Тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана

Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид өчигдөр УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.
Энэ үеэр тээвэрчдийн төлөөлөл "Энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Л.Халтар сайдын тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн зам хаагдсан. Энэ зам хаагдаад сар гаруй болж байна. Л.Халтар сайдын мушгин гуйвуулсан мэдээллүүдээс шалтгаалаад дотоодын нүүрсний экспорт гацчихаад байна. Тээвэрчид бид бүхэн энэ хугацаанд зүгээр суугаагүй. Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж төрдөө итгэж, найдсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгсөнгүй.
Цогтцэций-Чойр чиглэлийн тээвэр өдөрт 3.8 тэрбум /зөвхөн нүүрсний тээврийн орлого нь/ төгрөгийн орлого оруулдаг. Мөн үүнийг дагалдах тээвэр, гаалийн талбай, төмөр замын үйлчилгээ үзүүлдэг албан байгууллага гээд нийтдээ 20 мянган орчим хүний ажлын байр, амьдрал орлоготой холбоотой энэ асуудал дээр 2.8 тэрбум төгрөг яригдана. Ингээд үзэхээр өдөрт нийт 6.6 тэрбум төгрөгийн орлогыг Монгол Улс алдаж байна.
БНХАУ өнөөдөр импортынхоо нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх гээд импортынхоо татварыг тавдугаар сарын 1-нээс тэглэсэн. Индонез улс хэдэн мянган километрийн цаанаас БНХАУ руу хэдэн зуун тонн нүүрс экспортолж байна. Гэтэл Монгол Улс БНХАУ-тай хамгийн өргөн хилийн боомтоор хиллэдэг мөртлөө нүүрсээ гаргаж чадахгүй байна. Дотроо тэмцэлтэй, хэрүүлтэй, салбарын сайд нь тээврээ гацаагаад буйд бид бүхэн харамсаж бас эгдүүцэж байна" хэмээсэн.
Улмаар уг хоёр асуудлаар тавдугаар сарын 5-ны дотор хариу өгөхийг шаардсан. Хэрвээ энэ хугацаанд шаардлагын хариуг өгөхгүй бол нүүрс тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана гэдгээ мэдэгдсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвв Оюунэрдэнийн машин дээр асгацгаая