П.Дэлгэрнаран: 2020, 2021 оны сонгуультай харьцуулахад ирц маш сайн байна
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын ээлжит сонгуулийн явцын талаар эхний мэдээллээ өглөө.
Тэрбээр энэ жилийн сонгуульд иргэд харьцангуй идэвхтэй оролцож буй талаар онцлов.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
ШУУД: СЕХ-ноос 11.40 цагийн байдлаарх ирцийн нэгдсэн мэдээллийг танилцуулж байнаШУУД: СЕХ-ноос 11.40 цагийн байдлаарх ирцийн нэгдсэн мэдээллийг танилцуулж байна
Posted by Eguur News on Thursday, June 27, 2024
П.Дэлгэрнаран,
"Ирцийн мэдээллийг дэлгэцээр, тодорхой ангилал бүрээр үзүүлж буй. Одоогоор 400 гаруй мянган хүн саналаа өгч, ирц 20 хувь давлаа. Энэ жил харьцангуй идэвхтэй саналаа өгч байна. Суурин газрын хэсгийн хороод нэлээд ачаалалтай ажиллаж байна. Сонгогчид дугаарлаж зогссон байдалтай.
2020, 2021 онтой харьцуулахад идэвхтэй, ирцийн хувь өндөр. Энэ эрчээр явбал өнөөдөр ирц хангалттай хүрнэ. Хуулиар заасан хугацаанд сонгууль амжилттай явагдаж дуусах төлөвтэй.
Ирцийн мэдээллийг дэлгэцээр шууд үзүүлж байгаа тул тогтмол хийх мэдээллийн цагаа уртасгасан. Үүний дараа 17.00, 21.00 цагаас тус тус мэдээлэл хийнэ. 22.00 цагаас санал хураалт хаагдаж, дүнг мөн энэ дэлгэцээр шууд дамжуулах үйл ажиллагаа нэн даруй эхэлнэ.
Ирцэд цаг агаарын байдал нөлөөлдөг талтай. Одоогоор хэвийн байна. Онц хүндрэл үүссэн газар байхгүй. Өчигдөр, уржигдар Хэнтий аймгийн зарим сумдад гол үерлэж, сонгогчид боогдсон. ОБЕГ-аас баг ажиллан, уг асуудлыг шийдвэрлэсэн тул тэнд сонгууль хэвийн явагдаж байна.
Хөвсгөл аймагт дутуу бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод урьдчилж өгсөн гэх мэдээллийг хүлээн авсан. Урьд нь сурталчилгаанд ашиглаж байсан загвар хуудас юм билээ. Тэгэхээр хүчингүй. Дээд шатны сонгуулийн хороо шуурхай арга хэмжээ авсан. Бодит саналын хуудас байгаагүй гэсэн үг.
Саналын хуудас бөглөх зааврыг маш олон сувгаар өгч байгаа. Өрх бүрд “Сонгогч танаа” гэсэн нугалбарыг хүргүүлсэн. Хэсгийн хороодод ирээд мөн аман зааварчилгаа авах боломжтой байгаа.
Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо бий. Дундаж сонгогчийн тоо 2300. Хуулиар 3000 хүртэл байх ёстой. Бид энэ жил хэсгийн хороодын тоог нэмсэн. Санал өгөхөд илүү урт хугацаа зарцуулах учраас. Иймд нэг хэсгийн хороонд ноогдох сонгогчийн тоог ингэж багасгасан.
Эхний сонгогч 2-3 минутын хугацаа зарцуулж, саналаа өгнө. Урсгал үүсээд ирэхээр минут хүрэхгүй, секундээр хэмжигдэнэ.
Одоогийн байдлаар тодорхой гомдол мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллага зэрэгцээд гомдол мэдээллүүдийг хүлээн авч байгаа. Зөрчил маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг ЦЕГ дээр гарсан. Зөрчил мэдээллийг тэндээс нэгдсэн байдлаар өгөөд явахаар тохирсон.
Ер нь 11.00 цагийн үед ирц 10 гаруй хувьтай байдаг. Тэгэхээр энэ жил ирц өндөр байна гэсэн үг юм.
Хэсгийн хороод дахь хяналтын камерыг мөн шууд дамжуулж байгаа. Хүссэн хэсгийн хороодоо сонгож татаад, камерын бичлэгийг үзэх боломж бийг мэдэгдье.
Алслагдмал 390 гаруй хэсгийн хороодод Starlink төхөөрөмж байршуулж, дүнгээ дамжуулахад бэлэн болсон" гэлээ.
Г.САНСАРМАА
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Т.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.МЯГМАРБАЯР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ид насны залуучуудын оролцоо өндөр байгааг харах сайхан байна аа