НИЙГЭМ

Зөрчилдөөн: УИХ-аас Ковидын хуулиа СУНГАСАН ч Засгийн газар хорио хязгаарлалтаа СУЛРУУЛСААР

Бямба гарагт коронавируст халдварын үеийн хорио, хязгаарлалтыг сулруулсан бас нэгэн шинэ мэдээ мэдээлэгдлээ. Тэр нь, гадаадаас Монголд ирж буй хүмүүсээс PCR шинжилгээ шаардахаа больж буй тухай. ЭМЯ-наас даруухан мэдээлчхэж байна, үүнийгээ.

Одоогоос сар гаруйн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахалтай холбоотой бүх хязгаарлалтыг үүгээр цуцаллаа" гэж мэдэгдсэн байдаг. Үүнд нь хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх хоёр багтаагүй гэдгийг тэр онцолсон. Үүнээс хойш ААН-үүд лав ямар нэг дарамтгүй үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдсэн.

Халдварын тохиолдол ч өдрөөс өдөрт буурч байна. Гэхдээ үүнд очиж PCR шинжилгээ өгсөн хүмүүсийн тоо л бүртгэгдэж буйг онцлууштай. Шинжилгээ өгөөгүй, гэрээрээ эдгэсэн хүмүүс энэ тоонд багтахгүй. Гэхдээ яах ч аргагүй цар тахлын давлагаа буурч буйг илтгэх үзүүлэлт мөн.

Иргэдийн сэтгэл зүй ч гадуур амны хаалтгүй явах, олон хүн цугларсан газраар үйлчлүүлэх зэргээр чөлөөлөгдөж буй нь анзаарагдаж байгаа. Ерөнхий сайд нь хүртэл "Цар тахлыг яллаа" гэж зарлачхаад байхад харин УИХ нь Ковидын үеийн хуулиа гурав дахин сунгадаг нь гайхалтай.

Намрын чуулган хаахаас өмнө амжуулж, Ковидын үеийн хуулиа МАН дахиад л сунгасан. Үүндээ ямар нэг цаг үеийн өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай уялдуулсан нэмэлт өөрчлөлт ч тусгаагүй. Эсрэгээрээ, Засгийн газар төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-тай зөвшилцөх шаардлагагүй тэр заалтыг дахин нэмж, баталсан. Батлахад нь МАН-ын гишүүд нөгөө л улиг болсон "Цар тахал аюул хэвээр байна, гадаадын орнууд хорио хязгаараа сулруулахгүй л байна" гэхчлэн үгээ хэлцгээсээр таарсан.

Бас ЭМЯ-наас намар дахин давлагаа үүсэж магадгүй гэж сануулаад л, БНХАУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдээд л байгаа дүр зургийг харахад хорио хязгаараа бүрэн сулруулаад буй Засгийн газар болон УИХ хоёрын харилцан адилгүй байр суурь асар парадокс шинжтэй л харагдана.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button