Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Татварын дарамтын улмаас хаалгаа барих дөхсөн ААН тав алхахад гурав таарч байна

Анкарагийн гудамж 17:00 цаг. Бидний нэрлэж заншснаар Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас СУИС хүртэлх зам. Энэ гудамж хэзээнээс хотын төвийн цэмцгэр, албан байгууллага, ААН элбэг, хөл хөдөлгөөн ихтэй худалдаа үйлчилгээний гудамж билээ.

Гэвч өнөөдөр нааш цааш алхах цөөн хэдэн хүнийг эс тооцвол эл хуль дүр зураг угтав. Замын хоёр талаар шил шилээ дарсан байгууллагуудын хаяг, сурталчилгааны самбарууд өнгө алаглана. Орчныг ажиглан таван минут зогсоход эгнэн орших эдгээр газар руу орж, гарах хүн бараг таарсангүй. Анзаарч харвал ойролцоох кафед цонхон талд хэдэн суух бөгөөд цааших танхим хоосон цэлийнэ.

Өнөө жил эдийн засаг хүндэрч айл өрхийн санхүүгээс эхлээд, албан байгууллагын данс улайж байгаа тухай хэн хэнгүй ярьж байна. Ивээл, Буудай зэрэг үндэсний брэнд энэ талаар шүгэл үлээж, хаалгаа барих хэмжээнд хүрснээ цахим орчинд зарлаад буй. Иймд бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.

Г.Намуун: 10 жил хувиараа бизнес эрхэлж байна, одоо үнэхээр шантарч байна

Бидний орсон эхний газар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар байсан юм. Цэвэрхэн гал толгоо, цэлгэр танхимтай ч үйлчлүүлэгч байсангүй. Тус газрын эзнийг Г.Намуун гэдэг, 30 гаруй насны бүсгүй. Тэрбээр сүүлийн 10 жил караоке, паб, хоолны газар зэрэг бизнес эрхэлж байгаа аж. Гэвч энэ жилээс шантарч, төрийн албан хаагч болсон нь амар юм уу даа гэж бодох болсноо бидэнд хуучилсан юм.

-Энэ байршилд үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна вэ. Өртөг зардал өндөр гарах уу?

-Манайх хоёр жил гаруй болж байна. Түрээс, ус, цахилгаан, дулаан гээд сар зургаан сая орчим төгрөг болдог. Мөн сантехник, жижиг эвдрэл гэмтлийн засвар гэхчилэн сард тогтмол 300-500 мянган төгрөгийн урсгал зардал гардаг. Анх ажиллуулж эхэлж байх үетэй харьцуулахад орлого огцом муудчихсан. Уг нь хоолны үйлчилгээ эрхэлдэг учраас пиво ч болсон зарах санаа байгаа ч заавал компани байх ёстой гэдэг. Ер нь үйл ажиллагаа өргөжүүлье гэхээр татвар, тайлан, нягтлан гээд асуудал овоорчихдог.

-Залуу хүний хувьд өөртөө болон бусдад ажлын байр бий болгоод бизнес эрхлэхэд хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу вэ?

-Хувиараа бизнес эрхлэхэд төрөөс ирэх дарамт маш их байдаг. Жишээ нь, дүүргийн хяналт шалгалт. Байж боломгүй элдэв шаардлага тавьдаг. Орлого үнэхээр муудчихсан, хүмүүс ер нь мөнгөгүй болчихсон байна. Энэ бизнесээ 70 саяар эхлүүлж байсан. Дотоод засал, техник хэрэгсэл гээд зардал их гарсан. Дээрээс нь бэлэн бизнес, ашигтай байрлал гээд үнэтэй авч байлаа. Удахгүй хаалгаа барих талаар бодож эхлээд байна.

Г.Даваасүрэн: Татвар, нийгмийн даатгалд нийт 30 орчим сая төгрөгийн өртэй, данс нээсэн гэх шийдвэр бодит амьдралд нийцэхгүй байна

Өмнөх газраасаа гарч, яг зэргэлдээх байгууллагын хаалгыг татлаа. Мөн л жил дүр зураг. Үйлчлүүлэгчгүй цэлгэр танхим. Хоёр эмэгтэй биднийг угтсаны нэг нь зөөгч, нөгөө нь тус бизнесийн үүсгэн байгуулагч. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ойрын үед үйлчлүүлэгч хэр байна вэ. Та энэ бизнесийг эхлүүлээд хэр удаж байна?

-Гурван жил болж байна. Энэ жил эрс муудчихлаа, орлого. Пиво 8000 төгрөг хүртэл хямдруулсан ч худалдан авалт муу байна. Хүмүүс ер нь ширхэгийн эсвэл хямд хоол асуудаг болсон. Өмнө нь үнэ харахгүй хүссэнээрээ тухтай сууж байгаад гардаг байсан.

-Үйлчилгээнийх нь нэр төрлөөс харвао компаниар үйл ажиллагаа явуулдаг бололтой. Энэ жил олон байгууллага татварын өрийн улмаас дансаа хаалгаж байна гэх. Танайх ямар нөхцөл байдалтай байна?

-Хувиараа бизнес эрхлэгчдийн хамгийн том асуудал бол нэгт түрээс, хоёрт НӨАТ тэгээд татварын асуудал. Манай компани гэхэд НӨАТ, татварын өртэй. Өрөө дийлэхгүй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалтай байна. Ямар ч орлогогүй байна гээд байхад түрээсийг хяналтгүй нэмээд байдаг. Үүнийг анхаардаг газар байвал сайн сан.

-Нууц биш бол татварт хэчнээн төгрөгийн өртэй вэ. Саяхан Засгийн газраас нэг сарын хугацаатай данс нээх шийдвэр гаргасан шүү дээ?

-Татварт 20 сая төгрөгийн өртэй учраас дансаа хаалгасан. Нэг сар нээх шийдвэр гарсан л гэсэн. Угаасаа хоосон дансыг нээгээд ч яах билээ. Тэр их өрийг нэг сар дотор төлж дийлэхгүй. Нийгмийн даатгалд найман сая төгрөгийн өртэй. Энэ байдлаараа эдийн засгийн хямралыг давж гарахгүй бололтой. Яг үнэндээ дампуурлын байдалтай өдөр хоногийг аргацааж байна. Хаалгаа барих энүүхэнд болсон.

-НӨАТ-ын тухайд?

-Компанийн орлого 50 саяас дээш болчихоор НӨАТ төлөгч болчихдог юм. Н.Учрал сайд энэ босгыг 400 сая болгоно гэж ярьсан байна билээ. Тэр нь хэзээ ч хэрэгжих юм. Хэрэгжлээ гэхэд жирийн бизнес эрхлэгч бидэнд нөлөөлөх ч юм уу бүү мэд. Үнэндээ яг яахаа мэдэхгүй гацчихаад байна.

Дээрх хоёр байгууллага бол зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг газрууд. Нэгээс нь гарч нөгөө рүү нь ороход тав алхах л зайтай гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Гэтэл аль аль нь хаалгаа барих нь цаг хугацааны асуудал болчихоод байгааг эзэд нь хэлж байна.

Кофе уух, хувцсаа хими цэвэрлэгээнд өгөх нь "тансаг хэрэглээ" болж, иргэд танах хэмнэх горимд шилжжээ

Шил шилээ дарсан олон байгууллагын хаалгыг татахад өнөөх л эл хуль дүр зураг угтсаар. Арай дээр нь кофе шопууд байсан юм. Эхний орсон кафе үйл ажиллагаа явуулж эхлээд зургаан жил болж буй. Кофе сонирхогчдын хэзээний танил газар. Гэхдээ энэ хугацаанд эзэд нь хэд хэд солигджээ.

Бариста охиноос нөхцөл байдлын талаар тодруулахад "Хүмүүсийн кофены хэрэглээ буурчихсан. Өвөл бүр ч хүнгүй байлаа. Олон ч кафе хаалгаа барьж байна. Та зарын групп ороод харвал бизнесээ зогсоож, кофе, үр, техник хэрэгслээ зарах тухай зар дүүрэн байгаа. Бидний авдаг барааны үнэ нь өсөж байгаа ч үнээ өсгөхгүй байхыг хичээдэг. Үнэнч үйлчлүүлэгчтэй тулдаа үйл ажиллагаа үргэлжилж байна гэж боддог" гэсэн юм. Тус кафе орон тоогоо цөөлөн 3-4 баристатай ажиллах горимд шилжээд байгаа аж.

Кафегаас гарч хими цэвэрлэгээний газраар орлоо. 50 орчим насны эмэгтэй үйлчлүүлэгчийн хувцсыг хүлээлгэн өгч таарав. Тэрбээр ажлынхаа дундуур "Орлого муу муу, асуух ч юм биш. Өвлөөс хойш огцом муудчихсан. Хямдралын үеэр жаахан нэмэгддэг юм. Хүнс бол яалт ч үгүй хүний хэрэглээ болохоор болоод байх шиг байгаа юм. Хувцсаа химид өгдөг хүн ховордсон. Өдөржин лангуу ширтээд, ажлын цагаа яаж өнгөрүүлье дээ гээд хүлээж суудаг ажилтай болсон" гэлээ.

Орсон газрын ихэнх нь хүнгүй, ажилтнууд нь орлого муу байгааг хэлж байсан ч хэвлэлээр гарамгүй байгаагаа учирлаж байв. Ингэж явсаар нэгэн цэцгийн мухлаг орлоо.  н.Энхээ эгч агрономич мэргэжилтэй, тэтгэвэртээ гарснаас хойш дүүгийнхээ цэцгийн дэлгүүрт сууж байгаа аж.

Тэрбээр “Цэцэг, ургамлын бизнес бол улирлын чанартай , маш эмзэг. Яривал зөндөө л юм байна. НӨАТ-ын баримт, цалин, түрээс гээд асуудал их. Нягтлан, дарга л сайн мэдэх байх. Хажуунаас нь харж байхад хэцүү байх шиг байна. Цэцгэн дээр хаягдал гарна, тээвэрлэлтийн явцад шилэн ваар хагарч гэмтэнэ. Алдагдал ихтэй ч үнээ нэмэхгүй байхыг хичээж байна. Дээрээс нь энүүхэн цаана нэг газар зарагдсан юм уу засвар хийгээд байгаа. Дагаад хүний хөл татарчих юм" гэж хуучилсан юм.

Дээрх дүр зургаас харвал кофе шоп, хими цэвэрлэгээ, цэцгийн дэлгүүр зэрэг бизнесийг ч эдийн засгийн хямрал тойрч гарсангүй. Улам ч илүү өртөж байгаа аж. Бизнес эрхлэгчид иргэд аль болох хямдыг сонгож, ариглан хэмнэх, чухал биш хэрэглээгээ танах горимд шилжсэн тул үйлчлүүлэгч эрс муудсныг онцлож байлаа.

Гоо сайхны салоны захирал Б: Зээлээс зээлийн хооронд аргалж, дансаа хаалгачихгүйн төлөө ажиллаж байна

Манай сурвалжлах багийн дараагийн зочилсон газар гоо сайхны салон.  Хаалгаар ормогц “Та юу сонирхож байна” гэсээр угтав. Маникюр дээр хоёр хүн хумсаа будуулж байгаа харагдав. Мөн нэг үйлчлүүлэгч цагаа хүлээн сууж байлаа. Өнөөдрийн орсон газруудын хамгийн хөлтэй нь энэ гэхэд хилсдэхгүй.

Захирал бүсгүй царайгаа нууцлахыг хүссэн ч бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудлын талаар хуваалцахаас татглазаагүй юм. Тэрбээр,

“Энэ салбарт зургаан жил ажиллаж байна. Гурван жилийн өмнө бүх мөнгөө шавхаад, нэмээд 60 сая төгрөгийн зээл авч салоноо нээсэн.  Одоогоор есөн ажилтантай. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад үйлчлүүлэгч багассан. Орлого ер нь хэцүү л байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, тоног төхөөрөмж шинэчлэх бүрд мөнгө хэрэгтэй. Тэр бүгдийг зээлээр л аргалдаг. Зээлийн хүү өндөр. Нэмээд татварын асуудал байна. Дансаа хаалгачихгүйн төлөө ажиллаж байна” гэв.

Бид сунайсан урт гудамжийн хоёр талаар ээлжлэн явж, газар бүрийн хаалгыг татахад "Орлого багассан, хүмүүсийн худалдан авах чадвар муудсан талаар" гэдгийг уулзсан хүн бүр хэлж байсан юм. Үүнээс шалтгаалаад цалин хоцрох, орон тоогоо цомхотгох зэрэг асуудал гарч байгааг ажилтнууд цагийн ажилтнаас эхлээд ярьж байна.

Бодит дүр зургийг харвал, татварын дарамтын улмаас хаалгаа барихад тулаад буй байгууллага тав алхахад гурав, түүнээс ч олон таарч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tatvaraas gadna ND bas mash tom achaalal bolдог bh

Зочин
Зочин

Жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс үнэхээр хүнд байдалд орчихжээ

Зочин
Зочин

Tatvar түрээс hoyor ni negdheer jijig AAN-d hetsuu l dee

Зочин
Зочин

Кафе ресторанууд хүнгүй болчихсон нь сүүлийн үед их анзаарагдаж байгаа

Зочин
Зочин

Humuus unendee hemnej amidrah горимд orson shuu

Зочин
Зочин

Өдөржин хүнгүй суух ямар хэцүү байдаг бол доо

Зочин
Зочин

Орлого муудахаар хамгийн түрүүнд кафе, үйлчилгээний газрууд өртдөг юм байна

Зочин
Зочин

Humuus coffee хүртэл tansag hereglee gej uzdeg bolчихсон yum uu daa

Зочин
Зочин

Түрээсийг хяналтгүй нэмдэг асуудлыг үнэхээр анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Түрээсийг хяналтгүй нэмдэг асуудлыг үнэхээр анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Ugaasaa orlogo ni bhgui bol dans neegeed ch nemer bagatai shd

Зочин
Зочин

Жижиг дунд бизнесүүд унавал ажлын байр л хамгийн их хохирно

Зочин
Зочин

Humuus odoo zuvhun hool hunsendee l mongo zartsuulj bn daa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дундаж хэвийн хоол хүнсэнд орлого хүрэхгүй дөнгөн данган гол зогоож байгаа айлууд улам нэмэгдэж бна. Хоол хүнсний үнэ мөлжлөгө хэрээс хэтрээд удаж бна.

Зочин
Зочин

Хувиараа бизнес эрхлэх зоригтой хүмүүсээ ингэж туйлдуулж болохгүй ээ

Зочин
Зочин

Tatvar tailan geed jijig business эрхлэгчид uneheer daramt ihtei bh

Зочин
Зочин

Tatvar tailan geed jijig business эрхлэгчид uneheer daramt ihtei bh

Админ
Админ

арай2

Зочин
Зочин

Үйлчлүүлэгчид нь мөнгөгүй, түрээсийг зоргоороо нэмдэг болохоор

Зоч
Зоч

Дээгүүрэээ намчин суга бөгс цүнхчингүүүд хагартлааа тонуул хииидэг гэдгиииг өдөр болгонл гарсааар гээл их гарах юмдааа чаваас

Зочин
Зочин

Жилийн орлого 300 сая хүрэхгүй ААН үүд үнэндээ дампуурч байна. Жижиг ресторан гэхэд л ААН ОРЛОГЫН Албан татвар, нөат, нхат ийг төлдөг ТАТВАРЫН ДАРАМТАНД орж байгаа. НӨАТ ийн 50 сая юу ч хийгээгүй байхад 50 сая болчихдог Тэгээд өрөнд орж эхэлнэ дээ

Зочинолдо
Зочинолдо

түрээс 10 сая гэж бн лээ нэг хоолны газар ажиллуулаад түрээсээ цалингаа дийлэхгүй хаалгаа барьсан

Зочин
Зочин

Өглөө эрт нээгээч дээ. Үд болсон хойно дуртай дургүйн хооронд миний төлөө ажиллаж байгаа юм шиг бас тэгээд харьцаа хандлага чинь хаан шиг байхаар яаж өөдлөх вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button