МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамц түгжрэлийн сайд болно

Улиран томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний их баяр наадмаас өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна.
Үүнээс өмнө хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд АН болон ХҮН намтай зөвшилцөж, мөрийн хөтөлбөрүүдээ "20 минутын хот", Үндэсний баялгийн сан зэрэг гол концепцууд дээр нэгтгэх шаардлага үүссэн.
Харин МАН дотооддоо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг урьдчилсан байдлаар тохирч эхэлсэн. Энэ хүрээнд МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамцыг Түгжрэлийн сайдад тодорхойлоод байгаа аж.
Улаанбаатар хотын асуудал хариуцсан буюу "Түгжрэлийн сайд" гэж нэрлэж дадсан энэ албан тушаал нь тусдаа яамгүй. Цөөн хүний бүрэлдэхүүнтэй салбар нэгж юм. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар хариуцан ажилласан. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түгжрэлийн сайдаар ажиллаж байна.
Гэхдээ энэ удаа чиг үүрэг, концепцыг нь Засгийн газрын "20 минутын хот" хөтөлбөрт уялдуулж, өөрчлөх юм байна. Тус хөтөлбөрт нийцэн ажиллах тул "Улаанбаатар хотын асуудал хариуцсан" гэдэг нэршил буюу тодотгол статус өөрчлөгдөх магадлалтай юм.
Г.Лувсанжамц хот төлөвлөлтийн чиглэлээр Японд доктор хамгаалсан тодотголтой. Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын ойрын хүн гэгдсэн.
Тэрбээр Токиогийн Политехникийн их сургуульд суралцаж, архитектор мэргэжил эзэмшжээ. Дараа нь Монголд мэргэжлээрээ таван жил ажилласан байна. Энэ хугацаандаа Багануурын их сургуулиудын хотхон, Оюу Толгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төслүүд дээр ажиллажээ.
Улмаар Япон Улс руу дахин очиж, Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан байна.
Түүний судалгаануудын нэг нь Монгол Улсын гол тулгамдаж буй асуудлын нэг хот төлөвлөлт, тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаар хийгдсэн нь анхаарал татсан. Г.Лувсанжамц 2021 оноос Монголд амьдарч байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй агуулгыг доорх линкээр уншина уу.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Данх фсда манан дунд хөвж дуусахгүй нь ээ...
Iimerxuu garuud yam udirdana gej yu bxvdeeee
"Энэ хүрээнд МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамцыг Түгжрэлийн сайдад тодорхойлоод байгаа аж." энэ өгүүлбэрт тодорхой эх сурвалж хэлэхгүй юм уу? Эсвэл Тэнгисийн таамаг юм уу? Эсвэл МАН-ын эх сурвалж нэрээ нууцлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ цацаж байгаа юм уу?
Үгүй байлгүй дээ,