НИЙГЭМ

ЦАГИЙН ХЭЛХЭЭ: "Эмэгтэйчүүдийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэдэг болсон бэ

1908 он: Эмэгтэйчүүд энэ цагаас эрхийнхээ төлөө эрс шийдэмгий тэмцэж эхэлсэн. 1908 оны 3 дугаар сарын 8-нд Нью Йорк хотод 15000 эмэгтэй  ажлын цагийг багасгах,  цалин нэмэх, санал өгөх эрхийг бий болгохоор жагсаал зохион байгуулжээ.

1909 он: Америкийн Социалист Нам Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг  жил бүрийн 2 дугаар сарын 28-нд тэмдэглэх болсныг тунхаглав. Ингээд 1913 он хүртэл эмэгтэйчүүд 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт баяраа тэмдэглэдэг байжээ.

1910 он: Даний Копенгаген хотноо  болсон ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон Германы Социал Демократ Намын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Клара Зеткин Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий нийтээрээ нэг өдөр тэмдэглэхийг санал болгожээ.

1911 он:  Австри, Дани, Герман, Швейцари зэрэг оронд сая гаруй хүн 3 дугаар сарын 19-нд жагсаал хийж Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрийг анх удаа тэмдэглэжээ. Ингэхдээ  эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх, ажил эрхлэх, техник мэргэжлийн боловсролтой болох эрхийг нэхэж, ажлын байранд ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохыг шаардав.

1913-1914 он:  Дэлхийн I дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөний хүрээнд Оросын эмэгтэйчүүд анх удаа 1913 оны 2-р сарын сүүлийн Ням гаригт эрхийн өдрөө тэмдэглэсан байна. 1914 оны гуравдугаар сарын 8, 9, 10-ны  өдрүүдэд энх тайвны төлөө эв санааны жагсаал цуглаануудыг Европын бусад орны эмэгтэйчүүд зохион байгуулжээ.

1917 он:  Дайнд хоёр сая цэргээ алдсан Орос орны эмэгтэйчүүд “Талх ба Энх тайван”-ыг шаардсан ажил хаялтыг хоёрдугаар сарын сүүлийн Ням гаригт дахин зохион байгуулав. Энэ өдөр нь тухайн үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын 2-р сарын 23, дэлхийн бусад оронд хэрэглэж ирсэн Грегорианы тооллын гуравдугаар сарын 8-ны өдөр байжээ.

1975 он: Энэ оныг НҮБ-ын Ерөнхий Чуулганаас “Олон улсын эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бөгөөд эмэгтэйчүүдийн дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд болжээ. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас улс орнуудад хандаж гаргасан илгээлтийн дагуу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тэмдэглэхээр болсон.

1977 он: “Эмэгтэйчүүдийн эрх, олон улсын энх тайвны өдөр”-ийг гишүүн орнууд жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан НҮБ-ын тогтоол гарч, цаашид энэ өдрийг дэлхий даяар өргөн тэмдэглэх болжээ.

Өдгөө дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү өдрийг бүх нийтийн баярын өдөр болгох, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, анхаарал хандуулах зэргээр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button