Цахим гаваас ямар үед чөлөөлөх вэ

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг заавал хорих ялаар шийтгэлгүйгээр оронд нь зорчих эрхийг нь хязгаарлах ял оноож, цахим гав зүүдэг. Технологид суурилсан цахим гавын тусламжтайгаар хэрэгтний байршлыг 24 цагийн турш хянаж, мөн зарим үед тухайн ялтны байгаа байршил, оршин суугаа газарт биечилсэн хяналт хийдэг аж. Хэрэгтнүүд цахим гавыг хөл эсвэл гартаа зүүх агаад ямар ч нөхцөлд тайлах боломжгүй. Харин хүнд өвчний шалтгаанаар болоод дараах шаардлагатай тохиолдолд чөлөөлөгдөж болно.
Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон бол, мөн ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно гэж заажээ. Харин ял эдэлж байх үедээ өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаас чөлөөлөхгүй гэж заасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154 дүгээр зүйлд ялтан ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон; ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдах, эсхүл өөрчлөн байгуулагдах ажиллагааны үед; ял шийтгүүлсэн хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн; жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл хугацаагаар; гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ял эдлүүлэх боломжгүй болсон; байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон тохиолдолд түдгэлзүүлж, түдгэлзүүлэх үндэслэл арилмагц үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэж заажээ.
Ц.ЭНХЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.