“Шарк танк”-ийн Б.Батбилэг: Байшинд чанар чухал, наймаанд жудаг эрхэм

“Шарк танк” шоунаас орон нутагт хөрөнгө оруулалт авч чадсан Хөвсгөлийн Б.Батбилэгийг монголчууд андахгүй мэдэх болсон. Хэдийгээр тэргэнцэрт суух хэмжээнд гэмтэж, өвдсөн ч Б.Батбилэг, гэргий Г.Дэлгэрнасантайгаа уйгагүй хөдөлмөрлөж боломж хаа ч хэзээ ч байдаг гэдгийг үлгэрлэж яваа ХӨДӨЛМӨРЧ залуу. Тэд Шарк танк-аас хөрөнгө оруулалт авснаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж ажлын байр, ажлын бүтээмж нь 2-3 дахин өссөн байна.
-Хөрөнгө оруулалт авснаас хойш хэдэн жил өнгөрчхөв. Энэ хугацаанд таны ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Хөрөнгө оруулалт аваад гурван жил боллоо, таван жилийн гэрээтэй юм. Энэ хугацаанд ажиллах хүч, ажлын бүтээмж 2-3 дахин нэмэгдсэн. Манайх өмнө нь найман ажилтантай жилдээ 4-5 сууц барьж байсан одоо гурван бригадтай жилд 14-16 байшин ашиглалтад оруулж байна. Хөрөнгө оруулалтын гол зорилго бол жижиг, гарааны бизнес эрхлэгчдийг компанийн түвшинд хүртэл өргөжүүлж эдийн засгийн бат бөх суурьтай болгож хөл дээр нь босгох шүү дээ. Тэгэхээр бид бусдын итгэлийг алдаагүй, хөл дээрээ босч чадсан.
-Шаркууд танайд ирсэн, таны ажлыг хэрхэн дүгнэсэн бэ?
- Уржнан намар С.Энхтүвшин, Ч.Номин захирал ирсэн. Ингээд хөрөнгө оруулалтын үнэлгээ дундаас дээш гэж гарсан. Тодорхой хэлбэл, үйл ажиллагаа 2-3 дахин өргөжсөн, хөрөнгө оруулалт найм дахин нэмэгдсэн байна гэсэн. Тэгээд одоо ах, эгч хоёр нь урамшаад үндсэн өөрсдийн чанараа орчин үеийн технологитой хослуулаад явж байна. Бид хоёр албан ёсоор эхлээд 11 жил болж байгаа, тэрнээс өмнө олон жил хийсэн ажил минь шүү дээ.
- Танайх газраа худалдаж авч байшин барьдаг. Жишиг хороолол барьсан байсан. Тэгэхээр хорооллын хэмжээний газар гэхээр зардал их өндөр гардаг байх?
-Үндсэн хоёр чиглэл байгаа юм. Өөрсдийн худалдаж авсан газар дээр үйлчлүүлэгчийн сонгосон материалаар хүссэн метр квадрат бүхий байшин барина. Эсвэл үйлчлүүлэгчийн өөрийн эзэмшлийн газар дээр сонгосон материалаар хүссэн метр квадрат бүхий байшин барина. Гэхдээ дийлэнх нь бидний худалдаж авсан газар дээр байшин бариулдаг. Жишиг хороолын тухайд Шарк танкаас хөрөнгө оруулалт авсны дараа иргэдээс хүсэлт ирсэн. Тэгээд орон нутгийн холбогдох газруудаас хорооллын газрыг шийдэж өгч нэг айл нь 0.5 га бүхий газартай 80-95 м.кв зургаан айлын орон сууц барьсан.
-Нийтдээ хэчнээн байшин барьчхав?
-11 жилийн хугацаанд 123, шарк танкт орсноос хойш буюу өнгөрсөн гурван жилийн хугацаанд 68 ширхэг байшин барьсан байна.
-Цаашдаа та юуг зорьж байна вэ?
- Шарк танкт орсноос хойш бид хоёрыг монгол орон даяараа мэддэг болж аймаг болгоноос захиалга ирдэг болсон. Гэвч одоохондоо тэр бүхнийг хүлээн авч гүйцэтгэх чадамж алга. Тийм учраас өргөжүүлээд салбараа нээе, ирж байгаа хүсэлт болгоныг найдвартай гүйцэтгэдэг больё. Давхар засвар үйлчилгээ, интерьер дизайны чиглэлээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй явна. Манайх өвөл бүтэн дөрвөн сар сул зогсдог. Тэр хугацаанд хүмүүсээ ажилтай байлгаж дотор ажил хийдэг болох шаардлага байна.
-Таны байшингийн “нэрийн хуудас” нь юу вэ?
-Бид эрүүл тэгш, шинэ сайхан газар худалдаж авахыг үргэлж зорьдог. Нөгөө талаас ах, эгч хоёрт нь амины орон сууцны өөрсдийн технологи бий. Нэлээд дээхнэ үеэс мод, дүнзэн орон сууцад мөрдөж ирсэн стандарт байдаг. Модон байшингийн хаалга, цонхыг ухаж суулгана, хамгийн өндөртөө хоёр давхрын зөвшөөрөл олгоно, дээврийн хучилтыг галын аюулгүй, модыг илжрүүлэхгүй материалаар хийнэ гэдэг байсан. Яам, мэргэжлийн байгууллагын түвшинд энэ стандарт хасагдсан эсвэл шинэчлэгдсэн зүйл алга. Манайх зориод ирсэн хэрэглэгчээ сэтгэл дүүрэн байлгах хэмжээнд уламжлалт технологи, олон жилийн туршлагаа энэ цаг үеийн шилдэг, сайн шийдэл, материалаар баяжуулаад л ажиллаж байна. Бид хоёр ашиг их гаргахын төлөө ажиллаж байсангүй. Зээлээр авч байгаа хүнд сая төгрөг ч гэсэн татаад өгчихсөн гэх зарчим байдаг. Манай нэг онцлог бол газрын, үл хөдлөхийн бүх татварыг төлж бичиг баримтыг нь бүрдүүлээд, тог цахилгааныг нь бэлэн болгож ерөөсөө тэр айл өөрсдөө шууд амьдрахад бэлэн болгож өгдөг.
-Хэрэглэгчид ямар төрлийн байшинг илүүд үзэж байна вэ?
-Ерөнхийдөө 80 хувь нь дүнз, 20 хувь нь хөнгөн блок гэж хэлж болно. Үйлчлүүлэгчид их зөвлөдөг. Таны бодлоор бид алийг нь сонгох, аль нь эрүүл мэндэд ээлтэй, насжилт сайтай вэ гээд. Манайх мод модон материал, хөнгөн блок, канад технологи гурван төрлөө танилцуулснаар хэрэглэгч сонголт хийдэг.
- Үнэ ханшийн тухайд...?
-м.кв-ын үнэ дээр хэлбэлзэлтэй байх хандлагатай болсоор байна. Хэрэглэгч гэрээ хийх үеийн үнэ, байшин дуусах үеийн үнэ хоёрт ялгаа гарчихдаг. Учир нь сүүлийн хоёр жил бараа материалын үнэ огцом өсөж байна. Гэхдээ бид хоёр ингэлээ, тэглээ гэж хэлж чаддаггүй. Бид хоёр ашгийг хэзээ ч тийм их хэмжээгээр хүсч тулсан үнээр зарж борлуулдаггүй. Авч байгаа хүндээ боломж олгож, наймаанд жудаг гаргаад анх хэлснээрээ л худалддаг. Зөвхөн өнөөдрийн ашиг харж амьдрах дэмий, мөнгө хар мөртэй.
-Нэг байшин хэдий хугацаанд гардаг вэ?
-80 м кв байшин 22 хоногт гарчихна.
- Та засвар үйлчилгээтэй болно гэж ярьсан. Иргэдийн засвар хийлгэхээр ханддаг уу?
- Суурьшил газрын 70 хувь нь гэр хороолол байдаг, хаана ч гэсэн. Тэгэхээр амины орон сууц бүх цаг үед л тулгамдсан асуудал байх болно. Манай хүмүүс зарим нь өөрсдөө, эсвэл хувиараа хүмүүсээр бариулаад дараа нь янз бүрийн асуудал гардаг. Манайх дулаан алдаж байна, халахгүй байна гээд хүмүүс үргэлж зөвлөгөө авнаа. Анхааруулж хэлэхэд мэргэжлийн хүнээр л хийлгэ. Барилгад хямд үнэ хөлс, хямд материал гэж байх ёсгүй. Сайн материалаар мэргэжлийн хүнээр бариулах хэрэгтэй. Шүүлтүүргүй хэт их мэдээлэл дунд байшинг стандартгүй эсвэл гадаад технологийг хэт монголчилж барих болжээ. Үүнээс болж иргэд эд хөрөнгө, цаг, тав тухтай чанартай амьдрах боломжоо алдаж байна шүү дээ. Байшинг хэрхэн барих нь тухайн газрын хөрснөөс хүртэл хамаараад төлөвлөгдөж бий болдог.
-Таны баримталдаг, гол чиглэлээ болгон барьдаг чанар юу вэ?
- Бат бөх, насжилт сайтай, тохилог иж бүрэн амины орон сууцыг чанартайгаар бүтээх л чухал. Ахынх нь хувь өөрийн зарчим бол тухайн хүнээ боддог. Байшинд чанартай материал, туршлагажсан шилдэг багийн чанартай гүйцэтгэл хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ах үнэхээр мундаг
Шарк танкаар орж ррээд олон хүн уйлуулсан даа
Таны түүх надад ажиллаж хөдөлмөрлөх амьдралд нугарахгүй байх эрч хүчийг өгдөг. Бизнест нь өндөр амжилт хүсье.
Шинэ. Орон сууцнууд. Чанаргүй. Хэрэг алга хариугүй. Нисэхийн орон сууц.
Нууд нимгэн.доргиволт өгвал нурах болтой