Трамп БНХАУ-д нэмж 50 хувийн татвар оноохоор болж худалдааны дайн даамжирлаа

БНХАУ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын оноосон гаалийн татварын эсрэг 34 хувийн тариф оноосон. Трамп даваа гарагт /2025.04.07/ мэдэгдэл хийхдээ хэрвээ БНХАУ 34 хувийн тарифаа цуцлахгүй бол гаалийн татвараа 50 хувиар нэмнэ гэсэн юм. Үүнд БНХАУ эсэргүүцсэн хариу өгч, эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдсэн.
АНУ-ын мэдэгдсэнээр Трампын тавина гэсэн 50 хувийн нэмэлт татвар болон өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 34 хувийн татвар лхагва гарагийн /2025.04.09/ 00:01 минутад (Улаанбаатарын цагаар өнөөдрийн 12:01 минут) хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Ингэснээр Трамп ажлаа хүлээн авснаас хойш БНХАУ-д ногдуулсан гаалийн татвар 104 хувь болно.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хоорондын худалдааны дайн даамжирч буйн улмаас мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт дөрөв дэх өдрөө үргэлжлэв. Тодруулбал өчигдөр S&P 500 индекс сүүлийн нэг жилд анхны удаа 5 мянган нэгжээс буурчээ. Тус индекс хоёрдугаар сарын 19-нд үзэгдсэн хамгийн сүүлийн дээд цэгээсээ 18.9 хувь орчим буураад байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.04.02/ Трампын танилцуулсан гаалийн татварын улмаас S&P 500-д бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ нийтдээ 5.8 их наяд ам.доллароор буурсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп