Энэ оны хамгийн хүчтэй далайн шуурганд БНХАУ, Тайвань, Филиппин бэлтгэж байна

Доксури далайн хар шуурга Зүүн Ази руу ойртож байгаатай холбогдуулан БНХАУ загасчдыг онгоцоо аюулгүй газарт хадгалан, газар тариаланчдыг ургац хураалтаа түргэсгэхийг анхааруулсан байна. Харин Тайвань жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилтаа зогсоох шийдвэр гаргажээ.
Тус хар шуурга нь энэ жилд БНХАУ-д буух хамгийн хүчтэй шуурга болох магадлалтай юм. Өнгөрсөн тавдугаар сарын хамгийн хүчтэй хар салхи болох Мавар Хятадыг чиглэж байсан боловч зүгээ өөрчлөн Япон руу ойртоод сарнин алга болсон билээ. Ойролцоогоор 1000 км диаметртэй Доксури хар шуурга энэ долоо хоногийн дундуур Филиппиний хойд хэсэгт орших хүн ам цөөн оршин суудаг арлуудыг дайран өнгөрч Тайвань руу зүглэх төлөвтэй байгаа юм.
Филиппины эрх баригчид нийслэл болон хэд хэдэн мужуудад шуурганы сэрэмжлүүлгийн түвшинг нэмэгдүүлж, шуурганы замд буй далайн эрэг орчим оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Доксури хар салхи ирэх баасан гарагт (2023.07.28) БНХАУ-ын газар нутагт хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.