmurch humuus shuu

Зочин
Зочин

Shuga Eminem Kendrick 2-iig songoson ni taalagdlaa

Зочин
Зочин

urgelj shine zuil hiideg ni uneheer taalagdдаг

Зочин
Зочин

bi bas hugshirch baisan ch durtai zuilee hiine gej boddog

Зочин
Зочин

ene ugs ih uram ogloo

Зочин
Зочин

BTS bol zugeer neg idol bish gedeg ni харагдаж bn

Зочин
Зочин

hamgiin goy ni tednii nuhurlul bh

Зочин
Зочин

ene tsomog ch bas record evdene bhdaa

Зочин
Зочин

Sugagiin setgel sanaa ih gun bdag юм

Зочин
Зочин

Хүүхэн царайтай эрэгчүүдтэй яаж унтдаг бна аа. Бодохоос шижиг хүрээд бх юм.

Холбоотой мэдээ

Back to top button