J-Hope: Хандлагаа өөрчилбөл итгэл найдварыг үнэхээр олж чадна гэж хүмүүст хэлдэг
BTS хамтлагийн гишүүд цэргийн албаа хааж, гуравдугаар сард “ARIRANG” цомгоо гарган эргэн ирсэн. Мөн тэд эргэн ирэлтээ тохиолдуулан дэлхийн аялан тоглолт хийж байгаа билээ. “Rolling Stones” сэтгүүл тус хамтлагийн гишүүн болгонтой ярилцлага хийжээ. Энэ удаад J-Hope-ийн өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.
Бүрэн бүрэлдэхүүнээрээ буцаж ирсэн хамтлагтайгаа эргэн нэгдэх ямар санагдаж байна вэ?
Цэргийн албаа хааж дуусаад хэсэг хугацаанд ганцаарчилсан уран бүтээлчээр ажиллаж байгаад хамтлагтайгаа эргэн нэгдсэн. Тэр хугацаанд хамтлагаараа дуулах, ганцаарчлан ажиллах хоорондоо ямар их ялгаатай байдгийг их мэдэрсэн. Одоо бид буцаад хамтдаа байгаа болохоор миний өөрийгөө илэрхийлэх байдал, тайзан дээр тоглоход дутуу санагдаж байсан бүх орон зайг бусад гишүүд маань нөхөж өгч байна. Бид яагаад долуулаа байх ёстойг олон талаар ойлгосон. Хүн бүр өөрийн үүргийг гайхалтай сайн гүйцэтгэдэг нь үнэхээр нандигнах ёстой зүйл. Хамгийн сайхан зүйл нь биднийг эргэж ирсэнд шүтэн бишрэгчид маань баярлах юм. Эргэж ирсэндээ би ч бас маш их баяртай байна.
Таны бие даасан уран бүтээл болох “Arson” дуун дээр “Галыг унтраах уу, эсвэл бүр илүү хүчтэй асаах уу?” гэсэн маш чухал мөр байдаг. Энэ нь таны карьер болон BTS хамтлагийн карьерт ч хамаатай том асуулт шиг санагддаг. Бас RM хамтлагаа тараах тухай бодож байсан ч эцэст нь үргэлжлүүлэн урагшлахаар шийдсэн гэж хэлсэнтэй холбоотой юм шиг санагдлаа. Энэ дууны мөр болон тэрхүү мэдрэмж хоорондоо хэр зэрэг холбоотой вэ?
2022 онд тэр дууг бичиж байхдаа тухайн үед мэдэрч байсан бүх сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Тэр үед би их санаа зовж байлаа. Энэ их хайр халамж, анхаарлыг авах нь үнэхээр сайн зүйл болов уу гэж бодсон. Хүн бүр намайг алга ташин дэмжиж байх үед энэ бүгдийг зүгээр л зогсоочихвол яах бол гэж боддог байв. Алдар нэрийг үнэхээр хүсэж байгаа эсэхдээ ч эргэлзэж байсан. Гэхдээ тэр үеэс хойш би маш их өөрчлөгдсөн гэж бодож байна. Учир нь энэ бүгд зүгээр л миний нэг хэсэг. Хамтлагтайгаа ажиллаж байхдаа ч, хувийн карьертаа ч энэ бүгдийн дунд амьдралыг маш ихээр мэдэрч, бүх зүйлээс суралцаж байна. Амьдралынхаа зөвхөн тодорхой нэг үед л мэдэрч чадах зүйлс гэж байдаг. Эцсийн эцэст хүн ингэж л амьдарч, өсөж хөгжиж, насанд хүрдэг шүү дээ. Тухайн үед болон тэр цагаас хойш уран бүтээл дээр ажиллах явцдаа үүнийг маш их мэдэрсэн гэж боддог.
Үүнээс харвал та бүхэн үргэлжлүүлэн хамтдаа байх магадлал үргэлж өндөр байсныг илтгэж байна. Гэхдээ танд “Бид бүхнийг хийсэн, одоо оргил үедээ хүрсэн болохоор дуусгаж болно” гэж хэлэх сонголт үргэлж байсан шүү дээ.
Одоо бодоод үзэхэд зөвхөн би хүссэн учраас л зогсоочхож болох зүйл биш гэдгийг ойлгосон. Хувь хүнийхээ хувьд би эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөнд маш их автдаг учраас би шийдвэр гаргахдаа олон хүнд ямар сэтгэл зүйн нөлөө үзүүлэхийг бодох хэрэгтэй болдог. Үүнээсээ болоод нэлээд шаналсан. Эцэст нь, галыг үргэлжлүүлэн асаахыг үнэхээр хүсэж байгаа гэдгээ мөн надад хамгийн үнэн зөв санагдах сонголт гэдгийг мэдэрсэн.

Та 2022 оны бие даасан цомогтоо хайрцаг дотор байна гэсэн зүйрлэлийг ашигласан. Та одоо ч ямар нэгэн хайрцагт байгаа юм шиг санагддаг уу, хэрвээ тийм бол тэр нь ямар хайрцаг вэ?
Тухайн үеийн өнцгөөс бодоод үзвэл оновчтой зүйрлэл байсан гэж бодож байна. Гэхдээ одоо өөрийн гэсэн олон уран бүтээл гаргаж, өөрийгөө сорьж, илүү их зүйлийг мэдэрсэн болохоор одоо өөрийгөө хайрцагт байгаа гэж хэлэхгүй. Харин “Хайрцгаас гарсан болохоор одоо юу бүтээж чадах вэ?” гэж өөрөөсөө асууж байна. Гэхдээ үнэндээ миний уран бүтээл бүтсэн түүх Пандорагийн хайрцгаас эхтэй. Тэр домогт хайрцгийг нээхэд бүх муу муухай зүйлс гардаг ч, буцаагаад хаахад дотор нь итгэл найдвар үлдэж хоцордог. Тэгвэл итгэл найдвар хайрцгаас гарсныхаа дараа юутай нүүр тулах вэ. Энэ талаар бодохоор хөгжимдөө тусгах шаардлагатай өөр маш олон мэдрэмжүүд бий. Учир нь хүн амьдрахдаа маш олон сэтгэл хөдлөл мэдэрдэг шүү дээ. Баяр баясал, хайр дурлал, эсвэл бүр илүү сөрөг зүйл ч бай, өнөөдөр би тэр сэтгэл хөдлөлүүдтэй шууд нүүр тулж, хөгжмөөрөө дамжуулан илэрхийлэхийг илүүд үзэж байна.
Та хамтлагтаа хөгжмийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Таныг хамтлагийг нэгдмэл байлгадаг гэж ярьдаг. RM ч зарим талаараа таныг өөрийнх нь удирдагчийн үүргийг хуваалцдаг гэж хэлсэн. Энэ бол таны зан чанар, авьяас чадвар. Гэхдээ энэ хэзээ нэгэн цагт дарамт болж байсан уу?
Үүнийг дарамт гэж хэлэхгүй. Би зүгээр л өөрийн чадах зүйлээ хийдэг. Миний хувьд багтаа гүйцэтгэх үүрэг гэж боддог. Гэхдээ бас заавал биелүүлэх ёстой шаардлага гэж боддоггүй. Би юу хийх хэрэгтэй вэ гэж боддоггүй, аяндаа л болчихдог зүйл. Энийг үүрэг үү гэх үү. Үүнийг үүрэг гэж нэрлэх нь зөв үү, үгүй юу. Үүрэг гэж хэлэхэд хачин санагдаж байна. Зүгээр урсгалаараа л болдог.
Таны дууны үг болон ярилцлагуудаас харахад заримдаа J-Hope өөрөө найдварын эх үүсвэрийг хайж байдаг нь илэрхий байдаг. Та бусад хүмүүст итгэл өгдөг хэр нь өөрөө хаанаас найдвар олдог вэ?
Тийм шүү, би үүний тухай үргэлж боддог. Итгэл найдварын тухай хаа сайгүй ярьж явдаг байхдаа ч би өөрөө үнэхээр найдвараар дүүрэн хүн мөн үү гэдэгтээ итгэлгүй байсан. Гэхдээ үнэндээ энэ бүхэн зөвхөн таны хандлагаас л шалтгаална. J-Hope гэдэг тайзны нэртэй болохоос өмнө би үргэлж гэрэл гэгээтэй, эерэг, найдвараар дүүрэн хүн байсан уу. Мэдээж би сэргэлэн зантай байсан ч найдварын мөн чанарыг тунгаан бодож, автдаггүй байсан. Энэ нэр өнөөдрийн намайг бий болгосонтой адил, амьдралаас олж авсан байр суурь ч өнөөдрийн намайг бүтээсэн. J-Hope гэдэг тайзны нэртэй болсныхоо дараа би нэрийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэж өөртөө хэлсэн. Тэгэхэд миний дотор нэг зүйл өөрчлөгдсөн. Би бүх зүйлээс найдвар хайж эхэлсэн. Тэгээд би хандлагаа өөрчилбөл итгэл найдварыг үнэхээр олж чадна гэж хүмүүст хэлдэг болсон. Би үргэлж өөртөө “Чи бол J-Hope” гэж сануулдаг. Тиймээс надад итгэл найдварт хүрэх нарийн арга зам байхгүй ч, миний одоогийн амьдрал итгэлийн тухай ойлголт болон J-Hope гэдэг нэртэй нягт холбогдсон тул би итгэлд хүрэх өөрийн замыг олж чадсан.

“ARIRANG”-ийг бүтээх явцад ямар мөчүүд сэтгэлд хамгийн тод үлдсэн бэ, магадгүй шинэ зүйлийг олж мэдэрч байна гэж санагдсан мөчүүд бий юу?
Юуны өмнө бид долуулаа хамтдаа Америк руу нисэж, цугтаа дуу бичлэгт орсон явдал нь ажиллах явцыг бүхэлд нь өөрчилсөн. Тиймээс бид цомог дээр ажиллаж байхдаа Америкийн соёлыг мэдэрч, уур амьсгалыг нь шингээж авах маш сонирхолтой байлаа. Энэ зүйл л цомгийг ийм онцгой, өвөрмөц болгосон гэж бодож байна. Бас цомгийн дуунууд бидний өмнөх бүтээлүүдийн өнгө аясаас маш өөр байсан. Уран бүтээлүүдээс бид хэрхэн ажилласан явц шууд мэдрэгдэнэ. Хөгжим хийхийн тулд хамтдаа аялсан нь бидэнд өөрсдийнхөө шинэ талыг харуулах боломж олгож, улмаар бидний дотоод холбоог бүхэлд нь бэхжүүлж өгсөн.
Таны сүүлийн үеийн ганцаарчилсан дуунуудаас харахад хайр дурлалын сэдвийн талаар бичихэд илүү чөлөөтэй, тухтай болсон мэт санагдсан. Үүнд хүрэхийн тулд таны сэтгэлгээнд юу өөрчлөгдсөн бэ?
30 насандаа мэдрэх хайр дурлал, хорин насандаа мэдэрч байсан хайр дурлалаас өөр жинтэй байдаг юм шиг санагддаг. Хувийн туршлагаас гадна би өөрөө хайр дурлалын тухай илүү гүнзгий бодож, төлөвшсөн насанд хүрсэн хүний өнцгөөс харж байгаагаа анзаардаг. Мэдээж надаас ахмад хүмүүст миний ярьж байгаа зүйл эгдүүтэй санагдаж болох ч, одоо би сэтгэл хөдлөлийн сэдвүүдэд илүү хянуур, нухацтай хандах ёстой гэж мэдрэгдэх болсон. Үнэндээ энэ нь надад хайрын тухай илүү нээлттэй ярих чөлөөг олгосон. Зүгээр л жам ёсны дагуу өрнөсөн өөрчлөлт гэж бодож байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хайр гэдэг ойлголт улам бүр нарийн, тодорхой болдгийг ойлгосон.
BTS хамтлагийн эхний арван жил цоо шинэ төрлийн супер одод болж, хөгжмийн салбар оргил өөд мацах үе байсан. Тэгвэл BTS 2.0-ийн зорилго юу вэ?
Хэт холын зүйлийг урьдчилж төлөвлөх хэрэггүй гэж би сүүлийн үед бодох болсон. Бид бүгд зүгээр л яг одоо цагтаа амьдарч байгаа. Одоо бидэнд үнэхээр хөгжилтэй байна. Энэ мэдрэмжүүдээ хадгалан урагшилсаар байвал аяндаа л олон төрлийн зүйлсийг биелүүлж, амжилтад хүрэх болно. Тиймээс хэтэрхий том мөрөөдөхөөс илүүтэйгээр хамтлагтайгаа хамт хөгжим хийж, хөгжилтэй байж, бие биеэ болон шүтэн бишрэгчдээ хайрлах хайрын харилцааг олон жилийн турш нандигнан авч явахыг хүсэж байна. Энэ л миний цорын ганц зорилго. Миний найдвар. Би үүнийг л хүсэж байна.
Эх сурвалж: The Rolling Stones















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
J-Hope-ийн бодол их төлөвшсөн санагдлаа
Hope gedeg neriinhee utgiig uneheer haruulj yavaa hun yum
BTS эргэн нэгдсэн нь фэнүүдэд хамгийн том бэлэг
Arson duunii tsaad utga ni ih sonirholtoi yum bn
Итгэл найдвар хандлагаас эхэлдэг гэдэг үнэн шүү
J-Hope urgelj eyreg energy tugeedeg
Хүн нас ахих тусам үзэл бодол нь өөрчлөгддөг нь мэдрэгдэж байна
BTS 2.0 iig tesen yadan huleej bn
Долуулаа байхдаа илүү хүчтэй хамтлаг гэдэг нь харагддаг
Ene yariltslagaas ih uram avlaa
J-Hope маш даруу хүн юм аа
Hamtlagiin negdel gedeg hamgiin chuhal yum bn
30 nastai hunii hairiin talaarhi bodol oor baidag gedegtei sanal neg
Эерэг хандлага амьдралыг өөрчилдөг шүү
Army nart saihan medee bn daa
Ийм ярилцлага уншихад урам ордог