Х.Булгантуяа: Визний асуудлыг өөр хуулиар, тусдаа байгууллага зохицуулдаг
Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэдээлэл өглөө.
Тус хуулийг төслийг тэднээс гадна Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд мөн өргөн барьсан ч тэд “Бидний санал тусаагүй, зүйл заалт нэмж, хассан байсан” гэх агуулгаар мэдэгдэл хийж, хуулийн төслийг буцаан татахаа илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
“Монгол Улсын хууль, тогтоомжоор 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч бай оршин суух виз авах эрх үүсдэггүй. Үүнийг өөр хууль, өөр байгууллагаар зохицуулдаг. Тэр бүү хэл виз мэдүүлэхэд нь өгөхгүй байх эрхтэй, яагаад өгөөгүйдээ тайлбар хийх албагүй. Виз авах гээд хил дээр ирэхэд нь буцаах ч эрхтэй. Бас яагаад буцаасандаа тайлбар хийх албагүй байдаг.
Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт хийснээр Гадаадын иргэн харьяатын газарт хүсэлт гаргах эрх нь л үүсэж байгаа хэрэг.
Одоо хэрэгжиж буй хуулиар, 100 мянган ам.доллараа түр дансанд байршуулж, оршин суух эрх авчихаад аж ахуйгаа эрхлэхгүй, мөнгөө татаад авчихаж байна гэх яриа ч гардаг. Иймд зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй, ажлын байр бий болгосон байх, АНОАТ төлсөн тайлангаа өгдөг байх зэрэг агуулгуудыг хуулийн төсөлдөө тусгасан.
Энэ хуулийг баталчихвал гадаадын иргэд хэдэн саяараа ороод ирнэ гэдэг байх боломжгүй зүйлд олон нийт итгэж байна. Оршин суух эрх, виз, иргэншил зэрэг бол тусдаа хуультай, тусдаа асуудал.
Дээрээс нь энэ хууль хэлэлцэх шатандаа явж байгаа. Энэ чигээрээ батлагдах албагүй, яаж өөрчлөх нь бүрэн эрхийн асуудал. Шууд визний асуудлыг зохицуулах хууль мэдээж байж чадахгүй” гэлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.