Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Хоёр дахь “Нарантуул” болсон ХСҮТ-ийн байрны асуудлыг ШИЙДНЭ ҮҮ, УЛСТӨРЧИД ӨӨ

SOSХАВДРААР ӨДӨРТ 12, ЖИЛДЭЭ 4300 ОРЧИМ ХҮН НАС БАРЖ БАЙНА

Монгол Улсад хавдрын өвчнөөр өдөрт 12 хүн  хорвоог орхиж байгаа гэсэн статистик мэдээ бий. Энэ тоо жилдээ 4300 өлхөн хүрдэг. Ердөө 3 сая хүн амтай хөгжиж буй орны хувьд хавдраар нас барагсдын тоо ийм өндөр байгаа нь харамсалтай. Өнгөрсөн 2018 оны байдлаар л гэхэд 6072 хүн хавдраар өвдөж, 4410 иргэн нас баржээ.

Хамгийн эмзэглэмээр зүйл нь цаг алдалгүй хагалгаа хийх шаардлагатай өвчтөн дор хаяж 14-30 хоног хүлээдэг байдал юм. Хавдар маш хурдацтай тэлдэг, бусад эрхтэндээ үсэрхийлдэг өвчин учраас оочероо хүлээх хооронд өвчин нь хүндэрч, нас барах тохиолдол ч гардаг. Эсвэл хагалгаа хийлгэх хугацаа нь өнгөрч боломжгүй нөхцөлд шилжих нь ч бий. Иргэдийн хувьд ихэвчлэн хожуу оношлуулдаг тул цаг алдана гэдэг амь настай дүйсэн хэрэг болж байна.  

Хавдрын өвчлөл жил ирэх тусам өсч, 20-30 жилдээ буурахгүй хандлагатай байгаа энэ үед манай улс 1982 онд баригдсан хуучны ХСҮТ-ийн байрандаа үйл ажиллагаа явуулсан хэвээр. Үүдээр нь ороод л битүү хөлд дарагдсан байдлыг харж болно. Оочер дугаарлалт гэж дүүрэн. Ихэвчлэн орон нутгийн иргэд байх бөгөөд хот хүрээний хэн нэгэн нь дагуулж явах тул хөл дээр хөл болно.

Ийм байдалтай ХСҮТ сүүлийн хэдэн жилийн турш “буцалж” байна. “Буцалж” гэдэг нь эмх замбараагүй, бужигнасан олны урсгалыг хэлж байгаа юм. Эмнэлэг нь яаж чармайжажиллаад олны урсгалыг шингээж чадахгүй, шар тоосгон байшиндаа “бачимдуухан” суудаг.

Эмнэлгийн ажилчид, эмч нартай  үнэхээр ярих юм байхгүй. Хэдэн жилийн өмнө ээж маань хавдраар өвчлөөд, оношоо сонсохоор алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоо эгнүүлэн зүүгээд очиход “Олон хүүхдийн тань буян заяа түшнэ ээ. Та хавдрын хүнд шатанд орсон байна. Гэхдээ манайх хагалгаа хийнэ” гэж учирласан. Тэд ингэж л өвчтөндөө ханддаг. Олон олон иргэд ингэж эдгэдэг.

Гэвч тэдний хүчнээс үл шалтгаалсан ачаалал, ажлын байрны хүртээмж муу байдлаас үүдэж, өвчтөнүүдээ аварч чадахгүй нь олонтаа.

“ЭЭ, ГЭГЭЭ МИНЬ. ХАВДРЫН ӨВЧТЭЙ ИРГЭДЭЭ ТӨР ХАРЖ ХАНДАНА” ГЭЭД Л ЗАРЛААД БАЙДАГ...

“Ээ, гэгээ минь. Хавдрын өвчтэй иргэдээ төр харж хандана” гээд л зарлаад байдаг. Ачир дээрээ харсаар байгаад л нүд аниулдаг, хүндхэн нөхцөлд төрийн ганц эмнэлэг нь бөртийтөл ажиллаж байна. Эмнэлгийн өргөтгөлийг барьчихвал чухам сайхан болно оо гэсэн. Тэгээд ханан дээрээ хаалгатай, нэг сүрхий ажил зохион байгуулаад өнгөрсөн.

Төрийг ингэж мунгинаж байх зуур ХСҮТ-ийн хашаанд шахам хувийн хэвшлийн хөрөнгөөр хавдрын өвчлөлтэй иргэдэд зориулсан 12 давхар эмнэлгийн барилга сүндэрлэлээ. Эмнэлгийн барилгыг зуун хувь хувийн хэвшлийн төслийн хөрөнгөөр барьсан. Энэ хугацаанд “Төр авна, авахгүй. УИХ-ын гишүүн М.Билэгт төрд эмнэлгээ шахах гэж байна” гэхчлэн элдвийн яриа өрнөсөн ч Засгийн газраас өнөө хэр эцсийн шийдвэрээ гаргаагүй л байгаа юм.

Шинээр баригдаж буй хавдрын эмнэлгийн гол онцлог нь Япон стандарт. Няхуур, нямбай, стандарт мөрддөгөөрөө алдартай Япон инженерүүд өвчтнүүдийг давхар бүрд будилж төөрөхгүйг бодож, өөр өнгөөр коридор хэсгийг будаж, эмч нар тусгай хаалгаар нэгнийхээ өрөөнд нэвтрэн зөвлөлдөх боломжийг ханган, агааржуулалт, далд монтажийг хүртэл жинхэнэ утгаар нь хийсэн гэх.

Эмнэлгийн өрөө бүрийн агааржуулалт, хөргөлтийн системийг төгс шийдэж, ухаалаг байдлаар хянахаар зохицуулан, мэс засал, яаралтай тусламж, хавдрын эмчилгээ зэргийг бүрэн тусгаарласан хэлбэрээр шийдэж өгчээ. Манай хавдрын эмч нар гадны орнуудад уригдаж, хагалгаанд оролцдог. Одоо эх орондоо гадны эмнэлгүүдийн орчин нөхцөлд эмчилгээгээ явуулах боломж бүрдэж байгаа нь ихээхэн сайшаалтай.

Анх орон сууцны зориулалтаар шав тавигдсан байсныг “Ачлал Трейд” компани эмнэлгийн зориулалт болгон өөрчилж, хувь хүмүүс, шүүгчид хоорондын өч төчнөөн маргааныг шийдэж байж, барьж эхэлсэн. Төслийн санхүүжилт гацах, шүүгчид элдэв шалтаг үүсгэн заргыг хойшлуулах зэрэг саад бэрхшээлүүд олон тулгарсан ч эдүгээ барилгын гүйцэтгэл 98 хувьд хүрчээ. Мэдээж,УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувийн компани барьж байгаа учраас “Эмнэлгийн газрыг зориуд авсан” гэх зэргээр мушгисан мэдээллүүд ч ар араасаа хөвөрч буй.

Харин ХСҮТ-ийн эмч нар “Төр засаг минь шинэ байранд оруулна байх гэдэгт итгэж байгаа” гэсэн цагаан хүлээлттэй сууж буй. Энэ нь ч аргагүй юм. Хоёр дахь Нарантуул болтлоо унжийж, хөл гишгэх зайлгүй болтлоо өвчтөндөө дарагддаг ХСҮТ-д одоо энэ шинэ байр л хэрэгтэй байна. Улстөрчид төсвийн мөнгөөр өч төчнөөн удаа гадаад томилолт аваад явчихдаг. Авлига хээл хахиулаар нүдэн дээр баяжчихдаг мөртлөө улсдаа ганц эмнэлэг авчихъя гэхэд зориглох хүн цөөхөн байгаа нь гайхалтай.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button