Редакцын уриалга: "Монголоос явлаа" гэж сошиалд уухилах бус, ганцхан өдөр сонгуульдаа идэвхтэй оролцоод үзье
Сошиалд нийтээрээ автах болсон ч бодит амьдралаас төдий л зөрүүтэй байсаар буй нь сонгуулийн үр дүнгээр мэдэгддэг.
Энэ жил сонгуулийн өмнөх сошиал дахь уур амьсгалыг ажвал, эрс өөрчлөлт хүссэн, сүүлийн найман жил засагласан эрх баригч намд шүүмжлэлтэй хандсан байр суурь давамгайлж байна.
Гэхдээ энэ бодит ажиглалт мөн эсэхийг дахин дурдахад сонгуулийн үр дүн л харуулах юм.
2024 оны УИХ-ын сонгуулийг хоёр чухал өнцгөөс харвал оновчтой.
Эхнийх нь геополитик.
Бид сүүлийн дөрвөн жилд цар тахал болон Орос, Украины дайныг дамналаа. Эдгээр нь глобал шинжтэй асуудлууд байв. Одоо Израил, Палестиний зэвсэгт мөргөлдөөн ч шийдлээ эс олон үргэлжилж байна.
Эдгээр нөхцөл байдал цаашид олон улсын шинэ дэг журам шаардлагатайг баталж буй. Өөрөөр хэлбэл, ойрын жилүүдэд олон улс хооронд ойлголцож, асуудлыг шийддэг шинэ эрх зүй, систем бий болох эхлэл нэгэнт тавигдаад буйг судлаачид онцлон ярьж, бичсээр.
Энэхүү шинэ дэг журамд нэг талын томоохон оролцогч, нөлөөлөгч тал нь байх ОХУ, БНХАУ гэдэг их гүрэн бол бидний мөнхийн хөрш. Нөгөөтээгүүр, Евразийн бүс нутагт дэлхийн дараагийн хүчний тэнхлэг шилжих өрнөл явагдаж буй гэж үзэх хэсэг бий. Энэ утгаар, манай улс ирэх жилүүдэд геополитикийн хамгийн анхаарал татах, халуун цэгт байх юм.
Иймд ардчилал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын зэрэгцээ хөрш орнууд болон гуравдагч хөршийн орнуудтай ижил тэнцвэртэй харилцах, олон улсын харилцааны нарийн цаг мөч бүрд оновчтой тоглолт хийх он жилүүд хүлээж байна.
Мөн нэгэнт том гүрнүүдийн ашиг сонирхлын бүс болсоор ирсэн, болсоор байсны хувьд манай парламент эх оронч, бие даасан дархлаа бүхий гишүүдээс бүрдэх учиртай юм. Гадаадын эрх ашигт үйлчилж, Монголын амин чухал асуудлыг дараа дараагийн дугаарт тавьдаг хуучин ба шинэ цагийн улстөрчид олноор бий. Тэднийг таних нь үг, үйлдлийн логик холбоосоор хялбархан.
Хоёр дахь нь, сонгодог ардчиллын зарчмаа хадгалж, хамгаалах.
Хэдийгээр МАН-ын засагласан найман жилд өмнө нь АН-ын гаргасан эдийн засгийн бодлогын алдааг засах, шинэ тутам хулгай, луйвруудтай тэмцэх, бүлэглүүдийн эрх ашгийн эсрэг анх удаа зогсох, цар тахлын хүнд үеийн цохилтыг даван туулах зэрэг сорилтууд арвин тулгарч, тэдгээрийг даван гарсан ч иргэдийн амьжиргаа дээшилсэнгүй.
Адаглаад Оюу толгойн хэлэлцээрт гарсан амжилт л энэ Засгийн газрын легаси боловч иргэд өдрөөс өдөрт итгэл найдвар нь унтрахад хүрч буй эдийн засаг, нийгмийн амьдралаа сонголт хийх бодит үндэслэл болгож байна. Энэ нь ч зөв юм.
Угтаа парламентын ардчилал сонгодог мэтгэлцээний зарчимтай. Сөрөг хүчин амин чухал. Тэгж тэнцвэржиж, нам эвслүүд нэг нэгнээ хянадаг. Харин сүүлийн найман жил МАН УИХ-ыг болон Засгийн газрыг ч бүрэн хайрцаглаж ажиллав.
Оноотой зүйл олон ч идеал талаасаа буруу нь тэр. Иймд байж болох олон намын төлөөлөл багтах нь эрүүл жишиг юм.
26-45 насны сонгогчид сонгуулийн үр дүнд хамгийн их нөлөө үзүүлнэ. Учир нь тэд тоогоор олон юм. Сошиалд "Амьдрал хэцүү байна, Монголоос явлаа" гэж бичих, явж очоод сонгуулиа өгөх хоёрын хооронд асар том зааг ялгаа байдгийг бид сүүлийн сонгуулиудаас харсан, ойлгосон. Хэрэв сошиалд байдаг шигээ улс төрийн, адаглаад сонгуулийн идэвхтэй байвал бид парламентыг шинээр бүрдүүлж чадна.
Иймд идэвхтэй байя. Зүгээр л "Монголоос явлаа" гэж сошиалд, гар утасны ардаас уухилах биш, бодит бөгөөд прагматик хандаад үзье!
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.