НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

СУРВАЛЖИЛГА: Зээл хойшлуулалт арилжааны банкуудын ХОЖЛООР дуусна

Монголбанкнаас зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байгаагаа зарласан.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс ирэх долдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд арилжааны банк болон ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос авсан хэрэглээний зээл ба зээлийн хүүгээ хугацаандаа төлөх боломжгүй тохиолдолд Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэхгүй юм.

Гэвч энэ шийдвэр хэрхэн хэрэгжих талаар тодорхой ойлголт, мэдээлэл иргэдэд ч, санхүүгийн байгууллагуудад ч байхгүй байна. Аль аль талдаа эргэлзээ үүссэн нөхцөл байдалтай байна.

Өчигдрийн байдлаар гэхэд л, Монголбанкнаас банкуудад шийдвэрээ хүргүүлээгүй, Монголын банкны холбоонд ч чиглэлээ өгөөгүй гэх мэдээлэл цацагдсан. Гэтэл Монголбанкны өгсөн чиглэлийн дагуу Монголын банкны холбоо хуралдаж арилжааны банкуудад зээл, зээлийн хүү хойшлуулалтыг ямар байдлаар зохицуулах талаарх шийдвэр хүлээгдээд байгаа гэх ойлголтыг нийгэмд үүсгэв. Мөн иргэд зээл төлөлтөө хойшлуулахын тулд түүнийгээ нотлох шаардлагатай гэсэн мэдээлэл ч тархсан.

Эдгээр асуултуудад хариулт хайж бид олон талын эх сурвалжуудаас тодруулан сурвалжиллаа.

-МОНГОЛБАНК: ЗЭЭЛЭЭ 90 ХОНОГООР ХЭТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ Л МОНГОЛ БАНК БҮРДҮҮЛЖ ӨГСӨН-

Төв банкны хуулиараа Монгол банк нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тиймээс Зээлийн мэдээллийн журамдаа өөрчлөлт оруулж өгсөн гэдэг тайлбарыг бидэнд өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл банкуудыг 90 хоногийн хугацаанд зээлээ хэтрүүлэх боломжийг зээлэгчдэд олгосон л гэсэн үг. Ийм нөхцөлийг Монголбанкнаас бүрдүүлж өгч. Тэрнээс биш хэрхэн яаж хэрэгжүүлэх нь банкуудын мэдэх асуудал аж.

Тэгвэл Монголбанкнаас арилжааны банкуудад болон Монголын банкны холбоонд чиглэлээ хэзээ өгсөн талаар бид тодруулсан юм.

Тус байгууллагаас “Монголбанкнаас арилжааны банк тус бүрт өнгөрсөн баасан гарагт /2020.03.20/ чиглэл өгсөн. Манайхаас гаргасан чиглэлийн дагуу өөрсдийнхөө хүрээнд хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэг шийдлүүдээ гаргаж ирээд хэрэгжүүлэх ёстой” гэсэн юм.    

-Л.АМАР: МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРНЭ-

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар дараах хариултыг өглөө.

Тэрээр “Монголбанкнаас арилжааны банкууд руу явуулсан шийдвэрийг нь ямартай ч авсан. Одоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг талаар яригдаж эхэлж байна. Өнөөдөр /2020.03.25/ үдээс хойш Монголын банкны холбооны Удирдах зөвлөл хуралдаж маргааш /2020.03.26/ тодорхой шийдвэр гарах байх. Дараа нь бид нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал ч хийх байх” гэлээ.

-БАНКУУД ДОТООДДОО ХУРАЛДАЖ БАС МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА-

ХААН БАНК: Монголбанкнаас чиглэл ирсэн. Энэ дагуу хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэг дотоод асуудал яригдаж байгаа. Монголбанкнаас асууж тодруулах зүйлээ ч асууж байна. Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй иргэд холбогдож мэдээлэл хүсэж байна. Удахгүй бүх мэдээлэл тодорхой болох байх. Тэр үед нь фейж хуудсаараа дамжуулаад тодорхой мэдээлэл өгөх болно. Бусад банкуудын хувьд ч адилхан байна. Аль болох л даруйхан хэрэгжүүлж эхлэх тал дээр ажиллаж байгаа. Тодорхой шийд гарангуут мэдээлнэ” гэх хариултыг өглөө.

ГОЛОМТ БАНК: “Монголбанкнаас чиглэл ирсэн. Дотооддоо ярилцаж байгаа учир олон нийтэд хандсан тодорхой мэдээлэл өгөх болоогүй байна” гэх хариултыг өглөө.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Өнөөдөр /2020.03.25/ Монголын банкны холбоон дээр хурал зохион байгуулагдаж хэлэлцэнэ. Нэг банк ганцаарчлан зээлийн асуудлыг шийднэ гэж байхгүй. Тиймээс ерөнхий шийдэл гарсны дараа мэдээлнэ гэсэн үг” гэх хариултыг өглөө.

Арилжааны банкуудын хувьд ийм нэг л хариултыг өгч байна. Ерөнхийдөө Монголбанкнаас чиглэл авсан. Хэрхэн хэрэгжүүлэх дүрэм журам, арга замын талаао дотооддоо хэлэлцэж байгаа. Мөн Монголын банкны холбооны шийдвэрийг хүлээж буй байдалтай байгаа аж.

-ЭДИЙН ЗАСАГЧИД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА ВЭ-

Тэгвэл зээл болон зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах асуудал хэр бодитой арга хэмжээ болох талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.  

-Д.АНГАР: ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ГУРАВ БИШ ЗУРГААН САРААР Ч ХОЙШЛУУЛАХ ЁСТОЙ-

Эдийн засагч Д.Ангар: “Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор ААН-үүдийн үйл ажиллагаа доголдчихлоо. Харилцагчгүй болж, бизнесийнх нь ашиг орлого тасалдаж хүндрэл үүслээ. Зээл болон зээлийн хүүг бодитойгоор хойшлуулах арга хэмжээг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гурав байтугай бүр зургаан сараар ч хойшлуулах ёстой. Худлаа хэлж сенсаци тараах биш бодитой шийдвэр гаргах шаардлагатай байна. Монгол банк молигдсон зүйл ярьж, банк болон банк бус санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд бөөн хэрүүл уруул үүсгэчихлээ. Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч нь гарч ирээд мэдээлэл хийхээр иргэд нь итгэлгүй яахав дээ. Тэгээд иргэд нь банкин дээр очоод асуухаар тодорхой хэрэгжиж эхэлсэн зүйл байхгүй, баахан төөрөлдүүллээ. Болоогүй зүйл болчихсон мэтээр ярьж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Мөн цогц арга хэмжээ авахгүй бол банк болон банк бус санхүүгийн байгууллага дангаар хэрэгжүүлж чадахгүй. Бодлогын хүүгээ 3-5 хувь болгон бууруулах, хадгаламжийнхаа хүүг бууруулах зэргээр цогц арга хэмжээ авах шаардлагатай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын банкуудаас зээлийн хүүгээ буулгаач гээд гуйж харагдсан. Тэгж гуйх биш харин өөрийнхөө өндөр хадгаламжтай хүүгээсээ татгалзаж байна гэж мэдэгдэл хиймээр байгаа юм” гэлээ.

-Б.ЛХАГВАЖАВ: НЭГ ИХ НАЯДЫН НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХААЛГАХЫН ТӨЛӨӨХ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗАЛЬ ЯВАГДАЖ БАЙНА-

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч, эдийн засагч Б.Лхагважав: Монголбанк болон СЗХ-ноос гаргасан зээл, зээлийн хүүг хойшлуулах шийдвэрийг УИХ-аар баталгаажуулах ёстой. Гэтэл УИХ унтаа байдалд орж, 76 гишүүн нь карантинд орчихсон юм шиг байна лээ. Ний нуугүй хэлэхэд ТАВАН их наядын хэрэглээний зээл бий. Үүнээс НЭГ их наяд нь сүүлийн хоёр сар төлөгдөхгүй байдалд байгаа.  Гэтэл арилжааны банкууд найдваргүй болсон энэ НЭГ их наяд төгрөгөө ойрын хугацаанд татвар төлөгч бидний мөнгөөр хаахын тулд Засгийн газарт бадар барьж байгаа. Хадаг өгч байгаа. Гурван сарын дараа иргэд зээлээ төлдгөөрөө төлнө. Тэр үед манай эдийн засаг -1 хувьд хүрчихсэн байна. Коронавирусийн халдварын улмаар маш хүнд байдалд орно. Тэр үед найдваргүй зээлийн хэмжээ ХОЁР их наядад хүрнэ. Харин тухайн үед Засгийн газар УИХ-ыг шахаж байгаад татвар төлөгчдийн мөнгөөр НЭГ их наядыг нь төлнө.  Тэтгэврийн  зээлийг төлсөн шиг л процесс давтагдах гээд байна. Сонгуулийн шахаанд орж НЭГ их наяд төгрөгийн цаас хэвлэх ажиллагаанд Монголбанк маш уриалагханаар оролцоно. Арилжааны банкууд НЭГ их наяд төгрөгийн зээлээ хаалгаж, 100 хувь хожно. Тэтгэврийн зээл тэглэлтээс арилжааны банкууд л хожсон. Яг л үүнэ шиг. Цаас хэвлүүлж тараахад өөрсдийнхөө хамгийн найдваргүй 730 тэрбумын зээлийг хаалгуулсан. Тэр нь бидний ирээдүйн мөнгө байсан. Үүн дээр Монголбанк маш гутамшигтайгаар зарчмаасаа ухарсан. Хамгийн дампуу шийдвэр гаргаж байгаа Б.Лхагвасүрэн үүнийхээ төлөө ял авна гэж бодож байгаа. Арилжааны банкуудын зальд Засгийн газар, Монгол банк битгий ороод байгаач ээ. Арилжааны банкуудын нийлсэн заль явагдаад байна, өөр юм байхгүй” гэлээ.  

-ИРГЭД: ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ БИШ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛСАН БОЛ ИЛҮҮ БОДИТОЙ ШИЙДВЭР БОЛОХ БАЙЛАА-

Улаанбаатарын иргэн н.Эрдэнэбилэг: Зээл төлөлтийг гурван сараар хойшлуулсан ч иргэдэд эргээд дарамт болж ирнэ. Төлөх нь гарцаагүйгээс хойш. Тэрний оронд зээлийн хүүг бууруулсан бол илүү бодитой шийдвэр болох байлаа. Банкууд иргэдтэй ямар дээрэлхүү харьцаж байна гээч. Авсан юм бол төлөх л ёстой гэх мэтээр хандаж байгаа юм билээ. Эдийн засаг ийм хүнд хэцүү үед харж үзэх хэрэгтэй гэлээ.

БЗД-ийн 7-р хорооны иргэн Г.Ананд: Зээл хойшлуулалт зөвхөн ААН-үүд ашигтай байна. ААН-үүдийн зээлийг хойшлуулна, бага хүүтэй зээл өгнө гээд яриад байх юм. Улс чинь ард түмэн дээр тогтдог юм биш үү, уг нь. Ард түмний татвараар л бүгд амьдарч байна. Гэтэл яагаад иргэдээ бодож болдоггүй юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-25 11:56

банкууд нэртэй мөнгө хүүлэгчид. эд нарын оронд гаднын банкыг оруулж ирье

Зочин
Зочин
2020-03-25 13:27

Манай банкууд арай дэндүү шун�##�тай юм аа. Ашиг олж байв�##� бусад нь хамаагүй гэж бодож байгаа бол энэ бизнес биш б�##�айр�##� шүү. Хүнд үед олон түмнээ дэмжих бодлого цуг явах ёстой.

Иргэн
Иргэн
2020-03-25 14:40

Хурдан гадны банкуудаа оруулаач ээ

Холбоотой мэдээ

Back to top button