ДЭЛХИЙ

Стефен Карри гольфын авьяасаараа дэлхийг гайхуулж эхэллээ

“NBA”-ийн дөрвөн удаагийн аварга Стефен Карриг дан ганц сагсан бөмбөгийн спортод авьяаслаг гэж бодвол буруудна шүү. Учир нь гэвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон “American Century Celebrity Golf Tournament” нэртэй гольфын тэмцээнд оролцож аваргын цомыг авсан байна. Невада мужийн Тахо нуурын хажууд гурван өдрийн турш болсон тус тэмцээнийг “American Century Investment” зохион байгуулсан аж.

Аварга маань гурван өдрийн турш онооны жагсаалтыг тэргүүлсээр явж ялжээ. Энэ нь түүний авсан хамгийн анхны гольфын тэмцээний цом аж. “American Century Celebrity Golf Tournament” нь 1990 оноос хойш зохион байгуулагдсан, олны танил хүмүүс өрсөлддөг гольфын тэмцээн юм. Энэ жилийн тэмцээний шагналын сан 600,000 ам.доллар байсны 125,000 долларыг аваргын цомын эзэн Карри хүлээн авчээ.

“Golden State Warriors” багийн тоглогч тэрбээр Жош Аллен, Тони Ромо, Зак ЛаВин гэх мэт 90 гаруй тамирчин, олны танил хүмүүстэй өрсөлдсөн байна. Тэмцээний эцсийн шатанд Карри теннисийн мэргэжлийн тамирчин байсан Марди Фишийн эсрэг тоглосон аж. Карри 138 метрийн зайтай нүх рүү нэг цохилтоор бөмбөгөө оруулж Фишийг хоёр онооны зөрүүтэй ялсан юм.

Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Үнэхээр сайхан байна. Бөмбөгийг цохиж нүхэнд оруулсны дараа би эхнэр лүүгээ шууд очсон. Түүн дээрээ очоод хамтдаа амралтад явж байсан үед ч гэсэн надад гольф тоглох хугацаа олгосонд баярласнаа хэлсэн. Тэр маань ч гэсэн одоо энэ спортыг сонирхож байгаа. Амралтад явж байхдаа хүртэл гольф тоглосон нь энэ тэмцээний бэлтгэлд тусалсан юм. Энэ ялалтаа би түүнтэй тэмдэглэж байгаадаа баяртай байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: People

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button