
Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн 2021 онд Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн бөхчүүдэд цол олгох хуулийн төсөл санаачилсан талаараа хэвлэлүүдэд ам нээсэн.
Тэрбээр энэ талаар “Өнгөрсөн жил ганцхан аваргаас бусад бүх том цолтон зодоглосон, чансаа өндөр 512 бөхийн барилдаан болсон. Бөхчүүд амжилт гаргана, цол олгоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр барилдсан. Миний энэ санаачлан, өргөн барьсан хуулиар бол өнгөрсөн жилийн барилдаанд амжилт гаргасан найман бөх цолоо нөхөж авна. Баяр наадмын тухай хуультай ямар ч холбоогүй. Зөвхөн өнгөрсөн жилийн барилдаанд зориулсан нэг удаагийн хууль гэж ойлгож болно. Энэ хуулийг батлах эсэх нь УИХ-ын асуудал” хэмээн ярьсан юм.
Түүнийг ийнхүү ярьсаны дараа сошиал орчинд нэлээд шүүмжлэл гарсан. Учир нь 2021 оны тэрхүү барилдаанд амжилт гаргаж, цолоо ахиулах боломжтой гэх найман бөхийн дөрөв нь Ховд аймгийн харьяат байгаа юм. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнийг нутгийнхаа бөхчүүдийг цолонд хүргэх гэж албан тушаалаа ашиглаж, хууль санаачилж байна гэх шүүмж гарсан юм.
Харин үүнээс хэд хоногийн дараа бид эл хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзахад "Тэр хуулийн төслийг өргөн бариагүй байгаа. УИХ бараг хүлээж авахгүй байх" гэх утгатай зүйл ярьж, өмнөх ярьсан зүйлсээ үгүйсгэсэн юм. Үүнээс харвал эрхэм гишүүн олон нийтийн шүүмжлэлээс эмээж, нэр хүндээ бодсон бололтой. Ямартай ч өргөн барьсан гэгдэж байсан хуулийн төслөө өргөн бариагүй байгаа хэмээн мэлзсэн юм.
Эргэн сануулахад цол олгоно хэмээгээд буй тэр барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат нараар манлайлуулсан 512 бөхийн барилдсанаас улсын харцага Б.Бат- оны Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэнбээ нар шалгарсан. Шөвгийн наймд аймгийн арслан Н.Батсайхан, Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан, Э.Энх-Амгалан нар шалгарсан билээ.
Тэднээс түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Ц.Адьяа нар Ховд аймгийн харьяат бөхчүүд билээ.

Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн хуулиа өргөн бариад, УИХ баталвал улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарьд, улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар улсын заан, аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан нар улсын харцага, аймгийн заан Э.Мөнхжаргалд улсын начин цол нөхөж олгох юм.
Б.ЦЭЛМЭГ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха
Энэ тм л юм хийнэ