О.Наранбаатар: Монголын ихэнх хурдан морины уяа Д.Онон гуайн дэг уяагаар явж байна
Үндэсний спорт судлаач, улсын бөх тайлбарлагч О.Наранбаатартай орчин үеийн хурдан морины уяа, сойлгын талаар цөөн хором ярилцлаа.
-Зүүн аймаг хурдтай, баруун аймаг бөхтэй гэлцдэг. Дээхэн үед "сайн эрчүүд Монголын баруун захаас адуу тууж замаараа орхисоор шандас сайтай нь зүүн аймагт очсон" гэх яриа хүртэл байдаг?
-Домог хууч ярианы үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Сэцэн хан аймаг 100 гаруй жил морь, бөхөөрөө дийлдээгүй гэдэг. Монголын зүүн хязгаар гэсэн үг л дээ. Улмаар 1990-ээд оноос эхлэн Сүхбаатар аймгийн уяачид сайн наадаж, морьд нь төвийн аймгуудад түлхүү уралдаж айраг түрүү олон авсан. Хэнтий, Сүхбаатар аймаг араас нь залгаад Дорнод аймаг орж ирсэн байдаг. Хуучны хурдтай газрууд зам харилцаа хөгжөөд ирэхээр дуртай газар руугаа явж наадамладаг болсон учраас тэр байх. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд бол газар зүйн хүчин зүйл ач холбогдол багатай болсон гэж боддог.
-Эрлийз адуу элбэг болсон нь үнэн. Эрлийз цус орсон байж л сумын наадамд айрагддаг болж. Захын суманд тийм байгаа байх. Эрлийз адууны тухай?
-Хаана хэн ч эрлийз адууны үржил хийж болно. Цус өндөртэй адуу элбэг болж байгаа үнэн. Цус өндөртэй эрлийз адуу үржүүлж байгаа хүнд хаана бэлчээртэй байх вэ гэдэг нь чухал юм шиг. Үүнийг сайн, муу гэж хэлэхээс илүүтэйгээр яагаад энэ адууг зүүн талын бүс нутагт үржүүлээд байна вэ гэдэг нь ерөөс бэлчээртэй холбоотой. Тэнд хавар эрт ногоо идэж байна. Гэхдээ аль нутагт ч үржил хийж болох учраас Монгол орны хаанаас ч хурд ирэх боломжтой болсон.
-Хурдан морины уяа цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна гэж сүүлийн үед их ярих боллоо. Цаг үеэ дагаад өөрчлөгдөх нь мэдээжийн л асуудал байх. Орчин үеийн морины уяа, дээхэн үеэс хэр хол зөрөх бол?
-20-р зууны Монголын хурдан морины уяа ихэвчлэн өвгөн ноён Пүрэвдоржийн бий болгосон уяаны дэг сургуулиар явж ирсэн гэдэг. Давхил хийх, хөлслөх гэх мэт. Яг одоо цагийн морины уяа тэс өөр болсон л доо. 100 жилийн өмнөхтэй харьцуулшгүй хувьсаж байна. Үүнийг хүмүүс сайн муугаар бодож өөрсдийнхөөрөө хүлээж авдаг. Адууны эрлийзжүүлэлт, сэрвээ өндөр хэмжих зэрэг асуудлууд бий болсон байна. Бэлчээрээр нь уяж байгаад уралдуулдаг биш байнгын суурин маллагаа давхил, хөлстэй бэлэн байлгадаг. Мөн уралдаанч хүүхэд, уяач, "босс" гэх өөр төрлийн хэлбэр үүсчихсэн байна. Үүнээс харахад 100 жилийн өмнөхөөс эрс өөр болсон гэдэг нь ил. Дийлэнх хүмүүсийн ярьж буйгаар МУТМУ Д.Онон гуайн бий болгосон дэг уяа гэж ярьдаг болчихлоо. Орчин үеийн уяа Д.Онон гуайн дэгээр явж байх шиг байна.
-Одоогоос 100 жилийн өмнө азарга уралддаггүй байсан гэдэг. Азарга уралдаж эхэлсэн нь хурдан морины хөгжилд том түлхэц болсон гэж ярьдаг?
-100 жилийн өмнө гэхээр 1899 онд анх азарга уралдсан гэдэг. Түүнээс өмнө их морь, дунд морь, бага морь гээд их морь, соёолон, хязаалан уралддаг байж, даншиг наадмын цувааг харахад. 1925 оны цуваан дээр л даага, шүдлэн нэмэгдсэн байдаг. Хэзээ зургаан насны морь уралдав гэхээр 100 жилийн түүхтэй байгаа юм. Хуучин бол гурван насны морь буюу их морь, соёолон, хязаалан уралддаг байсан. Харин азарга орж ирээд Монголын морин уралдаанд хувьсал гарсан гэдэг юм. Азарга уралдахын ялгаа гэвэл үр төлөө өгөх. Адуу уралдаж араггүй сайн азарга гэдгээ харуулна. Түүний үр төл үнэд орно гэсэн үг. Харин сайн их морь байж байгаад "хөлгүй" болчихвол тэр адуу цаашаа үр удам нь байхгүй л болно. Азарга бол төл нь үлдэнэ. Тэгэхээр азарганы уралдааныг үүсгэснээрээ бас нэг том хувьсал гарсан байж таарах нь.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.