Б.Ганхуягийг найм дахь сард нь хорихоор шийдвэрлэлээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг долоо дахь сардаа цагдан хориод буй. Түүний цагдан хорионы хугацаа энэ сарын 7-ны өдөр дуусгавар болсон. Энэ хугацааг нэг сараар дахин сунгах шийдвэр гаргажээ.
Прокурорын байгууллагаас түүнгийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг өчигдөр хүргүүлээд байв.
Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд цагдан хорьсон билээ.
АЛБАН МЭДЭЭ:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах”... гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙНХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.