Талийгаач М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн этгээдэд гурван жил зорчих эрхийг нь хязгаарлах ял оноолоо

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байдаг.
Талийгаачийн ар гэрийнхэн УПЕГ-т удаа дараа шаардлага хүргүүлж, уг хэргийг шалгуулах болсоноор шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхийн шийдвэрээр М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн этгээдэд гурван жил зорчих эрхийг нь хязгаарлах ял оноожээ.
Түүний Өмгөөлөгч Р.Булгамаа хэлэхдээ "Реппер Orice буюу М.Алтан-Оргил нь 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө амь насаа алдсан. Түүний амь насаа алдсан хэргийн газар бусдад дээрэмдүүлсэн үйл баримт байдаг. Үүнээс улбаалан амь нас нь хохирсон дараа, дараагийн үйлдлүүд нэлээд учир холбогдолтой байж магадгүй учраас бусдад дээрэмдүүлсэн гэдэг дээр нь наймдугаар сарын 4-нд хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн бөгөөд түүнээс хойш гурван ч удаа прокурорын шатанд хаагдсан байдаг.
Иймд өмгөөлөгчдийн багаас дээд шатанд нь удаа дараа хүсэлт гаргаж, холбогдох шаардлагуудыг тавьж ажилласны эцэст УЕП-ын орлогчийн тогтоолоор хэргийг нээж, өнөөдөр БГД-ийн Анхан шатны шүүхээс хохирогчийг дээрэмдсэн гэмт буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдууллаа.
Шүүхээс хэрэгт холбогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хорих ял оногдуулсан. Энэ хэрэг нь зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн учраас Өршөөлийн хуульд багтах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө. Тухайн этгээдийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргээр хязгаарласан" гэлээ.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.