“АНУ болон БНХАУ хүнд сэдвээр хэлэлцэх хэрэгтэй”

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-д пүрэв гарагт /2024.04.04/ очиж, таван өдрийн айлчлалаа эхлүүлсэн. Тэгвэл Йеллен ням гарагт /2024.04.07/ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цянтай уулзжээ.
Йеллен Ли Цянтай уулзахдаа АНУ болон БНХАУ хүнд хэцүү сэдвээр хэлэлцсэн нь хоёр улсын харилцааг илүү тогтвортой нөхцөл байдалд оруулж чадсан гэдгийг дурдсан байна.
Тэрбээр “Гэхдээ энэ нь санал зөрөлдөөн, хүнд сэдэвтэй хэлэлцээнээс зайлсхийх гэсэн үг биш. Харин бие биетэйгээ шууд, илэн далангүй харилцаж байж л ахиц дэвшил гаргана гэдгийг ойлгуулсан” хэмээж хоёр улсыг хүнд сэдвээр хэлэлцэх хэрэгтэйг онцолсон юм.
Харин Ли Цян хоёр улс бие биеэ хүндэтгэж, дайсан биш түншүүд байх хэрэгтэй хэмээж, Йеллений айлчлалын үеэр бүтээлч ахиц дэвшил гарсан гэсэн юм. Йеллен Вашингтон, Бээжин хоёр нарийн авцалдаатай харилцааг хариуцлагатайгаар зохицуулах үүрэгтэй гэжээ.
Үүний дараа тэрбээр БНХАУ-ын цахилгаан машин, нарны зай хураагуур болон бусад цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүний хэт их үйлдвэрлэл нь АНУ-ын үйлдвэрлэгчдэд заналхийлж байгааг Ли Цянд дурдсан байна.
БНХАУ-ын төрийн өмчит телевизүүд Йеллений хэт их үйлдвэрлэлийн тухай мессежийг эсэргүүцэж мэдээлжээ. Тухайлбал “Xinhua” агентлаг цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүний хэт их үйлдвэрлэл хийж байна гэж ярьсан нь Америк компаниудыг хамгаалах протекционист бодлого явуулах шалтаг гэсэн юм.
Йеллений айлчлал дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын харилцаа тогтворжиж буйн нэг шинж тэмдэг юм. Түүний айлчлалын өмнө хоёр орны удирдагчид утсаар хоёр гаруй цаг ярьж олон сэдвээр хэлэлцсэн.
Мөн өнгөрсөн долоо хоногт БНХАУ, АНУ-ын батлан хамгаалахын албан тушаалтнууд Хавай мужид уулзаж хэлэлцээ хийсэн юм. Тус уулзалт цэргийн ажиллагааны аюулгүй байдал, мэргэжлийн байдлын сэдэвтэй өрнөжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.