ҮХНӨ хүлээж, САЙДГҮЙ гацсан хоёр яам
Монгол Улсын Засгийн газраас яамдынхаа тоог хоёроор нэмж, 2022.01.01-нээс албан ёсоор ажиллаж эхлэхээр Засгийн газрын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, бүтэц орон тоо, төсвөө албан ёсоор батлуулсан.
Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Л.Энх-Амгалан нар түр орлон гүйцэтгэж буй. Дэд сайдынх нь томилгоо мөн хүлээгдэж буй юм.
Тус хоёр яамдын сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Чойжилсүрэн нар томилогдох асуудал улс төрийн хүрээнд үндсэндээ тохироонд хүрсэн. Гэвч МАН-ын үнэмлэхүй олонхиор суух хугацаандаа ҮХНӨ хийж, парламентаас дөрвөн сайд Засгийн газрын гишүүнээр ажиллахаар хуульчилж өгсөн.
Уг тоо энэ Засгийн газрын үед бүрэн хангагдсан учир парламентаас сайд томилох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд УИХ-ын гишүүдийн тоог ихэсгэж, сайд нарыг давхар дээлний бүтцээр ажиллуулах улстөрийн сонирхлоо удаа дара илэрхийлж буй.
Яг энэ зорилгоор давхар дээлний агуулгаар сөрөг хүчний гишүүнд ҮХЦ-д гомдол гаргуулсан ч нийгмийн уур амьсгалаас болгоомжилж, уг хүсэлтийг эрх баригчид татахад хүрсэн. Мөнхүү энэ сарын эхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ хийх агуулга яригдсан ч нийгэм хүлээж авахгүй гэж үзсэн юм. ҮХНӨ хийлээ ч 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх нь МАН-д илүү тустай, эрсдэл багатай тусахаар буй.
Гэтэл одоогийн шинэ хоёр яамдыг УИХ-ын гишүүнээр удирдуулах Засгийн газрын тэргүүний сонирхол дээрх агуулгатай зөрчилдөж байгаа юм. Саяхан сөрөг хүчний зүгээс энэ байдлыг нь шүүмжилж, "Хоёр шинэ яамаа яаралтай сайдтай болго" гэж шаардсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд парламентын гаднаас сул сайд томилохоор салбарын бодлогын хэрэгжилт удааширч, парламент дахь сайдын нөлөөллөөс үүдэж, ажлууд нь бүтэмжтэй бус байдаг агуулгаас болгоомжилж буйгаа ил тод илэрхийлсэн удаатай юм.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувь хүмүүсд албан тушаал өгөх зорилгоор байгуулсан яамд байсан нь тодорхой боллоо. Нууц амраг дарваан хар хүүхнээ дэд сайд болгоно